Ираны эсрэг хоригийг цуцаллаа

2016 оны 1 сарын 17

 

Их гүрнүүдийн Ирантай байгуулсан цөмийн хөтөлбөрийн гэрээний дагуу олон улс Тегераны эсрэг тавьсан эдийн засгийн хоригоо цуцаллаа. Ираныг цөмийн зэвсэг бүтээхээс сэргийлэх зорилготой гэрээг Тегеран даган мөрдөж эхэлсэн тул олон улс амласан ёсоор хоригоо цуцаллаа. Хоригийг цуцалснаар  олон тэрбум ам.долларын царцсан хөрөнгийг чөлөөлж, Иран олон улсад газрын тосоо худалдах боломж нээгдэж байгаа юм. Олон улсын цөмийн энергийн агентлагийн /IAEA/ шинжээчид Иран улс гэрээний нөхцөлийг биелүүлж байгааг магадалснаар хориг цуцлах болжээ.

 

Гэрээний дагуу Иран Арак хотын ойролцоох хүнд усны реактороо хааж, лицензийн тоогоо цөөрүүлэн, бага баяжуулсан ураны нөөцөө ОХУ-руу тээвэрлэсэн билээ. Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээ ирэх 10-15 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх ёстой аж.

 

Олон улсын хоригоос үүдэн Иран улс 2012 оноос хойш зөвхөн газрын тосны худалдаанаас олох 160 тэрбум гаруй ам.долларын орлогоо алдсан байна. Иран нь газрын тосны нөөцөөр дэлхийд дөрөвдүгээрт ордог аж. Түүнчлэн Ираны гадаад дах 100 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө эргэлтэд орох боломжтой болжээ.  

 

Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон дээр Герман улс нэмэгдсэн хэлэлцээний баг өнгөрсөн долдугаар сард Ирантай цөмийн хөтөлбөрийн гэрээг байгуулсан билээ. Европын холбооны гадаад бодлого хариуцсан дарга Федерика Могерини “Энэ гэрээ бүс нутгийн болоод олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сайжруулахад хувь нэмрээ оруулна” хэмээн мэдэгджээ. Өмнө нь Ирантай гэрээг хэлэлцэх явцад Тегеран цөмийн зэвсэг хийх зорилгогүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан юм. Гэвч олон улс Иранд үл итгэсэн байдалтай байв.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна