Жакартагийн төвд цуврал дэлбэрэлт боллоо

2016 оны 1 сарын 15

 
 
Индонезийн нийслэл Жакарта хотын төвд цуврал дэлбэрэлт өчигдөр боллоо. Энэхүү хэргийг Исламын улс бүлэг хийсэн байх магадлал өндөр байна. 
 
 
Жакарта хотын төвд нийтдээ долоон удаа дэлбэрэлт боллоо. Анхны дэлбэрэлт нь Skyline Building худалдааны төвийн Starbucks кафед, хоёр дахь нь Sarinah Thamrin Plaza төвийн эсрэг талын Цагдаагийн хэсгийн ойролцоо болжээ. Гурав дахь бөмбөгийг амиа золиослогч дэлбэлсэн гэж таамаглаж байна. Бас нэг дэлбэрэлт НҮБ-ын байрны ойролцоо болжээ. НҮБ-ын нэг ажилтан амь үрэгдсэн мэдээ байна.
 
 
Дэлбэрэлтийн улмаас цагдаагийн гурван ажилтан, нэг энгийн хүн амь үрэгдсэн урьдчилсан мэдээ байна. Индонезийн цагдаагийнхан алан хядагчидтай буудалцаж гурвыг нь устгажээ. Дэлбэрэлт болсон хэсгийг бүслэн хааж, хуягт машинууд татан авчирчээ. Жакартагийн төвд нь буудалцаан үргэлжилж, алан хядагчид бүгсэн байх магадлалтай нэг байрыг цагдаа нар дайрлаа. 
 
 
Индонезийн цагдаагийн албан ёсны төлөөлөгч Антон Чарлиян худалдааны төвийн үүдэнд бөмбөг биш гар бөмбөг дэлбэлсэн гэж тодрууллаа. Нийт 10-14 зэвсэглэсэн эрэгтэй дэлбэрэлтийг үйлджээ. 
 
 
Террористуудын сонгон авсан Жалан Тхамрин дүүрэг нь тансаг буудлууд, Элчин сайдын яамд, оффисийн барилга байгууламж ихтэй. Өнгөрсөн оны Парисын аллага шиг алан хядагчид хэд хэдэн цэгийг сонгосон нь тодорхой байна. CNN телевизийн тоймч, ТТГ-ын ажилтан байсан Боб Баер энэ халдлагын шинж тэмдэг нь Исламын улс бүлэглэлийн арга барилтай төстэй байгааг хэлсэн. “ИУ-ын бүлэглэлийн олон дайчин Ирак, Сирид бэлтгэгдсэн. Жакартагийн үйлдэл нь Парисыг санагдуулж байна” хэмээн өгүүлсэн байлаа. 
 
 
Аль-Жазира суваг хэрэг гарахын өмнө Жакартын цагдаа нарт Исламын улс заналхийлсэн гэж мэдээлэв. Энэ тухай Индонезийн хүчний байгууллагын эх сурвалж хэлжээ. 
 
 
Индонезийн тагнуулын алба одоогоор энэ хэргийг ИУ-тай холбож үзээгүй ч Жакартын дэлбэрэлтүүд нь алан хядах ажиллагаа мөн гэж үзэж байгаагаа аж. Энэ хэрэгт сэжиглэгчдийн тоонд Индонезийн хэт даврагчдын “Жемаа Исламия” байгууллага орж байна. Тэд “Аль-Каидатай” холбоотой байдаг. 
 
 
Болсон хэрэг явдалд Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо тайлбар хийсэн байна. “Манай ард түмэн, манай үндэстэн айх ёсгүй. Алан хядах ажиллагаа биднийг ялахгүй. Нийгэм тайван байна гэдэгт би найдаж байна. Амь үрэгдэгсдийн төлөө бид харамсан гашуудаж байна. Манай аюулгүй байдал, тайван амгаланг алдагдуулан айдас гаргасан тэр хүмүүсийг бид буруутгаж байна” хэмээн ерөнхийлөгч мэдэгджээ.
 

 

Нэмэлт: Хамгийн сүүлийн албан ёсны мэдээгээр нийт 17 хүн амь үрэгдсэний тав нь террорист ажээ. 20 орчим хүн шархаджээ. Жакартагийн цагдаагийнхан энэ хэргийн сэжигтэн дөрвөн хүнийг саатуулсан байна.
 
 
Исламын  улс бүлэг албан ёсны мэдэгдэл гарган Индонезийн нийслэлд болсон цуврал дэлбэрэлтийн хариуцлагыг өөртөө хүлээсэн байна. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна