Сонгодог гала тоглолтын хандивыг малчидад зориулна

2016 оны 1 сарын 16

Улсын дуурь бүжгийн уран эрдмийн театрын хамт олон, уран бүтээлчид малчдаа дэмжих, нэг малыг ч болтугай онд мэнд оруулах сэтгэлийг тээж “Монголын улаан загалмайн нийгэмлэг”-тэй хамтран СОНГОДОГ ГАЛА ТОГЛОЛТ-ыг үзэгч танд хүргэх гэж байна. Энэхүү тоглолт ирэх лхагва гаригт буюу энэ сарын 20-ны өдрийн 19.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглогдоно.

Энэхүү тоглолтын бүх орлого өвөлжит хүндэрч, зудын ирмэгт буй хөдөө орон нутгийн малчин иргэдэд зориулагдана. Гамшиг осол тохиолдсон үед биш урьдчилан сэргийлж, ард иргэддээ туслах хөдөлгөөнд нэгдэхийг хүсвэл энэхүү сонгодог уран бүтээлийн тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байгааг театрын уран бүтээлчид уриалж байна.

2015 оны 11, 12-р сард олон удаагийн их хэмжээний цас орсны улмаас манай орны бүх нутгуудад цасан бүрхүүл тогтож, 12 аймгийн 100 орчим суманд цасны зузаан 40 см хүрч зудын хэмжээнд очоод байна. Иймээс театрын уран бүтээлчид малчидад туслах аянаа ийнхүү эхлүүлэхээр болжээ.

Ч.БОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна