Монголчууд үрэлгэн

2016 оны 1 сарын 15

Ийм дүгнэлтийг статистикчид гаргажээ. Өнгөрсөн оны гуравдугаар улирлын эцсийн байдлаар Монгол Улсын өрхийн дундаж орлого, зарлагыг тооцон гаргасан байна. Оны эцэст энэ үзүүлэлт ямар байгааг дахин тодотгоогүй болохоор 2015 оны аравдугаар сарын тоон үзүүлэлтийг Улсын бүртгэл, статистикийн газрын Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэг танилцуулсан юм.

Өрхийн орлого зарлагыг тооцон үзэхэд өрхийн сарын дундаж орлого 937 мянган төгрөг байгаа бол зарлага 936,6 мянган төгрөг гарчээ. Орлого зарлагын зөрүү ердөө 400-хан төгрөг байгаа нь монголчууд олсноо үрж, зарж санаа нь амардаг дэндүү үрэлгэн хүмүүс гэдгийг батлаад өгч байна. Өрхийн орлого 2015 онд 2014 оныхоос 2,4 хувиар буурчээ. Энэ нь цалин болоод хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл үйлчилгээний орлого буурсантай холбоотой гэнэ. Харин монгол хүний дундаж цалин 844 мянган төгрөг байгаа ажээ. Энэ тоо дэндүү үнэмшилгүй хэт өндөр тоо байгаа тухай хүмүүс ихэд шүүмжилдэг. Тэгвэл статистикч тайлбарлахдаа:

-Ажиллагсдын дундаж цалинг гаргахдаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэгдсэн санд бүртгэлтэй 33 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллагын тайланд үндэслэж гаргадаг. Бид дундаж цалинг гаргахаас гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгөөс доош цалинтай, 300-500 мянган төгрөгийн, 500-800 мянган төгрөгийн цалинтай нь хүмүүс нийт ажиллагсдын хэдэн хувийг эзэлж байгаа ч давхар тооцдог. Нийт ажиллагсдын 5,6 хувь нь 192 мянган төгрөгөөс доош цалин авч буй бол өндөр буюу 1,5 сая төгрөгөөс дээш цалин авч байгаа иргэдийн 10 хувийг эзэлж байна. Ажил хөдөлмөр эрхлэгчдийн 60-70 хувь нь 700 мянгаас бага цалинтай байгаа гэлээ.

Түүнчлэн улсын хэмжээнд амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой өрхийн хэрэглээг хамгийн өндөр орлого, чанартай хэрэглээтэй өрхтэй харьцуулан жишихэд хэрэглээний чанарын зөрүү 5,5-7 дахин ялгаатай байгаа ажээ. Энэ бол таатай үзүүлэлт биш гэдгийг статистикчид хүлээн зөвшөөрч байлаа. Түүнчлэн хямарлыг хэмнэлтээр, үрэлгэн занг хямгач зангаар сольж гэмээнэ өрхийн амжиргаа дээшилнэ гэдгийг тодотгож байлаа.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна