Баварийн улстөрч дүрвэгсэдтэй автобусыг Меркельд илгээжээ

2016 оны 1 сарын 15

Гэрэл зургийг Die Welt

 

Баварийн улстөрч Ландсхут хотын захиргааны дарга Петер Драйер дүүрэн дүрвэгчтэй автобусыг Канцлер Меркельд илгээжээ. “Хэрэв Герман сая дүрвэгчийг хүлээн авч байгаа юм бол тооны аргаар хуваагаад үзэхэд манай тойрогт 1800 хүн ногдох юм. Би тэднийг хүлээн авна. Харин илүү хүмүүсийг тан луу илгээх болно” гэж тэрбээр Ангела Меркельтай өмнө нь ярихдаа хэлж байжээ.

 

Бавари нь Германы нутагт орж ирсэн дүрвэгсдийн гол урсгал дайрч өнгөрдөг муж юм. Баварийн Христийн социалист холбооныхон дүрвэгсдийн урсгалыг хязгаарлахыг Меркелиэс шаардаж байгаа ч Канцлер ингэх боломжгүй гэдэг хариу өгдөг.

 

Олон улсын цагаачдын албаны мэдээгээр өнгөрсөн онд Европт сая гаруй дүрвэгч орж иржээ. Тэдний 800 мянга нь Грек, Туркээр дамжин Европт нэвтэрсэн байв.

 

Дүрвэгсдийн урсгалын явцад далайд 3,7 мянган хүн живэн амиа алдсан.

 

 

Өмнө нь дүрвэгсдийг хүлээн авсан орны нэг хэсэг нь квот гүйцсэнийг анхааруулаад тэдний оруулахгүй арга хэмжээ авч байна. Тухайлбал, Швед ирэх ёстой хүмүүсийн тоо гүйцсэн гээд дүрвэгсэдэд хандан Германд үлдэхийг зөвлөсөн байв. Берлин ч гэсэн хуулиа чангатган, дүрвэгсдийн тоог хязгаарлах арга хэмжээ авч эхлээд байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна