ХОМ-ийг ирэх сарын 15-ны өдрийг хүртэл авна

2016 оны 1 сарын 16

Төрийн алба хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн /ХОМ/ бүрдүүлэлт эхэлжээ. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу ХОМ-ын бүрдүүлэлтийг нэгдүгээр сарын нэгнээс хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл авах юм байна. Энэ жилийн хувьд 40 орчим мянган төрийн албан хаагч хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн мэдүүлэх урьдчилсан тооцоо байгаа аж.

Уг нь өмнөх жилүүдэд ХОМ-ийг төрийн албаны 51 мянган хүн өгдөг байсныг өнгөрсөн онд хассан билээ. Өнгөрсөн жил 18 мянга гаруй ХОМ мэдүүлэгчийг хассан юм. Ингэхдээ ашиг сонирхлын эрсдэлд орох магадлал бага алба хаагчдыг ХОМ-ээс хассан гэж тухайн үед мэдээлсэн. Энэ талаар АТГ-ын хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг “УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. Төрийн алба хаагчдын авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэлийн судалгаа, эрх бүхий албан тушаалтнуудын санал, олон улсын шинжээчдийн дүгнэлт зэрэг олон зүйлийг үндэслэж ХОМ гаргагчийг хасдаг” гэв. Ингэснээр өнгөрсөн жил 38 421 албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон, хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргажээ.

Төрийн алба хаагчид, төрийн өндөр албан тушаалтнууд ХОМ-ээ гаргахдаа алдаа гаргавал зөрчлөөс нь хамаараад сануулах, цалингийн хувиар торгох, албан тушаалаас нь бууруулах, ажлаас халах гэсэн хариуцлага хүлээлгэдэг байна. Харин УИХ-ын гишүүд ХОМ-ээ буруу мэдүүлвэл Ёс зүйн дэд хороо мэдүүлгийг нь шалгаж, хариуцлага тооцдог аж.

Ингээд төрийн алба хаагчдын ХОМ-ийг ирэх сарын 15-ны өдрийг хүртэл авах юм байна.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна