Орон нутагт зудын байдал хүндэрч байна

Хуучирсан мэдээ: 2016.01.15-нд нийтлэгдсэн

Орон нутагт зудын байдал хүндэрч байна

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Шадар сайд Ц.Оюунбаатар болон холбогдох албаныхан аймгуудын удирдлагуудтай цахим хурал хийлээ. Тус хурал Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд 11.00 цагт болсон юм.

Өвөлжилт хүндэрч нийт нутгаар цагаан зудтай байгаа УОК-оос мэдээлсэн. Тиймээс бүс нутгийн төлөөлөл болгож Завхан, Увс, Дундговь, Сүхбаатар аймгийн төлөөлөгчдөөс өвөлжилтийн нөхцөл байдлыг тодруулсан юм.

Завхан аймгийн хувьд 24 сумтай. Эдгээрээс 12 суманд зудтай, 10 суманд зудархуу байна. Хүйтний эрч чангарч -48 хэмд хүрсэн учир Их Уул, Тосонцэнгэл сумдаас Архангай аймгийн Чулуут суманд отор нүүдэл хийж байгаа аж. Аймгийн өвсний нөөц дууссан тул улсын нөөцөөс ирсэн өвсийг сумдад хүргэх ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдсан гэлээ. Одоогоор малчдад хамгийн хэрэгцээтэй байгаа зүйл нь мөнгө гэдгийг тус аймгийн төлөөлөгч хэлсэн юм.

Харин Увс аймгийн тухайд нийт нутгаар цасан бүрхүүлтэй. Цасны зузаан 30-45 см болсон байна. Улсын нөөцөөс ирүүлсэн өвсийг нэгдүгээр сарын 20-ноос тараана гэлээ. Тус аймгийн 159 малчин өрх Ховд, Завхан аймгийн зарим суманд отор нүүдэл хийж байгаа аж.

Дундговь аймгийн тухайд ойрын дөрвөн жилд тохиогоогүй хахир өвөл тохиож байгааг мэдээллийн эхэнд онцолсон. Цас их орсны улмаас зам даваа хаагдаж, түргэний тэрэг эвдрэх хүндрэл бэрхшээл тохиолдож байна гэлээ. Увс аймгийн малчид өвс зээлээр авах санал гаргасан байна. Тиймээс Засгийн газраас хямд өвс олгох боломж байгаа эсэхийг тодруулж байлаа. Ямартай ч үнэгүй тараах ёстой 100 тонн өвсийг удахгүй хүргэж эхэлнэ гэлээ.

Сүхбаатар аймгийн тухайд 11 суманд зудтай хоёр суманд зудын байдалтай байна. Цасны зузаан 10-45 см болсон. Нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүл тогтож, зам даваа хаагдсан байна. Одоогоор малын хорогдол гараагүй, 52 өрх отор нүүдэл хийж байгаа юм байна. Түүнчлэн малын цэцэг өвчин гарч 156 малыг устгалд оруулжээ. Харин ойр хавийн өвчилж болзошгүй малыг эмчилсэн гэж мэдэгдлээ.

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж