Х.Монголжин хэдэн дүү дагуулсан бэ?

2016 оны 1 сарын 15

-Хүн ам, орон сууцны завсрын тооллогын дүнг ирэх хоёрдугаар сард танилцуулах бөгөөд тэр үед Монгол Улсын хүн ам хэд болж, гурван сая дахь иргэнээс хойш хэдэн шинэ хүн өлгийдөн авсан нь тодорхой болно-

Одоогоос яг нэг жилийн өмнө Монгол Улс даяараа гурван сая дахь иргэнээ догдлон хүлээж байсан билээ. 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охин төрсөн. Х.Монголжинг Монгол Улсын гурван сая дахь иргэнээр өргөмжилсний дээр аймаг, дүүрэг бүрт гурван сая дахь иргэний чацуутныг тодруулан, төр засгаас урамшуулсан билээ. Түүнээс хойш Монгол Улсын хүн ам хэдий хэр өсч, Х.Монголжин охин жилийн дотор хэдэн дүү дагуулсан бэ гэдэг нь хэн бүхэнд сонин. Тэгвэл Улсын бүртгэл статистикийн ерөнхий газраас мэдээлснээр 2015 оны эцэст манай улсын хүн ам 3 сая 61,6 мянга болж өмнөх оны сүүлч үеэс 65,6 мянган хүн буюу 2,2 хувиар өсчээ. Улсын хэмжээнд 2015 онд 82150 хүүхэд төрсний 1255 буюу 1,5 хувь нь гадаадын улс орнуудад мэндэлсэн байна.

Түүнчлэн Улсын бүртгэл статистикийн ерөнхий газраас хүн ам, орон сууцны завсрын тооллогыг улс даяар явуулсан бөгөөд ирэх хоёрдугаар сараас тооллогын дүнг танилцуулах гэнэ. Тооллогын талаар УБСЕГ-ын Тооллогын товчооны дарга Ж.Мөнхбадараас тодрууллаа.

-Хүн ам, орон сууцны завсрын тооллогыг улс даяар явуулахдаа хүн амын регистрт суурилсан шинэлэг байдлаар зохион байгуулсан. Өмнөх тооллогыг улсын хэмжээнд 14 мянган тоологчийг бүх айл өрхөөр оруулж мэдээлэл цуглуулсан бол энэ удаа улсын иргэний бүртгэл болон бусад байгууллагын мэдээллийн санд суурилж тоолсноороо онцлог юм. Тооллогын дүнг 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний 00 цагаар тасалбар болгож гаргасан. Одоогоор мэдээллийг нягтлах, бусад байгууллагын мэдээллийн сантай уялдуулах ажлыг хийж байна. Завсрын тооллогын дүнг ирэх сарын дунд үеэр гаргаж, албан ёсоор нийтэд мэдээлнэ гэлээ.

Монгол Улс өнгөрсөн онд хэдэн хүнээр бүл нэмж, хэд нь бурхны орныг зорьсон хийгээд хүн амын өсөлттэй холбоотой бусад нарийн мэдээллийг УБСЕГ-аас тун удахгүй хүргэх юм байна.

Д.ЦЭЭЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна