233 үйлчилгээг нэг дороос авах боломжтой

2016 оны 1 сарын 14

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл, чирэгдлийг багасгах зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулж, өнөөдөр албан ёсны нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар, дүүрэг, харъяа байгууллагын удирдлагууд, тус төвөөр үйлчлүүлж буй иргэд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Төрийн үйлчилгээг нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх нь Засгийн газрын гол зорилт. Энэ зорилтын хүрээнд төр, иргэн, аж ахуйн нэгжээ ойртуулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох “11 11” төвийг байгуулсан. Төрийн 25 үйлчилгээг цахимаар хүргэх 108 ширхэг  ТҮЦ машиныг суурилуулсан. Эдгээр ажлын үргэлжлэл болж “Нийслэлийн үйлчилгээний төв” өнөөдөр нээлтээ хийж байна” гэж онцлоод хурдан, тэгш, нээлттэй зарчмыг мөрдөж ажиллахыг хүслээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” байгуулагдсанаар иргэдэд үйлчилж буй албан хаагчдын хариуцлага нэмэгдэж, хуулийн дагуу хүнд сурталчилгүйгээр үйлчилгээ авах бүрэн боломжтой боллоо гэдгийг тодотгон хэлж байсан юм. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Дөнгөж сая нэг иргэн шаардлагатай бүх бичиг баримтаа бүрдүүлээд нэг цонхон дээрээс үйлчилгээ авч, найман нэрийн барааны дэлгүүрийн зөвшөөрлийн гэрчилгээг албан тушлаатны гарын үсэгтэй нь баталгаажуулаад авсандаа бүр цочирдсон байна. Ингээд л миний зөвшөөрөл болчихсон юмуу гэж бүр дахин лавлаж асууж байна гэнэ. Яг л ийм үйлчилгээг бид үзүүлэх гэж 25 жилийн өмнө Ардчилсан хувьсгал хийж байсан. Иргэд шаардлагатай бичиг баримтаа л аваад ирвэл аль ч даргын өрөөний үүдийг сахихгүйгээр хуулийн хугацаанд өөрт шаардлагатай үйлчилгээгээ авдаг боллоо. Энэ бол Монголын ардчиллын шинэ үе” хэмээн хэллээ.

Тус төвийн албан ёсны нээлтийн ажиллагааны үеэр шинээр мэндэлсэн нийслэлийн бяцхан иргэнд төрсний гэрчилгээ, 16 нас хүрч буй иргэнд иргэний үнэмлэх гардуулж, залуу хосуудын гэрлэлтийг баталгаажуулах ёслолыг Ёслол хүндэтгэлийн танхимд хийлээ. Энгийн өдрүүдэд ч эдгээр ёслол, бүртгэлийн ажиллагааг тогтмол хийх юм. Иргэд үйлчилгээ авахдаа улаан, шар, ногоон гэсэн гурван өнгийн маягтаас  үйлчилгээний төрлөөс хамааран сонгож, бөглөнө. Улаан өнгө-тодорхой хугацаанд буюу хоногийг тодорхой бичнэ, Шар өнгө- 12 цагт багтаан иргэний асуудлыг шийдвэрлэнэ, Ногоон өнгө- шууд шийдвэрлэнэ.

“Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг нийслэлийн гурван цэгт байгуулахаар төлөвлөсөн. Эхний ээлжинд Дүнжингарав худалдааны төвд байгуулсан бол Содон хороолол, Мишээл экспо төв дээр дараагийн төвүүдийг байгуулахаар ажиллаж байна. Дүнжингарав худалдааны төв дэх нийслэлийн “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” нь нэг удаадаа 180, өдөрт 2880-6480 үйлчлүүлэгч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай бөгөөд өөртөө үйлчлэх танхимтай, хүүхэдтэйгээ ирсэн иргэн үйлчилгээ авах хугацаанд хүүхдээ саатуулах хүүхэд саатуулах өрөө, нотариат, кафе зэргийг байгуулсан байна.
Цагийн хуваарь ажлын өдрүүдэд 08:00-20:00, бямба гарагт 10:00-16:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ. Лавлах утас: 7575-1200.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна