Дөрвөн удаагийн халдлагыг шалгаж байгаа гэв

2016 оны 1 сарын 14

Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн  учир битүүлэг үхэл олон нийтийн анхаарлыг татаж, эл хэрэгтэй холбоотой янз бүрийн таамаглал хэвлэлүүдэд цацагдах болсон. Тэгвэл уг хэрэгтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэл хийлээ. Талийгаачийн биед халдсан гэх дөрвөн удаагийн халдлагыг шалгаж байгаа юм байна.  Олон нийтийн дунд талийгаачийг  уул уурхайн компаниудтай маргалдсаны улмаас амиа алдсан байж болзошгүй гэсэн сэжиглэл, таамаглал бий. Тиймээс цагдаа нар энэхүү сэжиглэл, таамаглалын дагуу уул уурхайн компаниудаас мэдүүлэг аваад эхэлсэн тухай ЦЕГ-аас сэтгүүлчдэд мэдээлэв. Түүнийг өөрийг хутгалсан байж болзошгүй гэсэн яриа гарсан. Тэгвэл цагдаа нар  хэргийг мөрдөх явцад голон сэжиг, таамаг дэвшүүлдэг.  Тэр олон сэжиг таамгийн нэг гэдгийг тодотгоод барьцаалагдсан асуудлаар талийгаач өөрөө цагдаа нарт хандаж байгаагүй гэв. Харин ажлаасаа чөлөө хүссэн өргөдөлдөө энэ талаар бичсэнийг “Ирвэс хамгаалах сан”-гийнхан цагдаад мэдээлжээ. Тосон бумбын нуруу нь ирвэс ихтэй учраас тэнд нэг ширхэг ч лицензийг олгоогүй гэдгийг цагдаа нар мэдээллээ.

Шинжээчдийн дүгнэлтээр Т.Лхагвасүмбэрэл агсныг усанд живж амиа алдсанаас гадна хөнгөн зэргийн согтолттой байсан гэсэн дүгнэлт гарсан байна. Түүнчлэн Т.Лхагвасүмбэрэл агсаны машинаас хагас шил архи, ундаа зэрэг зүйлс олдсон байна.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна