В.Путины хүргэн Оросын шинэ тэрбумтан болов

2016 оны 1 сарын 14

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины хүргэн гэгдээд буй 33 настай Кирилл Шамалов Оросын ам.долларын тэрбумтнуудын тоог нэгээр нэмсэн тухай Форбес сэтгүүл мэдээлсэн байна.

В.Путины охин Катерина Тихоновагийн нөхөр Кирилл Шамалов нь өнгөрсөн арванхоёрдугаар сард байгалийн хий, нефтхимийн “Сибур” компанийн хувьцааг Хятадын Синопек компанид зарж, 1.2 тэрбум ам.долларын ашиг олсон гэж Форбест бичжээ. Кирилл Шамалов Сибур компанийн хувьцааны 21 хувийг эзэмшдэг байсан гэнэ. В.Путины хүргэн Форбес сэтгүүл түүнийг Оросын шинэ тэрбумтнаар нэрлэсэнд ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.

Кирилл Шамалов нь “Банк Россия”-гийн хувьцаа эзэмшигчдийн нэг, В.Путины эртний найз Николай Шамаловын бага хүү юм байна. Америкчууд “Банк Россия”-г Оросын элитүүдийн хувийн банк гэж тодорхойлдог юм.

Ройтерс агентлаг өнгөрсөн жил Тихоноваг В.Путины охин гэдгийг олж тогтоосон бөгөөд Францад олон саяын үнэтэй харштай Тихонова, Шамалов нарыг ойролцоогоор хоёр тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж мэдээлж байв.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна