Баавгай шагналгүй хоцров

2016 оны 1 сарын 15

“Алтан бөмбөрцөг” наадам дуусав уу үгүй юу, Америкийн кино академийн дээд шагнал “Оскар”-ын шагналыг хэн авах тухай яриа гарч эхлэв. Өнгөрсөн жил шилдэг уран сайхны кино төрөлд “Оскар”-ын шагнал авсан мексик найруулагч Алехандро Гонзалес Иньяриттуг энэ жил “Үхлээс амь мултарсан нь” киногоор дахин шилдэг киноны шагнал авах болов уу? Тэгж чадвал хоёр жил дараалан “Оскар”-ын шилдэг найруулагчийн шагнал хүртсэн хоёр дахь уран бүтээлч болох юм. Америкийн найруулагч Жозеф Манкевич 1949, 1950 онд дараалан “Оскар”-ын шилдэг найруулагч, шилдэг кино зохиолын шагнал авч байсан билээ.

Өмнө нь таван удаа “Оскар”-т нэр дэвшсэн ч хоосон хоцорсон Холливуудын жүжигчин Леонардо Ди Каприог энэ удаа нэг авна гэж хүлээж буй хүмүүс олон байгаа юм. “Оскар”-т горилогчдын нэрийг өчигдөр зарлахад Леонардо Ди Каприогийн тоглосон “Үхлээс амь мултарсан нь” кино 12 төрөлд нэр дэвшсэн юм. Кино саяхан нээлтээ хийн кино театруудаар гарч эхэлсэн билээ. Харин киног нь үзсэн зарим нэгэн кинонд жинхнээсээ “тоглосон” баавгайд л “Оскар”-ын шагнал өгөх ёстой гэцгээж байна. Хэдийгээр Леонардо Ди Каприо кинонд хөлдөж үхэх шахаж, өлсч үхэхийн даваан дээр бизоны түүхий махаар гол орж, үхсэн адууны гэдэс дотрыг идэж, шархддаг. Гэсэн ч киноны бас нэг гол дүр нь баавгай юм. Хэдийгээр баавгай Ди Каприогоос дутуугүй аймшигтай, үнэмшилтэй, жинхэнэ байсан ч “Оскар” байтугай “Алтан бөмбөрцөг” ч үгүй хоцорсон. Тэр бүү хэл нэрийг нь огт дурссангүй.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна