Төрийн шагналын тухай хуулийн төслийг өргөн барилаа

2016 оны 1 сарын 14

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулсан Төрийн шагналын тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 13 дахь хэсэгт "улсын цол, одон, медаль, цэргийн дээд цолыг бий болгох..." асуудал нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах асуудал  хэдий ч өнөөг хүртэл энэ асуудлыг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 148 дугаар зарлигаар батлагдсан "БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм" болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар батлагдсан “Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам”-аар зохицуулж ирсэн байна.

Монгол Улсын ЕрөнхийлөгчМонгол Улсын Үндсэн хуулийн тулгуур зарчимд нийцүүлэн, шагналын талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлогыг түүхэн уламжлалд суурилан, Үндсэн хуулийн үзэл баримтлал, орчин цагийн шаардлагад нийцүүлэн тодорхой болгох үндсэн зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Хуулийн төсөл нь төрийн шагналын эрэмбийг тогтоож, түүнийг олгох цаг хугацаа, тоо хэмжээ, шалгуур үзүүлэлтийг тодорхой болгох, шагнах журмыг ил тод, ардчилсан зарчимд нийцүүлэхэд чиглэсэн 7 бүлэг 40 зүйлтэй бөгөөд шагналын тогтолцоог эдийн засгийн агуулгаас нь салгаж, хүндэтгэн алдаршуулах шинж чанарыг нь илүү тодруулахыг зорьсон байна.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна