УИХ-ын дарга барилгын салбарын төлөөлөлтэй уулзлаа

2016 оны 1 сарын 17

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.01.15/ барилга угсгалт, барилгын материал үйлдвэрлэлийн төлөөлөл болон тус салбартай холбоотой үйл ажиллагаа явуулдаг тавилгын үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн компаниудын төлөөлөлтэй уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэхдээ, сүүлийн 25 жилийн хугацаанд ипотекийн зээлийн санхүүгийн хэрэгслийн хүү болон хугацааг өөрчлөх бололцоо одоо гарч байна. Улсын Их Хурал Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Монголбанк сүүлийн жилүүдэд багагүй хэмжээний хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэн ипотекийн зах зээлийг үүсгэжээ. Харин амжилттай, тун үр дүнтэй хэрэгжиж байсан энэ систем сар гаруй хугацааны өмнөөс зогсчихоод байгаа. Гацаанд орсон байгаа энэ зах зээлийг сэргээхээр Улсын Их Хурал Иргэний хуульд нэмэлт оруулах, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцээд, Улсын Их Хурлын ихэнх гишүүд дэмжээд явж байна. Түүнчлэн Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна гэлээ. 

Ипотекийн тогтолцоо барилгын салбарыг бүхэлд нь хөдөлгөж байдаг чухал хэрэгсэл болохыг Улсын Их Хурлын дарга тоо баримтад тулгуурлан тайлбарлаад, барилгын салбар бол уул уурхайн салбараас илүү эдийн засгийн үр өгөөжтэй болохыг онцлов. Мөн тэрээр, Монголд байдаг байгалийн баялгийг орон сууц болгох хүртэл оролцдог компаниудын төлөөлөл энд байна. Бид орон сууцны зээлийн асуудлыг шийдвэрлэх, санхүүгийн нөхцөлийг нь бууруулахаар ажиллаж байна. Энэ бүхэн ажил болсны дараа орон сууцны зээл авах хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Харин энэ эрэлтийг дагаад барилгын үнэ өсөх эсэх талаар сонирхож буй олон нийтэд хариулт өгөх зорилгоор энэ уулзалтыг зохион байгууллаа гэв. 

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөх Г.Байгалмаа барилгын салбарын хөгжил, өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ. 

8 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхэлснээр барилгын материал үйлдвэрлэл хөгжиж, барилгын салбарт ажиллагсдын тоо нэмэгдэн, жилд шинээр ашиглалтад орж буй орон сууцны тоо нэмэгдэн, энэ хэрээр иргэд орон сууцтай болж байгаа зэрэг эдийн засаг, нийгмийн олон талын эерэг үр дүнг тайлбарлан, мэдээлэл өгөв. 

Улсын Их Хурлын дарга З.Энхболд ипотекийн зээлийн ач холбогдол, үр дүнгийн талаар танилцуулж, барилгын салбар болон энэ салбартай хамааралтайгаар үйл ажиллагаа явуулдаг компаниудад ипотекийн зээл олгож эхэлснээр гарсан үр ашгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Зураг төсөл боловсруулах, дэд бүтэц байгуулахаас эхлээд, орон сууц ашиглалтад орсны дараа тавилгаа байрлуулж өгдөг, дотоод тохижилтыг хийдэг компани, хувь хүмүүс гээд бүгдийг нь тоолох юм бол энэ маш том хөдөлмөрийн зах зээл, энэ хэрээрээ Монгол Улсын эдийн засагт уул уурхайгаас илүү өгөөжтэй гэдгийг тэмдэглэв. Түүнчлэн “Иргэдэд бага хүүтэй орон сууцны зээл олгосноороо үүнийг дагалдаад маш олон хүнийг ажилтай болгож байна. Энэ бол Ерөнхий сайдын хэлээд байгаа солонгоруулалт юм. Хамгийн амжилттай жишээ энэ” гэлээ. 

Мөн энэ үеэр Засгийн газар бага хүүтэй орон сууцны зээл олголтыг дэмжих бодлогынхоо хүрээнд барилгын салбар, тус салбартай холбоотой үндэсний үйлдвэрлэгчид, үндэсний ажилчдаа мөн дэмжих үүднээс тодорхой шалгуур тавих талаар зөвшилцөж байгааг мэдээлсэн юм. Орон сууцны зээлийн хүүг 5 хувь болгохдоо дотоодын барилгын компани монгол ажилчдыг цалинжуулан, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр барьсан орон сууцыг худалдан авахад олгох, ингэснээр Монголын эдийн засагт бодит эерэг нөлөө үзүүлэх бололцоотойг хэлж байв. Түүнчлэн өнөөдөр бий болсон ипотекийн энэ тогтолцоог бүрдүүлэхдээ дэлхийн олон оронд хэрэгжүүлсэн туршлагаас судалж, бодит үр ашигтай байх хэлбэрээр нэвтрүүлсэн гэдгийг хэлж байв. 

Танилцуулгын дараа уулзалтад оролцогчидтой чөлөөт ярилцлага өрнүүллээ. Монголын барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал, “Заг” ХХК-ийн захирал Б.Нэмэхбаатар “Манай ассоциацид Улаанбаатар хот дахь бүтээн байгуулалтын 80 гаруй хувийг гүйцэтгэж байгаа үндэсний 150 компани гишүүнчлэлтэй. Өнөөдрийн байдлаар гацаанд орчихоод байгаа ипотекийн зээл олголтыг сэргээхэд, цаашлаад зээлийн хүүг бууруулах явцад бид ямар оролцоотой байх талаар зөвшилцөөд, Монголбанк, МИК болон оролцогч байгууллагуудтай уулзан мэдээлэл авч ажиллаж байна. Энэ бүх үйл явдлын дараа орон сууцны үнэ өсөх эсэхийг иргэд сонирхож байна. Энэ асуултад ассоциациа төлөөлөөд хариулахад зах зээл, хууль эрх зүйн орчин тогтвортой байвал орон сууцны өсөхгүй, цаашлаад тогтвортой байх боломж бүрэн бий. Өнөөдөр 240 гаруй барилгын нийлүүлэгч үйл ажиллагаа явуулж байна. Зах зээл дээр бэлэн болсон, мөн 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа орон сууцны тоо 30,000. Нийлүүлэлтийн энэ эрчийг эрэлт гүйцэхгүй байгаа учраас үнэ өсөхгүй байх бодит шалтгаан энэ юм. Өмнө нь иймэрхүү байдал үүсээд байхад төрийн дэмжлэгтэй зээл олголт явагдахад л салбарын хөрөнгө эргэж, үйл ажиллагаа явагдаад, зах зээл сэргээд ирдэг. Тэгэхээр маш олон оролцогчтой энэ салбарыг Улсын Их Хурлын даргын ярьж байгаагаар яаралтай хөдөлгөөнд оруулахгүй бол байдал тун хүнд болох эрсдэлтэй. Тиймээс Улсын Их Хурлын даргын  санаачилгыг барилгын компаниуд бүрэн дэмжиж, энэ үйл явц, үр дүнгийн талаар үнэн зөв, бодит мэдээллийг олон нийтэд хүргэхээр төлөвлөөд ажиллаж байна” гэлээ. 

Барилгын салбараар дамжуулан нэг хэсэг иргэдээ орон сууцтай болгохын зэрэгцээ барилгачид, барилгын салбарын үйл ажиллагаатай хамааралтай бусад төрлийн бизнесийн байгууллагуудад ажиллаж буй иргэдээ баталгаатай, тогтвортой, цалинтай ажлын байртай байлгахыг чухалчилж байгааг Улсын Их Хурлын дарга хэлж байв.  Тиймээс шаардлагатай мэргэжилтэй ажиллах хүчнээс бусад төрлийн ажилчдыг гадаадаас авч ажилуулахгүй байх чиглэлийг Засгийн газарт өгөөд байгаа аж. Энэ нь бага хүүтэй ипотекийн зээл олголтын эдийн засгийн бодит үр ашгийг олон монгол хүнд хүргэх, цаашлаад улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх зорилготой юм байна. Мөн бусад орны жишээнээс ипотек нь Засгийн газар, төрийн тодорхой хувийн дэмжлэгтэйгээр явагддаг тогтолцоо байдгийг Улсын Их Хурлын дарга онцлоод, энэ тогтолцоог хэвийн, тогтвортой үргэлжлүүлэх үүднээс хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэхээр Улсын Их Хурал ажиллаж байгаа талаар мэдээллээ. 

Ийнхүү уулзалтын төгсгөлд барилгын салбарын стандарт, эрх зүйн орчны талаар ярилцаж, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцсон юм. Уулзалтад Улсын Их Хурлын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Буянцогтоо, Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Лхагвасүрэн, Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөх Г.Байгалмаа,  “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, Үндэсний бүтээн байгуулалтын корпораци, Монголын барилгын үндэсний ассоциаци, “Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ, Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбоо, Элс хайрга, дайрга үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл болон барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэгч, үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудын төлөөлөгчид, сэтгүүлчид оролцов.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна