Гудамжны бүжгэн жүжиг

2016 оны 1 сарын 16

БЯМБА ГАРИГИЙН ГАЛЕРЕЙ БУЛАН

Өдрийн ажлаасаа буугаад харьж яваа залуу хос хүүхдээ тэврэн бидний урд цаашаа алхана. Эгэл боргилхон хувцасласан тэд нүдэнд нэг л дулаахан гэгээн аястай. Хөгжил хөөртөй мөртлөө үл ялигхан уяруун илч сэтгэл бүлээцүүлсээр. Хархүү бөх гэгчийн зузаан бөс даавуун костюмаа тун ч хээ шаагүй өмсжээ. Хослолтойгоо адилхан саарал өнгөтөй, ажилчин маягын саравчтай малгайгаа тэр чихэн дээгүүрээ давуулан дарж тавьсан харагдана. Бүсгүй бас л борог бааз хийцтэй цэмбэн пальто өмсөж, улаан дөрвөлжин хээтэй малгай, ороолтоор гоёжээ. Ээждээ тэврүүлсэн ноосон хүрэмтэй охины эсгий гутлын түрийн дээгүүр бяцхан шилбэ нь ил цухуйна. Хос хоёрын адилхан өмссөн томоо гэгчийн хүрэн шаахай нүдэнд яахын ч аргагүй инээдтэй өртөнө. Мөн ч хүнд байгаа даа гэж бодогдоно. Энэ бүхнээс урьтан хоёрхон юм л бидний баяслыг төрүүллээ. Тэр нь охины гараас оосорлогдон агаарт хөөрсөн час улаан бөмбөлөг. Баруун гараараа чанга тэвэрсэн залуугийн мөрлүү бүсгүй зөөлөн налсан нь жаргал билэгдэнэ. Эр хүний өмөг түшигтэй бахим гараар хайртай ханийнхаа баруун сугнаас нь дэмжихдээ жаахан үрээ давхар өргөсөн нь тун ч дотно.Юутай ариун хайр вэ? Тэрүүхэн тэндээ өөрсөддөө аз жаргал бүрдүүлж чадсан хосыг хараад би атаарлаа. Хэнд ч гоморхоогүй, сэтгэл дүүрэн хүмүүс. Тэдний илэн далангүй нээлттэй зүрхний халуун илч нь бусдад хайр түгээсээр...

Шотландийн зураач Александр Миллар үзэгчдэд бийрийн торгон үзүүрээс төрсөн дүрүүдээ илгээж байгаа нь энэ. Хөдөө нутгийн жижигхэн суурингийн хүмүүс түүний зургийн баатрууд билээ. Тэндхийн хүмүүсийн өмсдөг уламжлалт дөрвөлжин хээтэй улаан цамц малгай ороолт, хямд төсөр зузаан даавуун пальто, томоо гэгчийн шаахай түүний зурах дуртай хувцас. Зураачийн бүтээлүүдээс “Гудамжны балет” цуврал зураг нь алдартай. Тэдний нэгийг нь бид харж байна. Милларын зургуудад борооны ус тогтсон замаар дугуйн дээрээ сундалдан цааш яваа хээ шаагүй залуу хос, хайртай бүсгүйдээ өгөх баглаа цэцгээ ардаа нуун барьсан, саравчтай том малгайтай хархүү, ижилхэн улаан ороолтоо салхинд дэрвүүлэн хүзүүгээрээ тэврэлдэн хэлхэлдсэн хоёр эр хүн дүрслэгдсэн нь бий. Хотын гудамжны элдэв сонин үйл явдалтай, харилцан адилгүй хурц тод өнгө бүхий хоорондоо холбоотой олон үзэгдэлт бүжгэн жүжгийг бид ийнхүү сонирхох болно. Шотландийн баруун эргийн Спригсайд тосгонд 1960 онд төрсөн Миллар зураачийн бүтээлүүдийг үзэхэд Битлзийн “The Long And Winding Road” дууны аялгуу урсан орж ирэх шиг болдог. Шотландад амарч байхдаа Пол Маккартни энэ рок дууль симфоноо зохиосон юм. Зураач Милларын уянгын зөөлөн аястай зургууд өнөөдөр тив алгасан дэлхийг тойрсоны учир нь ч ийм буюу...

Үзэгчид та нар очсон газрынхаа уран зургийн галерейгаар дурлан ороход түүний зургуудыг түвэггүйхэн таних болно. Амжилт хүсье! 

Ө.РАГЧААСҮРЭН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна