“Харри Поттер”-ийн Снейп хорвоог орхижээ

2016 оны 1 сарын 15

“Робин Гүүд- Хулгайчдын ханхүү”, “Хатуу самар”, “Харри Поттер” киноны дүрээр нэрд гарсан Английн жүжигчин Алан Рикман хорт хавдрын улмаас нас барсанд “Харри Поттер” киноны уран бүтээлчид эмгэнэл илэрхийлсэн байна. “Жинхэнэ хайр” кинонд хамтран тоглосон жүжигчин найз Эмма Томпсон нас барахын нь өмнө очиж, салах ёс хийн үнсчээ.

Алан Рикмантай салах ёс хийхээр очсон нөхдийнх нь дунд “Харри Поттер”-ын зохиолч Роуланд, киноны уран бүтээлч, жүжигчид байсан гэнэ.

Алан Рикман хорт хавдар тусаад удсаныг гэр бүлийнхнээс нь өөр хэн ч мэдээгүй байжээ.

Лондоны уугуул Алан Рикман Хаммерсмитийн жирийн ажилчны гэр бүлд төрсөн бөгөөд Холливуудад хөл тавихаас өмнө театраас жүжигчний гараагаа эхэлжээ.

Хорон санаатан, дайсан, муу талын дүр бүтээдгээрээ алдартай байсан Алан Рикман “Хатуу самар” киноны Ханс Грубер, “Робин Гүүд”-ийн Ноттингемийн Шериф, “Харри Поттер” киноны профессор Снейпийн дүрд тоглосон юм.

Хамтрагч, уран бүтээлчид нь түүнийг шоу бизнесийн ертөнцөөс хайж олохгүй үнэнч нөхөр, сайн жүжигчин байсныг дурсацгааж байна.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна