БНФУ-ын Батлан хамгаалах яамны төлөөллийг хүлээн авч уулзав

2016 оны 1 сарын 14

Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр БНФУ-ын Батлан хамгаалах яамны төлөөллийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын Их гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Бүгд Найрамдах Франц Улсын Батлан хамгаалах яамны Зэвсэглэлийн ерөнхий газрын Ази, Номхон далайн дэд захирал, хошууч генерал Ж.Күскэр тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2016.01.14/ хүлээн авч уулзав.

Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар 2 дахь удаагийн ажлын айлчлал хийгдэж байна гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр Монгол Улс төвийг сахих, энхийг сахих, дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх бодлого барьж байгааг дурдаад, Улсын Их Хурлаар “Төрийн цэргийн бодлогын үндэс”-ийг хэлэлцэн баталсан. Энэ бодлого нь өргөн хүрээг хамарсан гэдгийг дуулгав. Түүнчлэн зэвсэгт хүчний салбарын ирэх 10 жилийн бодлогын баримт бичгийг боловсруулж байгааг хэлээд энэ салбарт Франц Улсын туршлагыг судлаж, нэвтрүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлсэн юм.

Ноён Ж.Күскэр Улсын Их Хурлын Их гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаярыг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархаад, Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа Батлан хамгаалахын форумд оролцохоор ирсэн тухайгаа дуулгав. Тэрээр, форум 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаа Засгийн газар хооронд хийгдэх гэрээ хэлэлцээр болон балтан хамгаалах, онцгой байдал зэрэг тусгай байгууллагуудтай бичлэн уулзаж тэдний хэрэгцээ шаардлагыг судалж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэх чиглэлтэй гэдгийг танилцуулсан.

Мөн хоёр тал батлан хамгаалахын салбарын тоног төхөөрөмжийн талаар болон бусад асуудлаар харилцан санал солилцов. Уулзалтад Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Э.Барсак болон албаны бусад хүмүүс байлцлаа.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна