Дуулиант хэргүүдийн эргэн тойронд

2016 оны 1 сарын 15

Монголын нийгэм, улс төр, эдийн засгийг донсолгосон дуулиант хэргүүдийн талаар тоймлон хүргэж байна.


Б.Батзаяа Цагдан хорих 461-р ангийн эмнэлэгт хэвтлээ 

 

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусадтай хамт их хэмжээний мөнгө залилсан байж болзошгүй хэмээн Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өнгөрсөн оны аравдугаар сард баривчлан цагдан хорих 461-р ангид саатуулсан. Түүнийг долоо хоногийн хугацаатай батлан даалтад гаргаад, прокурорын эсэргүүцэлтэйгээр дахин хорьсон. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээгээр хорих ангид олон хоног өлсгөлөн зарласан түүний биеийн байдал мууджээ. Түүний өмгөөлөгчийн хэлж байгаагаар хоёр бөөр нь муудаж, уушиг нь идээлсэн тул биеийн байдал хүнд байна. Одоогоор Цагдан хорих 461-р ангид хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн юм.  


Г.Шийлэгдамба нарын хэргийг прокурорт шилжүүлэв 

 

Арваннэгдүгээр сарын 4-нд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчлан саатуулсан. Түүнийг АТГ-ынхан үйлдэл дээр нь барьсан. Ямар ч байсан энэхүү хэрэг явдлын дараа Г.Шийлэгдамба сайдын суудлаасаа өөрөө огцрох хүсэлтээ илэрхийлсэн. Байцаагдах явцад түүний биеийн байдал муудаж ,хорих 461-р ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Улмаар 2015 оны арванхоёрдугаар сарын 4-нд Н.Шастины нэрэмжит улсын 3-р төв эмнэлэгт шилжүүлсэн.Эмчлэгдэх хугацаанд нь түүнийг батлан даалтанд гаргаад байсан ч яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн талаар АТГ уржигдар мэдээлсэн юм.


Т.Лхагвасүмбэрэлийн машинаас олдсон дуу бичлэг нэг хүний дуу хоолой байжээ 

 

"Дэлхийн Ирвэс хамгаалах сан"-ийн биологич Т.Лхагвасүмбэрэлийн цогцос Хөвсгөл далайн эргээс 25 метрийн зайд, дөрвөн метрийн гүнээс олдсон. Түүнийг живж нас барсан бөгөөд хөнгөн зэргийн согтолттой байсан гэсэн задлан шинжилгээний хариу гарсаныг өчигдөр ЦЕГ мэдээллээ. ЦЕГ-ын мэдээллээр түүний машинаас олдсон дуу бичлэг нэг хүнийх болох нь тогтоогдсон гэсэн юм. Өмнө нь дөрвөн удаа халдлагад өртөж байсан боловч цагдаагийн байгууллага хэрэгсэхгүй болгосон гэж талийгаачийн ар гэрийнхэн хэлдэг. ЦЕГ-аас энэ халдлагуудыг нэгбүрчлэн шалгаж байгаа юм байна. Мөн талийгаачийн ажиллаж байсан Тост, Тосон бумбын нуруунд лицензтэй 16 аж ахуйн нэгжийг мөрдөн байцаалтаар шалгаж байна" гэсэн юм.


Д.Булган хоёр сар хоригдож байна

Ардчиллын удирдагч, төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны эхнэр Б.Булганыг баривчилж хорьсноос хойш бараг хоёр сар болж байна. Түүнийг чухам ямар хэргийн улмаас баривчилсныг өнөө хэр нууцалсаар байгаа ч С.Зориг агсны хэргийн улмаас гэж байгаа гэх мэдээлэл байгаа. Мөн хар тамхины хэргээр баривчилсан гэх мэдээлэл ч бас тархсан. Гэхдээ энэ бол баттай мэдээлэл биш юм. Одоогоор түүнийг Төв аймаг дахь Урьдчилан хорих төвд хорьж байна.

Т.ДАВААНЯМ
 
 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна