Эцэстээ Европ дүрвэгсдэд ялагдана

2016 оны 1 сарын 15

-Өрөнд баригдсан Европын эдийн засагт залуу, эрч хүчтэй ажиллах хүчин хэрэгтэй. Европын ахмадыг асрах газруудад, барилгын хар ажилд цагаачид биш юм бол өөр хэн ажиллах юм бэ?-

 

 

Ойрхи Дорнодоос Европ руу дүрвэх иргэдийн асуудал өнөөдөр дэлхийн глобал асуудлын нэг болон хувирлаа. Дүрвэгсдийн асуудлаас болж Европ тивийн хувь заяа хаашаа ч эргэж мэдэхээр болж байгаа тухай дэлхийн хэвлэлүүд бичиж байна. Financial Times энэ долоо хоногт “Европ руу ирэх дүрвэгсдийн давалгааг зогсоож чадахгүй” гэсэн нийтлэл хэвлэжээ. Гидеон Рахманы бичсэн энэхүү нийтлэлийг хүргэж байна.  

 

XVIII-XIX зуунд европчууд дэлхийд суурьшиж байлаа. Харин одоо дэлхий Европод суурьшиж байна. Өнгөрсөн 2015 онд Германд ирсэн нэг сая гаруй дүрвэгчийн ард дэлхийн хүн ам зүйн буюу демографийн том хандлага нуугдаж байна. Дүрвэгсдийн өнөөгийн асуудал Ойрхи Дорнод дахь дайныг идэвхжүүлж байна. Европ руу хуйлрах дүрвэгсдийн хөдөлгөөнд нөлөөлж байгаа өөр том хүчин зүйл байна. Чухамхүү ийм учраас дүрвэгсдийн асуудал Сирийн хямрал шийдэгдсэн ч үргэлжилсээр байх болно.

 

Европ бол баян, өвгөрч буй тив. Энэ тивийн хүн ам үржихээ болиод удаж байна. Европтой харьцуулахад Африкийн, Ойрхи Дорнодын, Өмнөд Азийн хүн ам ядуу, залуу боловч маш хурдтай өсөн нэмэгдэж байна. Европын хөгжлийн ид оргил үед буюу 1900 онд тус тивд дэлхийн хүн амын 25 хувь амьдарч байсан. Харин одоо Европын холбооны хүн ам дэлхийн хүн амын долоон хувийг л эзэлж байна. Өнөөдөр Африкт нэг тэрбум илүү хүн ам оршин сууж байгаа бол НҮБ-ын тооцоогоор энэ тоо 2050 он гэхэд 2.5 тэрбумд хүрнэ. 1975 онтой харьцуулахад Египетийн хүн ам хоёр дахин нэмэгдэж одоо 80 саяар тоологдож байна. Харин Нигер 1960 онд 50 сая хүн амтай байсан бол одоо 180 сая. 2050 он гэхэд Нигерийн хүн ам 400 сая болно гэж судлаачид үзэж байна.

 

Европ бол баян, өвгөрч буй тив. Энэ тивийн хүн ам үржихээ болиод удаж байна. Европтой харьцуулахад Африкийн, Ойрхи Дорнодын, Өмнөд Азийн хүн ам ядуу, залуу боловч маш хурдтай өсөн нэмэгдэж байна. Европын хөгжлийн ид оргил үед буюу 1900 онд тус тивд дэлхийн хүн амын 25 хувь амьдарч байсан. Харин одоо Европын холбооны хүн ам дэлхийн хүн амын долоон хувийг л эзэлж байна.

 

Африк, Ази, Ойрхи Дорнодоос Европ руу тэмүүлэх дүрвэгсэд түүхэнд шинэ эргэлт авчирна. Европын колоничлолын үед европчууд дэлхийн өнцөг булан бүрт хүрч, тэндээ суурьшин, хүн ам зүйн империализм гэж хэлэхээр үзэгдлийг бий болгосон. Хойд Америкт, Австралид, Номхон далайн бүсийн орнуудад европчууд шинээр суурьшин, суурьшсан газрынхаа уугуул хүн амыг зарим үед шууд устгаж байсан. Энэ үйл явцын эцэст зарим тив бүхлээрээ европчуудынх болсон. Еврочууд дэлхийг тэр чигээр нь өөрсдийн колони болгож, колони орондоо цагаачдаа суурьшуулан, харин колони орны хэдэн сая уугуул иргэн, тухайлбал, Африк тивээс АНУ руу боолчлогдон хүргэгдэж байсан.

 

Европчууд ийнхүү дэлхийг колоничлох үйл явц цагаачдын гинжин урвалаар хийгдсэн. Европоос Аргентинд, эсвэл АНУ-д хэн нэг нь очиж суурьшина, тэгээд ар гэр рүүгээ мөнгө илгээж, захидалдаа шинэ суурьшсан газрынхаа сонин сайхныг хүргэнэ. Төдөлгүй ар гэрийнхэн нь араас нь ирнэ. Харин одоо энэ гинжин урвал эсрэг чиглэлд үйлчилж байна. Одоо Сириэс Герман руу, Мароккогаас Голланд руу, Пакистанаас Их Британи руу цагаачид хөвөрч байна. Гэхдээ одоо далайгаар усан онгоцоор хөвөн сар жилийн дараа ирдэг захидал харилцааны үе биш. Ухаалаг утас, фэйсбуукийн эрин үед Карачи, Лагос бол хажууханд гэсэн үг.

 

Сүүлийн 40 жилийн дотор Их Британи, Франц, Голланд улсууд олон үндэстний улс болсон. Дүрвэгч, цагаачдын асуудлыг цэгцэлнэ гэж Засгийн газар нь амлавч энэ нь биелүүлэхэд тун төвөгтэй болж байна.

 

Дүрвэгсдийн асуудлаарх Европын холбооны байр суурь тодорхой: дүрвэгчид, цагаачид Европт амьдарч болно, гэхдээ хууль бус “эдийн засгийн цагаачид” нутаг буцах ёстой. Гэсэн ч энэ бодлого дүрвэгсдийн урсгалыг зогсоож чадахгүй. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгд, дайны хөлд нэрвэгдэж байгаа, мөн төр засаг иргэдээ зохих ёсоор амьдруулж чадахгүй байгаа улс орны тоо өсөх магадлалтай. Тухайлбал, Алжирт байдал тогтворгүй болж байгаад олон хүн санаа зовинож байна. Хоёрдугаарт, “эдийн засгийн дүрвэгч” нь Европоос явахгүй байна. Германы жишээгээр авч үзэхэд оршин суух эрх олгохоос татгалзсан дүрвэгсдийн 30 хувь сайн дураараа, эсвэл хүчээр буцаж байгаа. Гуравдугаарт, аль нэг улс оронд чамгүй их тооны цагаачид болоод ирэнгүүт тэд хуулийн дагуу ар гэрийнхнээ татан авчирч байна. Тиймээс дэлхийн ядуу тарчиг амьдралтай хүмүүсийн хувьд Европ хамгийн сэтгэл татсан, хүрч болмоор газрын нэгд тооцогдож байна.

 

Дэлхийн өнцөг булан бүрээс Европ руу хөврөх цагаачид, дүрвэгсдийн асуудал гарцаагүй гэж үзэн, үүнийг сэтгэл зүрхээрээ дэмжиж болно. Өрөнд баригдсан Европын эдийн засагт залуу, эрч хүчтэй ажиллах хүчин хэрэгтэй. Европын ахмадыг асрах газруудад, барилгын хар ажилд цагаачид биш юм бол өөр хэн ажиллах юм бэ?

 

Гэхдээ Европт цагаачид хэрэгтэй гэсэн үзлийг дэмждэг хүмүүс, Европт ирсэн цагаач, дүрвэгсэд тус тивийн “үнэт зүйлийг” хүлээн зөвшөөрөх ёстой гэж үздэг. Харин энэ бол боломжгүй зүйл. Европын үнэт зүйлд тооцогддог зарим ойлголт харьцангуй саяхан бодит болсоныг бодолцох учиртай.

 

Сүүлийн жилүүдэд Европын орнуудад феминизм буюу эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудал, мөн ижил хүйстэний эрхийн асуудал ихээхэн амжилттай байгаа гэж хэлж болно. Гэсэн ч Африк болон Ойрхи Дорнодоос Европ ирэгсэд дотор хавьгүй олон хүн энэ асуудлаар хуучинсаг байр суурьтай. Энэ хандлагыг өөрчлөхийн тулд иргэний эрхийн хэдэн цагийн хичээлээс илүү өөрчлөлт хэрэгтэй.

 

Эдүгээ европчууд улам глобал шинжтэй болж байгаа шилжин суурьших асуудалд яаж хариу барихаа мэдэхгүй, бүүр толгой нь эргэж гүйцсэн. Өмнө өөрсдөө бусдын газар нутгийг колоничлох үед өөрсдийнхөө төлөөлж буй соёл иргэншлийн давуу талыг түгээж байна хэмээн өөртөө итгэлтэйгээр хэлдэг байсан. Холокостын аймшигт үеийг туулсан Европ одоо өөрсдийн соёл иргэншлийн давуу байдлын талаар ярихаас болгоомжилдог болсон. Ид хөгжил цэцэглэлтийн үеийн болон библийн итгэлээ тэд дэлхийн бүх хүний үнэт зүйл, хүний эрх, олон улсыг гэрээгээр сольчихсон.

 

Өрөнд баригдсан Европын эдийн засагт залуу, эрч хүчтэй ажиллах хүчин хэрэгтэй. Европын ахмадыг асрах газруудад, барилгын хар ажилд цагаачид биш юм бол өөр хэн ажиллах юм бэ?

 

Европчуудын либерал үнэт зүйлийн итгэл үнэмшил улам нэмэгдэж байгаа дүрвэгсдийн асуудлын эсрэг сөрөн зогсч чадах уу гэдэг нь ойрын 10 жилийн чухал асуулт болоод байна. Энэ хоёрын хоорондох тэмцэл Европын улс төрийг толорхойлох болоод байна.

 

Гэхдээ европчууд эцэстээ ялагдал хүлээнэ гэж би бодож байна. Далайн усаар хүрээлэгдсэн Япон, Австрали зэрэг орон цагаач, дүрвэгсдийг оруулахгүй байх хатуу арга хэмжээ авч чадна. Харин Африкаас ердөө нэг нарийхан хоолойгоор тусгаарлагдаж байгаа Европ ийм арга хэмжээ авч чадахгүй.

 

Бэлтгэсэн А.ШАРАВ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна