Орос-Хятадын худалдаа буурчээ

2016 оны 1 сарын 15

Хятадаас ОХУ руу экспортолдог бүтээгдэхүүн өнгөрсөн 2015 онд 34.4 хувиар буурч, 32.9 тэрбум ам.доллар болсон талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна.

Хятад, ОХУ-ын худалдааны эргэлт ч мөн буурсан үзүүлэлт гарсан бөгөөд 2015 онд 27.8 хувиар буурч, 64.2 тэрбум ам.доллар болжээ. Эсрэгээр ОХУ-аас Хятадад нийлүүлдэг бүтээгдэхүүн үйлчилгээ ч мөн 19.1 хувиар буурч, 31.4 тэрбум ам.доллар болсныг Хятадын Гаалийн газрын төлөөлөгч мэдээлсэн байна.

Хятадын Гаалийн газрын хэвлэлийн төлөөлөгч Хуан Сонпины мэдээлснээр “Өнгөрсөн жил олон улсын худалдаанд хэцүүхэн жил байсан. Энэ жил ч бас олон улсын худалдаа эдийн засгийн үзүүлэлтүүд тааруухан байна гэж таамаглаж байна” гэжээ.

Дэлхийн хүчирхэг хоёр орны худалдаа энэ жил эдийн засгийн орчин болон олон улсын улс төр, нийгмийн хүчин зүйлээс ихээхэн шалтгаална гэж тэрбээр ярьжээ.

2014 онд ОХУ Крымийг өөртөө нэгтгэсэн хэрэг явдлаас болж, Украины асуудлаар барууны орнуудтай харилцаа муудаж, ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавьснаас хойш ОХУ Хятадтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Хятадын худалдаа, хөрөнгө оруулалтыг татах сонирхолтой болсон юм.

2014 онд ОХУ болон Хятадын худалдааны эргэлт 6.8 хувь буюу 95 тэрбум ам.доллараар өсч байжээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна