Ц.Сүхбаатар: Монголын гурван хүн тутмын нэг нь БНХАУ-д зорчсон

2016 оны 1 сарын 15

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар англи хэл дээр хэвлэгддэг “Монголиан Обзорвер” /The Mongolian Observer/ сэтгүүлийн энэ оны эхний дугаарт өгсөн ярилцлагыг хүргэж байна.
 
 
Улс төрийн талаар
 
МО: Элчин сайд Та манай сэтгүүлийн шинэ оны анхны дугаарт оролцож, Монгол Улс, хөрш БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцах гэж байгаадаа баяртай байна. Өнгөрөгч 2015 он манай хоёр улсын харилцаанд ямар жил болж өнгөрсөн талаар ярилцлагаа эхлүүлэхийг хүсч байна.
 
Ц.Сүхбаатар: Энэ завшааныг ашиглан Танай сэтгүүлийн хамт олонд болон эрхэм уншигчдад шинэ оны мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсье. Шинэ оны босгон дээр танай сэтгүүлийн тусгай буланд уригдан Монгол, Хятадын харилцааны талаар ярилцах боломж гарсанд баяртай байна.
 
Юуны өмнө ярилцлагаа Монгол, Хятадын улс төрийн харилцаанаас эхлүүлье гэж бодож байна. БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа урт хугацаанд, тогтвортой, харилцан ашигтай хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдаг. Хятадын хувьд ч мөн ийм зарчим баримталдаг. БНХАУ бол 14 улстай хуурай газраар шууд хил залган оршдог, дэлхийн хоёрдагч том эдийн засаг. Үүний дотор манай улстай 4700 гаруй км газар нутгаар хиллэдэг. Хоёр улс сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн зарчмаар харилцаагаа хөгжүүлдэг. Улс төрийн хувьд ямар нэгэн шийдэгдээгүй асуудал байдаггүй. Хятадын талаас Монгол Улстай харилцах харилцааны талаар БНХАУ-ын дарга Си Зиньпин Монголд айлчлах үеэрээ “...Хятадын тал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэнэ...” хэмээн манай олон нийтэд хандан байр сууриа нээлттэй илэрхийлсэн. Энэ бол улс төрийн харилцааны суурь зарчмын нэг нь болдог.
 
Өнгөрсөн 2015 оны хувьд хоёр улсын харилцаанд олон чухал үйл явдал тохиосон, хамтын ажиллагаанд бодит ахиц гарсан жил болж өнгөрлөө. Манай ЭСЯ-ны хувьд хамтын ажиллагаанаас нийгэм, ард иргэдэд бодит үр ашиг хүртээхийг эн тэргүүний зорилтоо болгон ажиллаж ирлээ.
 
Ялангуяа өндөр дээд түвшний харилцан айлчлал, уулзалтын давтамж хадгалагдлаа. Тухайлбал, хоёр улсын Ерөнхийлөгч нар хоёр талын шугамаар хэрэгжсэн айлчлал, арга хэмжээ болон олон улсын бусад арга хэмжээг оролцуулан 2015 онд дөрвөн удаа, 2014 онд таван удаа уулзсан. Ийнхүү өндөр дээд түвшинд уулзах нь хамтын ажиллагааг урагшлуулахад улс төрийн үндэс суурийг тавьж өгөхийн зэрэгцээ хамтын ажиллагааны таатай нөхцөлийг бүрдүүлэх чухал онцлогтой. Тиймээс улс төрийн хэлхээ холбоо идэвхтэй явагдаж, олон томоохон асуудлаар зарчмын тохиролцоонд хүрсэн. 
 
Олон улсын арга хэмжээнд оролцох үеэрээ гадаадын төр засгийн тэргүүн нар хоёр талын уулзалт хийдэг практик түгээмэл байдаг. Энэ жишгийн дагуу 2015 оны есдүгээр сард Хятадын Далянь хотод Дэлхийн Эдийн засгийн чуулга уулзалтаас зохион байгуулсан “Зуны Давос” чуулга уулзалтад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай хоёр талын уулзалт хийж эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, чухал тохиролцоонд хүрсэн. Мөн оны аравдугаар сард Бээжин хотноо болсон Азийн улс төрийн намуудын олон улсын бага хуралд УИХ-ын дарга З.Энхболд оролцох үеэрээ Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ Байнгын Хорооны дарга Жан Дөзянтай уулзаж, хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон. Эдгээр өндөр түвшний уулзалт, арга хэмжээ бол хоёр улсын хооронд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх,урагшлуулахад чухал нөхцөл бүрдүүлж өгдөгөөс гадна гадаадын хөрөнгө оруулалт татах, бизнесийн боломжуудыг бий болгох ач холбогдолтой байдаг.
 
Өнгөрсөн оны хамгийн онцлог арга хэмжээ бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн арваннэгдүгээр сард БНХАУ-д хийсэн төрийн айлчлал байлаа. Энэ бол улс төрийн чухал агуулгатай айлчлал болсныг дараах гурван үзүүлэлтээр тодорхойлж хэлье. Нэгдүгээрт, энэ бол 2014 онд БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал төдийгүй Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн айлчлал болсон. Хоёрдугаарт, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойшхи анхны төрийн тэргүүний айлчлал болсон. Гуравдугаарт, эдийн засгийн төслүүдийг урагшлуулахад чиглэсэн улс төрийн зарчмын тохиролцоонд хүрч чадсан айлчлал болсон. Товчоор дүгнэн хэлвэл энэхүү айлчлал нь манай нийгэм, эдийн засгийн хөгжилд нэмэр болохуйц тодорхой төслүүдийг харилцан ашигтай байх зарчмын дагуу явуулах эдийн засгийн чухал агуулгатай айлчлал болсон гэж үзэж байна.
 
МО: Иж бүрэн стратегийн түншийн харилцаа гэдэг маань байгаль экологи, боловсрол, соёл, хүмүүнлэг, эрүүл мэнд, спортын салбарын хамтын ажиллагаа гэсэн өргөн цар хүрээтэй асуудлыг мөн хамарч байгаа гэж ойлгож байна. Ялангуяа хүмүүнлэг, боловсролын салбарын хамтын ажиллагааны цаашдын зорилтын талаар ярьж өгнө үү?
 
Ц.Сүхбаатар: Таны дээр дурдсан эдгээр салбарын хамтын ажиллагаа, солилцоог хөгжүүлэх нь Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны салшгүй бүрэлдэхүүн хэсэг байдаг. 2014 онд хоёр улсын төрийн тэргүүн нарын гарын үсэг зурсан “Хамтарсан тунхаглал“, мөн өнгөрсөн арваннэгдүгээр сарын Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн төрийн айлчлалын дүнгээр зарласан “Хамтарсан Мэдэгдэл”-д эдгээр салбарын хамтын ажиллагааны чиглэлийг шинэ агуулгаар баяжуулж,тодорхой тусгасан байгаа. Энэ бол дээрх салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх ойрын үеийн зорилтууд гэж ойлгож болно. Дашрамд дуулгахад эдгээр баримт бичиг олон нийтэд нээлттэй тул уншигчид сонирхсон мэдээллээ авах бүрэн боломжтой.
 
Бид улс төр, эдийн засгийн үндсэн харилцааг хөгжүүлэхийн зэрэгцээ ард иргэдэд шууд чиглэсэн эдгээр салбарт ололт, амжилт арвин байна. Улс орны харилцаа ард түмэн, иргэдийн харилцаан дээр тогтдог. Сүүлийн жилүүдэд хүүхэд, залуучууд, сэтгүүлчдийн солилцоог тогтмол явуулж байна. Эдгээр солилцооны үндсэн зорилго бол дэлхийн эдийн засагт жин нөлөө нь тэлж буй хөрш Хятадын хөгжил, шинжлэх ухаан, техник, технологийн дэвшил, амжилтаас улс орны хөгжлийн түүчээ залуу, хойч үедээ шинэ зүйлсийг мэдүүлэх тэр дундаа манай хөгжил, нийгэмд хэрэгцээтэй зүйлсийг судалж мэдэх, мэдлэг болгох боломжийг олгох явдал.
 
Тийм учраас бидний хэрэгжүүлж буй дипломат бодлого, үйл ажиллагаа мөн хамтын ажиллагаа бол нийгэм, ард түмний сайн сайхны төлөө зориулагдаж байдгийг хэлэхийг хүсч байна.
 
Соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа идэвхтэй явагдаж байна. Нэг жишээ дурдахад жилд давхардсан тоогоор манай нэг сая гаруй иргэн буюу гурван хүн тутмын нэг нь Хятадад зорчсон тоон үзүүлэлт байдаг. Энэ бол иргэд хоорондын солилцоо ямар түвшинд явагдаж байгаагийн тодорхой жишээ гэж бодож байна. Хоёр улсын холбогдох яамд “Хүмүүнлэгийн солилцооны механизм” байгуулах асуудлаар яриа хэлэлцээ явуулж байгаа.
2015 онд Хятадын Боловсролын яамнаас гаргасан судалгаагаар 2014 оны эцсийн байдлаар манай улсаас нийт 7920 оюутан Хятадад суралцаж байна. Энэ бол манай хүн амын тоотой харьцуулахад өндөр хувь хэмжээ. Жил бүр Хятадаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам манай БСШУЯ-тай хамтран Хятадын Төв засгийн газар, ӨМӨЗО-ны засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн шалгалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Харин2015 оноос эхлэн Си Зиньпин даргын амласан мастер, докторын тусгай тэтгэлт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хөтөлбөр нь байгалийн ухааны буюу нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилготой юм. Өнөөгийн байдлаас харахад манайд нарийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа. Тийм учраас энэ асуудлыг шийдэхэд зохих хувь нэмэр болох болов уу. 
 
ЭСЯ-ны зүгээс Хятадад суралцаж буй оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон, оюунлаг, бүтээлч өнгөрүүлэх үүднээс Хятад хэлний олимпиад, эссэ бичлэгийн уралдаан, спортын тэмцээн, ажлын байрны үзэсгэлэн зэрэг арга хэмжээг БНХАУ дахь Монгол Оюутны холбоотой хамтран зохион байгуулдаг. Манай оюутнууд ч идэвхтэй оролцдог.
 
Батлан хамгаалах салбарын харилцааны талаар
 
МО: Монгол-Хятадын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны гол онцлогийн талаар уншигчдад товч мэдээлэл өгнө үү?
 
Ц.Сүхбаатар: Монгол, Хятадын батлан хамгаалах салбарын харилцаа нь хоёр талын улс төрийн харилцааны чухал хэсэг гэж талууд үздэг. Энэ харилцаа маань хоёр талын ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, итгэлцлийг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсаар ирсэн. Хоёр талын харилцаа нь дараах чиглэлээр хөгжиж байна. Үүнд: 
 
-Цэргийн өндөр дээд хэмжээний албан тушаалтнуудын харилцан айлчлал тогтмолжсон. Энэ онд гэхэд л, БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн гишүүн, Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Чан Ванцуань Монгол Улсад амжилттай айлчиллаа. Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал Д.Даваа ирж оролцлоо.
 
-БХЯ-дын хооронд хийдэг Аюулгүй байдлын асуудлаарх зөвлөлдөх уулзалт нь найман удаа зохион байгуулагдсан бөгөөд ирэх жил Улаанбаатар хотод ес дэх уулзалтаа хийхээр ажиллаж байгаа. 
 
-Монголын цэргийн алба хаагчид ХАЧА-ийн их, дээд сургуульд суралцаж орчин үеийн цэргийн онол, туршлагаар мэдлэг боловсролоо дээшлүүлж байна. Си Зиньпин дарга 2014 онд Монголд айлчлах үеэр ирэх таван жилийн хугацаанд жил бүр 100 цэргийн алба хаагчийг Хятадад сургахаар мэдэгдсэн. Урьд нь жил бүр 30 орчим офицер, ахлагч суралцдаг байсан бол энэ жилээс 100 гаруй хүн болж нэмэгдээд байгаа юм.
 
МО: БНХАУ-ын БХЯ-наас Монголын Зэвсэгт хүчинд үзүүлдэг буцалтгүй тусламжийн талаар мэдээлэл өгнө үү?
 
Ц.Сүхбаатар: БНХАУ-ын БХЯ нь анх 1994 онд манай зэвсэгт хүчинд найман сая юанийн буцалтгүй тусламжаар шатахуун, бөс даавуу, эмнэлгийн тоног төхөөрөмж, теле студийн тоног төхөөрөмж нийлүүлсэн түүхтэй байдаг. Түүнээс хойш 2013 оныг дуустал нийтдээ 102 сая 258 мянган юанийн буюу 15,3 тэрбум төгрөгийн тусламж үзүүлсэн. Эдгээр тусламжийн хүрээнд барилгын материал, барилгын инженерийн 18 нэгж техник, хүн тээврийн 30 нэгж автобус, зам тавих зориулалтын 22 нэгж инженерийн техник зэрэг эд зүйлийг хүлээн авчээ. Тусламжийн хөрөнгөөр энхийн сахиулагчдын төв, цэргийн алба хаагчдын орон сууц зэргийг барьж ашиглалтад оруулсан нь манай офицер, ахлагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон хувь нэмэр болсон. Хятадын Батлан хамгаалахын сайдын 2015 онд Монголд хийсэн айлчлалын үеэр 40 сая юанийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн байгаа.
 
МО: Хоёр талын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны цаашдын гол чиглэл юу байх бол? 
 
Ц.Сүхбаатар: Бид энхийг сахиулах болон терроризмийн эсрэг тэмцэх чиглэлээр цаашид түлхүү хамтран ажиллахыг зорьж байгаа. Манай улсад энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр жил бүр явуулдаг “Хааны эрэлд” олон улсын цэргийн хамтарсан сургуульд Хятадын тал оролцоогоо нэмэгдүүлж, энэ жил анх удаа цэргийн алба хаагчдаа оролцуулсан. Цаашид байнга оролцоно гэдэгт итгэлтэй байна. 
 
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар
 
МО: Монгол, Хятад хоёр улсын өндөр, дээд түвшний харилцан айлчлал, уулзалтын давтамж жилээс жилд идэвхжиж байна. Эдгээр харилцан айлчлал, уулзалт нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа ялангуяа Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Энэ хүрээнд ямар бодитой ахиц дэвшил гарч байна вэ?
 
Ц.Сүхбаатар: Монгол, Хятад хоёр улсын өндөр, дээд түвшний харилцан айлчлал, уулзалтын давтамж жилээс жилд идэвхжиж байна. Эдгээр харилцан айлчлал, уулзалт нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, шинэ агуулгаар баяжуулахад чухал түлхэц болж байдаг. Тухайлбал, сүүлийн жилүүдэд манай хоёр улсын Төрийн тэргүүн нар нэг жилд гурваас дээш удаа уулзсан. Энэ нь хоёр талын харилцаа идэвхитэй өрнөж буйн хамгийн наад захын илэрхийлэл гэж үзэж байна.
 
Худалдаа, эдийн засгийн салбар нь Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд худалдааг хөнгөвчлөх, бүтцийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр нягт хамтран ажиллаж хоёр талын худалдааны хэмжээг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилттой байгаа. Энэ зорилтод хүрэх, цаашлаад илүү өндөр түвшинд хүргэхэд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны ЗГХК-ын хурал, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл зэрэг механизмыг сайтар ашиглах, үйл ажиллагааг нь тогтвортой, боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж байна.
 
Дэлхий нийтэд гадаад харилцаагаар улбаалж худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх, тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх чиг хандлага давамгайлж байгаа өнөөгийн нөхцөлд Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа ч мөн адил энэ жишгээр өргөжин хөгжиж байна. Тухайлбал, БНХАУ-аас олгох хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 2003 онд 300 сая, 2010 онд 500 сая, 2014 онд нэг тэрбум ам.доллар гэх мэтээр жил ирэх тусам өсч, зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн цар хүрээ улам өргөжиж, Монгол Улсын хөгжил, ард түмний амьдралд хамгийн түрүүнд үр нөлөөгөө үзүүлэх хөдөө аж ахуй, зам тээвэр, сургууль, эрчим хүч зэрэг салбарт ашиглаглахыг хоёр талаасаа зорьж байна. 
 
Энд хэлэхгүй өнгөрч болохгүй нэг асуудал, хүндрэл бол манайх Засгийн газар, эсвэл хариуцсан сайд нар солигдох бүрт буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдээ олон дахин өөрчилж, цаг хугацаа алддагаас юань, долларын ханшийн зөрөөнөөс алдагдал хүлээх, дээр нь тээвэр, барилгын материал, ажиллах хүчний зардлын өсөлт зэргээс төслийн өртөг зардал өсч эдийн засгийн үр ашиг буурах, цаашлаад зээл олгогч талаа манайтай хамтран ажиллахад төвөг учруулах, өөрсдөө эвгүй байдалд орох явдал байсаар байна. Жишээ нь, БНХАУ-аас 2003 онд манайд олгосон 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг солих, нэгэнт тохиролцсон зүйлээсээ ухрах, буцах зэрэг шалтгаанаар найман жилийн хугацаа алдаж 2011 оноос ашиглаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд ханшийн зөрүүгээс 600 сая юанийн бараа, үйлчилгээ авах боломжоо алдсан. 
 
МО: Монгол Улсын “Талын зам” болон Хятадын “Бүс болон Зам” хөгжлийн стратегийг уялдуулах нь хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бий болгоно гэж Монгол-Хятад улс хоёр үзэж байгаа. Эдгээр санаачилгыг бүх талаар уялдуулахыг түргэтгэж, хоёр улсын засгийн газар хооронд хөгжлийн стратегиа уялдуулах асуудал яригдаж эхэлсэн үү, ямар шатанд явж байгаа бол?
 
Ц.Сүхбаатар: БНХАУ-ын “Бүс болон зам” хөгжлийн стратеги нь Хятад улсын хөрш орнуудтайгаа хэрэгжүүлж буй гадаад бодлого, эдийн засгийн хөгжлийн стратеги юм. Энэ нь Хятад улс болон хөрш орнууд төдийгүй энэ бүс нутгийн, олон талт хамтын ажиллагааны хөгжлийн стратеги гэж хэлж болно. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятад, Орос гурван талт хамтын ажиллагаа идэвхжиж байна. Энэ хүрээнд Монголын “Талын зам”, Хятадын “Бүс болон зам”, Оросын “Транс Евразийн коридор” төслүүдийг уялдуулан хөгжүүлэхээр гурван тал ажиллаж байна. Гурван талт хамтын ажиллагааны хүрээнд гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулахаар талууд баримт бичгийн төслөө солилцоод байна. Баримт бичгийн төслөө тохиролцоод байгуулах чиглэлээр ажиллана. “Эдийн засгийн коридор” нь дээрх гурван хөгжлийн стратегийг уялдуулах гол нөхцөл болно гэж үзэж байна. 
 
Монголын “Талын зам” төслийн хувьд жинхэнэ утгаараа “төсөл” гэгдэх шаардлага хангасан, тодорхой судалгаа, тооцоотой материалыг холбогдох байгууллагууд нарийн сайн бэлтгэх шаардлагатай гэж үзэж байна. Энэхүү төсөл нь дан ганц зам харилцаагаар хязгаарлагдахгүй газрын тос, эрчим хүч, байгалийн хий, мэдээлэл сүлжээ зэрэг олон салбарыг хамарсан өргөн хүрээний хамтын ажиллагаа гэж ойлгож байна. Гадны улс орны хөгжлийн стратегитай уялдуулж, эдийн засгийн ашиг хүртэхийн тулд нарийн судалгаа, тооцоо хийгдсэн байх шаардлагатай гэж харж байна. 
 
МО: БНХАУ манай улсад ийм зээл, тийм тусламж үзүүллээ гэж их ярьдаг, гэвч аль зээлийг яаж ашиглаад ямар үр дүнд хүрсэн тухай мэдээ нэг их гараад байдаггүй. Сүүлд Си Зиньпин даргын Монгол Улсад айлчлахдаа амласан буцалтгүй тусламж, 1,0 тэрбум долларын зээлээр хэрэгжих төслүүд ямар шатандаа явна?
 
Ц.Сүхбаатар: Сонирхуулж хэлэхэд улсын хэмжээнд 2014-2015 оны хичээлийн жилийн байдлаар 22 сургууль гурван ээлжээр хичээллэж байгаагаас 21 нь Улаанбаатар хотод байдаг бөгөөд жилд дунджаар 4000 орчим хүүхэд хөдөө орон нутгаас шилжиж ирдэг. Барилгын насжилт өндөрсч, ашиглалтын шаардлага хангахгүй болсноос 17640 суудал бүхий 26 сургуулийн барилгыг нураан шинээр барих шаардлагатай байна. 
 
Иймээс БНХАУ-ын Засгийн газраас 2014 онд шинээр олгосон 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр ерөнхий боловсролын 21 сургууль барих шийдвэрийг Засгийн газар 2014 оны аравдугаар сард гаргаж, сургууль барих байршлыг тодорхойлон Хятадын талд хүргүүлсэнээр Судалгааны баг 2015 оны есдүгээр сард манай улсад ирж сургуулийн газартай танилцан нарийвчилсан судалгааны ажлыг хийж гүйцэтгээд байна. Тус ажлын дүнд төсөл хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг БСШУЯ болон БНХАУ-ын Худалдааны яам хооронд байгуулж тэргүүн ээлжинд долоон сургууль, нэг цэцэрлэгийг сонгон барилгын ажлыг эхлүүлэхээр харилцан тохирлоо. Төслийн ТЭЗҮ болон сургуулиудын зураг төслийг 2015 оны аравдугаар сарын сүүлээр Хятадын талд хүргүүлээд байгаа бөгөөд Хятадын талаас төсөлд оролцох зохих шаардлага хангасан компаниудын нэрсийг 2-3 сарын хугацаанд ирүүлэх юм.
 
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр 1,0 тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурж, энэхүү зээлээр санхүүжүүлэх долоон төслийг Хятадын талаас хариуцаж хэрэгжүүлэх Эксимбанкинд мөн 2015 ондоо багтааж хүргүүлсэн байгаа. Энэ бол манай талаас өмнөхтэй харьцуулвал маш шуурхай, ажил хэрэгч байдлаар хандаж байгаагийн жишээ. 
 
Ер нь томоохон зээл авч ашиглахад процедурын шинжтэй олон шат дамжлага байдаг, тухайлбал, зээлийн Ерөнхий хэлэлцээр байгуулж парламентаар батлуулах, төслөө сонгож айлын талд танилцуулах, яамдын түвшинд зээлийн Тусгайлсан хэлэлцээр байгуулах, хэрэгжүүлэх компаниа сонгох, хэрэгжүүлэх гэх мэт. Энэхүү зээлийн хөрөнгийн дийлэнх нь олон жил яригдаж буй Эгийн голын цахилгаан станцын төсөлд зарцуулагдах бөгөөд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт гарах томоохон үр дүн гэж хэлж болно. 
 
Дээр нь “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлт”, “УБ-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих”, “Мах боловсруулах 12 үйлдвэх барих”, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл”, “Өрсөлдөх чадвартай дээд боловсрол”, “Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийнтехник, тоног төхөөрөмж” зэрэг төслүүдийг тус тус энэ зээлээс санхүүжигдэхээр төлөвлөгдөөд байна. 
 
МО: Монгол малын махыг Хятадад их хэмжээгээр экспортлох болсон тухай хэвлэл мэдээллээр ихээхэн ярих болсон. Энэ талаар Та товч мэдээлэл өгнө үү?
 
Ц.Сүхбаатар: Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу ташаа юм гараад байгаа учраас би энэ талаар харин нэлээн дэлгэрэнгүй мэдээлэл өгье гэж бодож байна. Махны экспортын ажил хоёр орны холбогдох байгууллагуудын хооронд хоёр чиглэлээр явагдаж байгаа. Дулааны аргаар боловсруулсан махны экспорт –ын тухайд 2014 онд БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газар /ЧХШХЦЕГ/-ын баг Монгол Улсын санал болгосон махны зарим үйлдвэрүүдэд эрсдлийн үнэлгээ хийсний дүнд “Мах маркет”, “Монгол Эко мийт Хөвсгөл мах маркет”, “Грийнгрэйслэнд”, “Хаан хүнс”, “Дархан мийт фүүд” компаниуд дулааны аргаар боловсруулсан мах үйлдвэрлэх, үйлдвэрүүдэд нь түүхий мах нийлүүлэх эрсдлийн үнэлгээнд тэнцсэн байна. 
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны арваннэгдүгээр сард БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр “МХЕГ, ЧХШХЦЕГ хооронд Монгол Улсаас БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлох тухай харилцан ойлголцлын Санамж бичиг”-т гарын үсэг зурж, мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээг хоёр тал тохиролцсон. Гэрчилгээний загварыг 2015 оны арванхоёрдугаар сард Хятадын талд хүргүүлснээр аж ахуйн нэгжүүд дулааны аргаар боловсруулсан махны худалдааг эхлэх боломж бүрэн нээгдэж байгаа юм. 
 
Түүхий махны экспорт-ын тухайд Монголын үхэр, хонь, ямааны түүхий махыг БНХАУ-д экспортлох асуудлыг 2015 онд өндөр, дээд түвшинд Хятадын талд тавьсны үр дүнд 2015 оны есдүгээр сарын сүүлээр БНХАУ-ын ЧХШХЦЕГ-ын баг Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл зэрэг дөрвөн аймгийн махны есөн үйлдвэрт ажиллаж, эрсдлийн үнэлгээ хийсэн. Үнэлгээний дүнд “Грийнгрэйслэнд” компани /Увс аймаг/ шаардлага хангасан бөгөөд “Монгол Эко мийт Хөвсгөл мах маркет” /Хөвсгөл аймаг/, “Завхан хүнс групп” зэрэг аж ахуйн нэгж тэнцэх боломжтой гэсэн дүгнэлтийг Хятадын шинжээчид гаргасан. 
 
БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яам болон ЧХШХЦЕГ-аас 2013 онд Монгол Улсын баруун таван аймагт /Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор/ үхэр, хонины маханд шүлхийн хориг тавьсан байснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард цуцалсанаар баруун таван аймгаас үхэр, хонины түүхий мах БНХАУ-д экспортлох асуудал нээгдсэн болно. 
 
Монгол Улсаас БНХАУ-д үхэр, хонины түүхий мах экспортлох асуудлаар хоёр улсын мэргэжлийн байгууллагын хооронд протокол байгуулах, мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээний загварыг тохиролцохоор талууд ажиллаж байна. Уг протоколыг байгуулж, мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээний загварыг баталгаажуулснаар хоёр талын түүхий махны худалдаа эхлэх боломж тун ойрын хугацаанд бий болно.
 
Дашрамд хэлэхэд, үхэр, хонь, ямааны мах Хятадад экспортлох асуудлаар манай хувийн хэвшлийн компаниуд хоорондоо өрсөлдөх ямар ч шаардлага байхгүй, харин анхнаасаа нэгдмэл зохион байгуулалттай, нэгдсэн үнийн бодлоготой ажиллах хэрэгтэй. Манай талаас төрийн өмчит “Монгол мах корпорац”-ыг ХХААЯ-ны дэргэд байгуулсан байгаа. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын ЧХШХЦЕГ-аас зөвшөөрөгдсөн манай аж ахуйн нэгжүүд хамтран нэг цонхоор мах экспортлоно гэсэн үг. Хятадын төрийн байгууллагын зүгээс хоёр орны хооронд хийгдэх махны худалдааг эрхлэх Хятадын талын аль нэг аж ахуйн нэгжид онцгой эрх олгохгүй учраас манай тал түншлэгчээ чөлөөтэй сонгох эрх нь нээлттэй гэсэн үг юм. Хятадад Монголын түүхий махны зах зээл, хэрэгцээ асар их байгаа учраас Хятадын холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авсан манай махны аж ахуйн нэгжүүд нэгдсэн нэг үнээр бүтээгдэхүүнээ борлуулахад зарагдахгүй гэдэг асуудал байхгүй. Хамгийн гол нь манай бүтээгдэхүүн тасралтгүй тогтвортой нийлүүлэгдэх, чанарын шаардлагыг хангасан байх гэсэн шаардлагыг Хятадын тал тавьж байгааг анхаарууштай юм. Нэгэнт нээгдэж буй энэхүү бизнесийн боломжийг урт хугацаанд тогтвортой, бүрэн дүүрэн ашиглах явдал чухал байна.
 
МО: Манай улс эдийн засгийн хувьд Хятадаас багагүй хамааралтай нь хоёр орны худалдааны статистикийн тоо баримтаас харагддаг. Хятад улсад сүүлийн нэг хоёр жилд ажиглагдаад байгаа эдийн засгийн өсөлтийн удаашрал нь Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Наад зах нь гэхэд нүүрсний үнэ эрс буурсан байгаа. Энэхүү нөлөөллийн сөрөг талыг цаашид бууруулахын тулд эдийн засаг, худалдааны харилцааг аль чиглэл рүү түлхүү хөгжүүлбэл хоёр талд харилцан ашигтай байж болох бол?
 
Ц.Сүхбаатар: БНХАУ нь Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамгийн том түншийнхээ байр суурийг сүүлийн 15 жил хадгалсаар байгаа. Хоёр орны худалдааны бүтцийг харахад тэнцвэргүй харьцаатай. Гэсэн хэдий ч Хятадтай хийж буй худалдаа нь манай улсын худалдаа эерэг баланстай байхад гол үүрэг гүйцэтгэдэг. Монголын экспорт давамгайлж, импорт бага хувийг эзэлсээр ирсэн. Мөн манай экспортод цөөн нэр төрлийн уул уурхайн бүтээгдэхүүн голлодог нь дэлхийн зах зээлд дээрх эрдсийн үнэ унахаар манай эдийн засагт шууд нөлөөлж байна. Монголын экспортын бараа бүтээгдэхүүний гол зах зээл болох Хятадын эдийн засгийн эрч хүч суларсан нь мэдээж сөрөг нөлөөтэй боловч гол шалтгаан нь зах зээлийн үнийн асуудал гэж үзэж байна. Манай нүүрс тогтсон хэмжээгээр Хятад руу гардагаараа гарч байгааг статистикийн тоо баримтаас харж болно. 2015 оны эхний 11 сарын байдлаар 12,4 сая тонн коксжих нүүрс БНХАУ-д экспортоор гаргасан нь өнгөрсөн оныхоос биет хэмжээгээр төдийлэн буураагүй боловч, үнийн дүнгээр орсон орлого 40 гаруй хувь буурсан байна. 
 
Нөгөөтэйгүүр, дэлхийн нийтийн чиг хандлага өөрчлөгдөж байна. Хамгийн ойр, гол зах зээл Хятад нүүрсний хэрэглээгээ багасгаж байна. Дэлхий нийтээр эрчим хүчний байгальд ээлтэй технологи ашиглах хандлага давамгайлах болсон нь Монголын хувьд ч шинэ нөхцөл байдалд зохицсон, уул уурхайд түшиглэсэн бус “амьдрах өөр арга” бодож олох зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбар, ялангуяа хөнгөн, хүнсний үйлдвэрийн салбар нь Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нэг гол чиглэл. Энэ чиглэлээр хоёр талын тохирсон, эхлүүлсэн ажлууд хийгдээд явж байна. Монголын экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах чиглэлээр түлхүү анхаарч ажиллах шаардлагатай юм. 
 
МО: Монгол-Хятадын анхдугаар ЭКСПО-д Монголын тал их өргөн бүрэлдхүүнтэй оролцсон. Энэ арга хэмжээ ямар болж өнгөрсөн тухай ярьж өгнө үү.
 
Ц.Сүхбаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо өнгөрсөн оны аравдугаар сард зохион байгуулагдсан ЭКСПО нь хоёр орны эдийн засгийн харилцаанд оролцогч талуудын хийгдэж буй ажлынхаа дүнг хэлэлцэх, олон нийтэд танилцуулах, учирч буй зарим саад бэрхшээл, сул талуудыг арилгах, цаашдын зорилт чиглэлийг тодорхойлох зэрэг олон талын ач холбогдолтой ажлыг нэг дор хийх талбар болсон гэж ойлгож байна. Энэ үеэр зохион байгуулагдсан үзэсгэлэн яармаг, сэдэвчилсэн хэлэлцүүлэг, хуралдаан, соёлыг арга хэмжээнүүд нь хоёр талын худалдааг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн шууд хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын харилцан итгэлцэл, соёл, хүмүүнлэгийн солилцоог нэмэгдүүлэх, Монгол Улсыг таниулан сурталчилахад чухал үр дүнтэй ажил болсон. Тус арга хэмжээг Монголын талаас Аж үйлдвэрийн яам, Хятадын талаас Худалдааны яам, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар хамтран зохион байгуулсан ба цаашид тогтмолжуулах зорилгоор манай Аж үйлдвэрийн яам, хятадын Худалдааны яам хооронд хамтын ажиллагааны Санамж бичгийг байгуулсан. Санамж бичгийн дагуу тус ЭКСПО нь хоёр жил тутамд нэг удаа зохиогдох бөгөөд эхний хоёр удаагийнхыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотод хийх юм. Түүний дараагаас хоёр талд ээлжлэн зохион байгуулна. 
 
Энэ үеэр нэг анзаарагдсан зүйл бол Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд манай компаниуд харьцангүй сайн бэлтгэлтэй оролцсон гэх боловч манай аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний дийлэнх нь арга хэмжээ дуусахаас өмнө зарагдаж дууссан нь манай бараа бүтээгдэхүүнийг авах сонирхол, хүлээлт байна гэдэг нь анзаарагдсан. Энэ чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг уялдуулж, хэрэгжүүлж чадвал уул уухайгаас хамааралтай бус, эдийн засгийг “солонгоруулахад” чухал ач холбогдолтой болно гэж үзэж байна. 
 
Эдийн засгийг “солонгоруулах” ажлын хүрээнд тус ЭСЯ нь 2015 онд нэлээд идэвхитэй ажиллаж барилга, махны үйлдвэрийн чиглэлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран гурван удаа уулзалт, арга хэмжээг Бээжин хотноо зохион байгуулсан нь нэлээд үр дүнтэй арга хэмжээ болсон. Энэ онд аялал жуулчлалын чиглэлийн компаниудыг холбож ажиллах зорилт тавиад ажиллаж байна.
 
Консул, иргэдтэй холбоотой асуудлаар
 
МО: БНХАУ-д зорчиж буй манай иргэдээс гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гардаг талаар мэдээлэл байдаг. Эдгээр иргэд ямар төрлийн гэмт хэрэгт холбогдож, манай хэдэн иргэн БНХАУ-д ял эдэлж байна вэ?
 
Ц.Сүхбаатар: Жилд дунджаар давхардсан тоогоор нэг сая гаруй манай иргэд БНХАУ-д зорчиж байна. Үүний зэрэгцээ цөөнгүй иргэд гэмт хэрэгт холбогдох асуудал гарч байна. Өнөөдрийн байдлаар БНХАУ-д 75 иргэн ял эдэлж байгаа бөгөөд гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нийт 83 иргэн байна. 
 
Үүнээс 27 иргэн хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн хэргээр 15-аас дээш жилийн хугацаатай хорих ял эдэлж байна. 2010-2013 оны үед хар тамхи хилээр нэвтрүүлсэн хэрэгт холбогдож ял шийтгэл авах асуудал цөөнгүй гарч байсан. Энэ чиглэлээр манай ГХЯ, хууль хяналтын байгууллагууд болон хэвлэл мэдээллийнхэн хамтран урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх чиглэлээр идэвхитэй ажилласны дүнд энэ төрлийн гэмт хэргийн гаралт үндсэндээ байхгүй болсон. 
 
Хулгай хийх, хууль бусаар оршин суух, биеэ үнэлэх зэрэг гэмт хэрэгт холбогдох асуудал гарсаар байна. Энэ чиглэлээр иргэдийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх талаар анхаарч ажиллаж байгаа бөгөөд цаашид холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.
 
МО: БНХАУ-д ял эдэлж буй иргэдээ шилжүүлэн авах талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?
 
Ц.Сүхбаатар: Хоёр улсын хооронд “Ялтан шилжүүлэх гэрээ”-нд 2011 онд гарын үсэг зурж, 2014 оны наймдугаар сард БНХАУ-ын даргын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр соёрхон баталсан тухай Батламж жуух бичиг солилцсоноор хүчин төгөлдөр болон мөрдөгдөж байна. Хоёр орны Хууль зүйн яамдын “Ялтан шилжүүлэх асуудлаарх анхдугаар уулзалт” 2015 оны долдугаар сард Бээжин хотод зохион байгуулагдсан. Энэ удаагийн уулзалтаар ялтан шилжүүлэх нөхцөл, шалгуур зэргийн талаар ярилцаж тохиролцсон. Уг асуудлаар эрхзүйн орчин бүрдсэн тул энэ оноос зарим ялтныг эх оронд нь шилжүүлэн авах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд цаашид тодорхой үр дүн гарна гэж итгэж байна.
 
МО: БНХАУ-д зорчиж буй манай иргэдэд анхаарах шаардлагатай ямар асуудлууд байдаг гэж Та үздэг вэ?
 
Ц.Сүхбаатар: Гадаад улсад зорчиж буй иргэд тухайн орны холбогдох хууль, журмын талаар тодорхой ойлголттой байж, сахиж мөрдөх шаардлагатай. БНХАУ-д зорчиж буй иргэдэд зориулж манай ЭСЯ-аас хууль, эрх зүйн асуудлаар мэдээлэл бэлтгэн цахим хуудсандаа тогтмол байршуулж байгаа. Үүнээс гадна иргэд гэмт хэрэгт өртөх, хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн тохиолдолд юуны түрүүн ЭСЯ, Консулын газруудад яаралтай хандах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
 
Ч.БҮРЭНБАЯР
 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна