Футзалын өсвөрийн улсын аваргууд маргааш тодорно

Хуучирсан мэдээ: 2016.01.16-нд нийтлэгдсэн

Футзалын өсвөрийн улсын аваргууд маргааш тодорно

Монголын Хөлбөмбөгийн Холбооны футзалын өсвөрийн УАШТ энэ сарын зургааны өдөр эхэлсэн. Тэмцээн 11 болон 13 хүртэлх гэсэн хоёр насны ангилалд нийт 57 багийн дунд явагдаж ийнхүү өнөөдөр хагас шигшээн тоглолтууд боллоо. Өөрөөр хэлбэл тэмцээний ахлах буюу 13 хүртэлх насанд нийт 32 баг харин 11 хүртэлх насанд 27 баг оролцсон. Эндээс нас насны ангилалд нийт хөдөө орон нутгийн 9 баг тоглосон нь тэмцээнийг улам сонирхолтой мөн тэнцвэртэй болгож чадлаа.

Өнөөдөр хагас шигшээн сонирхолтой, хариуцлагатай тоглолтууд боллоо. 11 хүртэлх насанд хэсгээ гурван хожилтой тэргүүлэн гарч улмаар нэг ч ялагдал амсаагүй байсан “Сэлэнгэпресс” клүбийн тамирчид өнөөдөр мөн ижил амжилтыг гаргаад байсан “Хараацай”  клубтэй өрсөлдөж, үндсэн цагт 4-1 харьцаатай ялалт байгуулснаар аваргын алтан медалийн төлөө тоглохоор шалгарч үлдлээ.

Тэдэнтэй энэ насны ангилалд алтан медалийн төлөө “Чингэлтэй” дүүргийн баг тоглохоор боллоо. Учир нь тэд хагас шигшээд “Эрхэс” багийг цорын ганц бөмбөгөөр буулгаж авсан юм.

Футзалын өсвөрийн УАШТ-ий 11 хүртэлх насны хүрэл медалийн төлөөх тоглолт маргааш өглөө 08:30 цагаас “Хараацай” ба “Эрхэс” багуудын тоглолтоор эхэлнэ.

Тэгвэл тэмцээний 13 хүртэлх насны ангилалд аваргын алтан медалийн төлөө “Хараацай” болон “Хан-Уул” дүүргийн багууд тоглохоор тус тус шалгарч үлдлээ. Аваргын төлөө шалгараад байгаа дээрх хоёр баг хоёулаа нэг хэсэгт багтаад байсан бөгөөд ийнхүү хоёул цааш шалгаран ялалт байгуулсаар дахин шигшээд уулзахаар боллоо.

"Хараацай" клубын тамирчид өнөөдөр "Дэрэн" клубын тамирчдыг 4-0 харьцаатай буулгаж авсан бол Хан-Уул дүүрэг өрсөлдөгч “ДМЮ”-г 4-2 харьцаатай ялсан байна.

13 хүртэлх насанд “Арвис” клүбийн 11 дугаартай тоглогч Намсрайдорж 27 гоол оруулсанаар мэргэн буучдыг тэргүүлж байгаа бол, 11 хүртэлх насанд “Сэлэнгэпресс” клүбийн 17 дугаартай Х.Чингүүн 17 гоол оруулсанаар мөн энэхүү жагсаалтын тэргүүн эгнээнд бичигдэж байна.

Маргааш өсвөрийн УАШТ-ий финалын тоглолтууд болон хаалтын үйл ажиллагаа МХБХ-ны футзалын ордонд явагдах болно.

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж