Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийв

2016 оны 1 сарын 15

 

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан өнөөдөр /2016.01.15/ хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

 

Тэрээр, 2015 онд Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүд, Өргөдлийн байнгын хороонд иргэдээс ирүүлсэн өргөдлийн 443 буюу 11,9 хувь нь иргэдийн эрүүл мэндийн асуудлаар ирүүлсэн өргөдөл байна гэв. Үүнд, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар ирүүлсэн  өргөдлийн 70 орчим хувь нь иргэд эмчилгээний зардалд санхүүгийн туслалцаа авах асуудлаар, 20 орчим хувь нь энэ салбарт гардаг зөрчил тухайлбал эмнэлгийн оношлогоо үйлчилгээний хүртээмж тааруу, эмч ажиллагсад ажилдаа хариуцлагагүй ханддаг, хүнд суртал гаргадаг, өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагаа сул асуудлаар өргөдөл ирүүлсэн бол, 10 орчим хувийг нэр бүхий иргэд, хувийн эмнэлгүүдээс ирүүлсэн эрүүл мэндийн салбарын бодлого оновчгүй, тодорхой бус, зөрчил доголдол их, ялангуяа хувийн хэвшлийн эмнэлгүүдэд үйл ажиллагаа явуулахад дарамт шахалт их байгаа тухай гомдол гаргаж эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг сайжруулах талаар анхаарч нээлттэй сонсгол зохион байгуулж өгөөч гэсэн хүсэлтүүдийг ирүүлсэн байна гэлээ.

 

Түүнчлэн Өргөдлийн байнгын хороо эрүүл мэндийн салбарын асуудлаар 2014 онд 23 зүйл заалттай Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол баталсан. Үүний хэрэгжилтийг 2015 онд авч үзэхэд хангалтгүй дүгнэгдсэн. Иймд ӨБХ-ноос ирэх долоо хоногт эрүүл мэндийн салбарын өргөдлийн дагуу ажиллахаар төлөвлөж байна гэв.

 

Үүнд:

 

1. 2016.01.18-ны Даваа гарагт зарим эмнэлэг, эмнэлгийн байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, иргэд, эмнэлгийн ажилтнуудын саналыг сонсох, хүлээн авах ажлын зохион байгуулна.

 

2. 2016.01.20-ны Лхагва гарагт Эрүүл мэнд, спортын яам, харьяа газруудын удирдах албан тушаалтнуудтай эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж болон Өргөдлийн байнгын хорооны 2014 оны 6 дугаар тогтоолын хэрэгжилтийн асуудлаар уулзалт хийнэ.

 

Үүний үр дүнд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслүүдэд иргэд, эмнэлгийн салбарын ажилтнуудын саналыг холбогдох Байнгын хороонд хүргүүлж ажиллана гэж тус байнгын хорооны дарга Ж.Батзандан хэвлэлийн бага хурлын төгсгөлд онцлон тэмдэглэллээ.

 

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС