Мэдэгдэл

2016 оны 1 сарын 15

2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Хөдөлмөрийн Үндэсний Намаас УИХ-д хүргүүлсэн МЭДЭГДЭЛ

УИХ-ын дарга болон эрхэм гишүүдээ,

2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр УИХ-аас Сонгуулийн тухай хуулийг яаравчлан баталсан. Ийнхүү батлахдаа 2011 онд батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн алдаа, дутагдлыг засахын оронд Монгол улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг элдвээр хязгаарласан, чөлөөт ардчилсан сонгуулийн зарчмуудыг бүрэн хангахгүй, улс төрийн намуудын боломжийн тэгш байдлыг хязгаарласан, дотоод зөрчил, хийдэлтэй, Үндсэн хуультай зөрчилдсөн байж болох агуулга бүхий үндсэндээ маш муу хуулийг гаргалаа.

Гэвч энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д заасны дагуу УИХ-ын сонгуулийн тойргийг байгуулж, тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог УИХ-аас тогтоохдоо энэхүү алдаагаа бага ч болов засах боломж, бас шаардлага байна.

2012 оны сонгуулийн байдлаар Монгол Улс нийт 1.836.548 сонгогчтой байсан ба үүний 44 хувь буюу 805.683 сонгогч нийслэлийн оршин суугчид байна. Энэ тоо өнгөрсөн дөрвөн жилд өссөн үү гэхээс буураагүй. Гэтэл 2012 оны УИХ-ын сонгуулиар тойргоос сонгогдсон 48 гишүүний 30 хувь буюу 14 гишүүнийг нийслэлийн сонгогчид сонгосон. Нийт сонгогчдын тоог 48 мандатдаа хуваахад нэг мандатад 38.000 сонгогч ногдож байгаа боловч бодит байдал дээр Дундговь аймгийн 28.000 сонгогчийг нэг УИХ-ын гишүүн төлөөлж байхад Баянзүрх дүүрэгт 2.4 дахин их буюу 68.000 сонгогчийг нэг УИХ-ын гишүүн төлөөлж байна. Нэр дэвшигчдийн сонгогдох эрхийн тэгш байдлын талаас авч үзвэл 2012 оны сонгуулиар Дундговийн тойргоос 8.000 сонгогчийн санал авсан нэр дэвшигч сонгогдох боломжтой байсан бол Баянзүрх дүүргийн тойргоос 58.000 буюу 7 дахин их сонгогчийн санал авч байж сонгогдох боломжтой тэгш бус байдлыг үүсгэж байсан билээ.

Энэ байдал нь нэг талаас нэр дэвшигчдийн сонгогдох эрхийн тэгш байдлыг хангах зарчмыг зөрчиж, нөгөө талаас УИХ-ын гишүүний төлөөлөх болон сонгогчидтойгоо ажиллах ажлын ачааллын хэт их зөрүүтэй байдлыг үүсгэснээр УИХ-ын үйл ажиллагааны чадамжийг сулруулж байна. Түүнчлэн улс төрийн намуудын боломжийн тэгш байдлыг ч алдагдуулж байна.

Тиймээс УИХ-ын эрхэм гишүүд та бүхнээс нэгэнт Үндсэн хуулийг өөрчилж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх цаг хугацааны болон хууль зүйн боломжгүй байгаа өнөөгийн нөхцөлд УИХ-ын сонгуулийн тойргийг байгуулахдаа дан ганц засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзалгүй, тухайн тойрог дахь сонгогчдын тоо, УИХ-ын гишүүний төлөөлөх чадвар, ажлын ачаалал зэргийг мөн харгалзан үзэж, сонгуулийн газар зүйн зарчмыг ашиглан, сонгох сонгогдох эрхийн тэгш байдлын зарчмыг хангахуйцаар тогтоохыг шаардаж байна.

Хөдөлмөрийн Үндэсний Намын зүгээс сонгуулийн хууль тогтоомжийг хэлэлцэж байх явцад сонгуулийн газар зүйн зарчмыг ашиглан тойргийг байгуулах шаардлагатай болохыг сануулан шаардаж, байр сууриа хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр илэрхийлж байсан бөгөөд цаашид ч чөлөөт ардчилсан сонгуулийн суурь зарчмуудыг бодитойгоор хангуулах, Монгол Улсад парламентат ёсыг зөв төлөвшүүлэхийн төлөө тууштай зогсож, шаардлагатай бүхий л арга, хэлбэрээр хуулийн хүрээнд шаардан ажиллахаа мөн үүгээр мэдэгдэж байна.

ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна