Монголын анхны вэб сайтыг бүтээгч

2016 оны 1 сарын 14

Монгол Улсад Интернэт үүсч хөгжсөний 20 жилийн ой болж байгаатай холбогдуулан Монголын анхны вэб сайтыг бүтээсэн С.Бадрал гуайтай уулзаж ярилцлаа.

-Та Монголын анхны вэбсайтыг хэзээ, хэрхэн бүтээсэн тухайгаа ярьж өгөхгүй юу?

-Юуны өмнө Монголд Интернэт үүсч хөгжсөний 20 жилийн ойг тохиолдуулан, энэ ажлыг санаачлан гүйцэтгэсэн Датаком компаний Д. Энхбат, хамт олонд баярын мэнд хүргэж байгааг дамжуулж өгнө үү.

Монгол Улсад Интернэтийн үйлчилгээ оруулж ирэх гэж олон жил уйгагүй ажилласан, бидний «Датакомын» гэж нэрлэдэг Д. Энхбат зүйрлэшгүй гавьяа байгуулсныг онцгойлон тэмдэглэх нь зүйтэй. Угтаа бол энэ нь Монголд технологийн, мэдээллийн хувьсгал хийсэн явдал юм.

Миний хувьд интернэтэд монгол контентийг анх бий болгосноороо бага боловч хувь нэмэр оруулсан гэж бодож явдаг.

Би 1993 онд АНУ-ын Хавайн Их сургуульд суралцахаар очсон. Тэр бол Америкт Интернэт дөнгөж хөгжиж эхэлж байсан, оюутнууд гэрийн даалгавраа компьютер ашиглан хийж эхлээд байсан үе.

Анх интернэт бүү хэл, компьютер ч мэдэхгүй амьтан очиж байлаа. Тэгээд цаг үеийн шаардлагаар эхний жилдээ сургууль дээрээ болон намайг ивээн тэтгэж байсан Америкийн алдартай Дорно-Өрнийн Төв дээр компьютер ашиглаж суран, интернэтийн ашиг тусыг хүртэж эхэлсэн юм.

Тэгж интернэтээр явж байхад Монголын тухай мэдээлэл цахим ертөнцөд огт байхгүй болохыг олж мэдсэн. Монголд Интернэт үйлчилгээ ороогүй, Америкт дөнгөж эхэлж байсан болохоор арга ч үгүй.

Тэгээд Интернэтэд Монголын тухай мэдээлэл оруулж байхаар шийдэж, эхлээд хувийн компьютер, дараа нь принтер, скайннер худалдаж авлаа. Бас тэр үед нийтэд анх удаа хүртээмжтэй болсон вэбийн программчлалын сурах бичиг худалдан авч, үндсэндээ 1994 оны зун, намрын турш вэб хийх бэлтгэл ажилд шамдан орсон.

Вэбсайтын дизайн, бүтцийн тухай анхны хувилбарыг гаргатал надад байсан материалууд хангалттгүй байсан учир Монгол руу нэмэлт мэдээлэл, материал захиж авчруулсан. Нэлээд материал монгол хэлээр байсныг бас англи руу орчуулах хэрэгтэй байлаа. Ингээд 1994 оны намар 11 дүгээр сар гэхэд миний анхны вэбсайт бэлэн болж, интернэтэд тавигдсан юм.

-Та вэбсайтаа интернэтэд яаж тавив?

-Манай Хавайн Их сургууль дөнгөж вэб хостинг хийж эхлээд байсан боловч хүчин чадал бага байсан учир магистр, докторын нэг оюутанд ганцхан хуудас вэбсайт үнэгүй байрлуулах эрх өгч байлаа. Илүү том зай авъя гэвэл мөнгө төлөх байсан. Надад тийм мөнгө байсан биш.

Ингээд хайж байгаад АНУ-ын Индиана Их сургуулийн дэргэдэх Монголын Нийгэмлэгт хандсан. Индиана Их сургууль манай Хавайн Их сургуулийг бодвол хамаагүй том, вэб хостинг сайтай байсан. Бас Монголын Нийгэмлэг гэж Монголыг сонирхож судалдаг эрдэмтэн, судлаачдын байгууллага миний вэбсайтыг сонирхоно гэж бодсон юм. Ингээд Монголын Нийгэмлэгийн вэбийг ажиллуулдаг залуутай холбогдож, тэнд өөрийн вэбийг үнэ төлбөргүй байрлуулахаар болсон маань азтай хэрэг байлаа. Бас эх газрын Америкт байрласан вэбсайт руу хандалт сайтай байсан юм.

-Таны вэбсайт хэр зэрэг амжилт олов?

-Түрүүн хэлсэн, Монголын тухай вэб огт байхгүй байсан гэж. Тийм болохоор миний вэбсайт сонирхогчдынхоо дунд бол нэр хүндтэй болсон. Тэр үед дэлхийн вэбсайтуудыг дизайн, агуулгаар нь жил бүр байнга шалгаруулдаг байлаа. Миний вэбсайт 1995 оноос нэлээд хэдэн жилийн турш дэлхийн вэбсайтуудын шилдэг 5% дотор орж, вэбсайт дээрээ «Бүх сайтын шилдэг 5%» гэсэн лого тавих эрхтэй болж байсан юм. Тэгэхээр тэр үеийн шалгуураар бол гайгүй байсан байгаа биз.

Бас миний вэбсайтын 20 гаруй хууль англиар оруулсан «Монголын хуулиудын номын сан» гэдэг нэг бүлэг дэлхийн хамгийн том номын сан гэгддэг АНУ-ын Конгрессын номын сангийн албан ёсны эх сурвалжийн бүртгэлд орсон байдаг. Бас дэлхийн томоохон хуулийн сургуулиудын эх сурвалжийн тоонд орсон.

Хамгийн гол нь тэр үед гадаадад, ялангуяа барууны орнуудад суралцахаар очсон оюутнууд миний вэбсайтыг ихээхэн ашигласан байдаг. Энэ бол маш чухал амжилт гэж бодож байна.

Одоо бид 20 жилийн ойг нь тэмдэглэж байгаа Монголын Интернэтийн үйлчилгээний нээлтийг хийхэд миний вэбсайтыг үзүүлж, дэлхийн хэмжээний монгол контент байгаа гэдгийг харуулсан нь олзуурхууштай болсон.

-Таны вэбсайт одоо байгаа юу?

-Одоо байхгүй болсон. Би үндсэн ажилдаа түүртээд агуулгыг нь шинэчлэхээ больсон учир 2000-аад оны эхээр вэбээс хасагдаж, одоо архивт л орсон байх. Одоогийн манай залуучууд маш сайн вэб хийдэг болсон учир би ч хоцрогдсон доо.

-Та Монгол дахь одоогийн интернэтийг хэрхэн харж байгаа тухайгаа эцэст нь хэлнэ үү?

-Хорин жилийн дараа интернэтийн хэрэглээ монголчуудын хувьд төрөлхийн мэт энгийн бөгөөд хагацашгүй хэрэгцээ, мэдээллийн асар том эх сурвалж, харилцаа холбооны голлох нэг хэрэгсэл болсон нь гайхамшигтай.

Том нутаг дэвсгэр дээр тархай бутархай суурьшиж буй монголчууд интернэтийн ачаар бие биедээ улам ойртож, дэлхийн мэдлэгээс саадгүй хүртэх боломжтой болсон.

Одоо манай залуучууд интернэтийн хэрэглэгч төдийгүй интернэтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэгч болж байна. Бид дижитал ертөнцөд дэлхийн олон орны дотор гайгүй байр суурь эзлэх болж байгаа нь сайшаалтай.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна