Цасанд боогдсон иргэдэд Онцгойгийнхон тусалжээ

2016 оны 1 сарын 17

Ус цаг уурын хүрээлэнгээс энэ сарын 15-17-нд хүйтний эрч чангарч, Идэр, Тэс, Отгон, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 42-47 градус өдөртөө 28-33 градус хүртэл хүйтрэхийг анхааруулсан. Тэгвэл зарим аймагт цас ихтэйгээс автомашинтай явж байсан иргэд цаасанд боогдсон аж. Энэ тухай мэдээллийг Онцгой байдлын газарт ирүүлсээр байгаа юм. Тухайлбал Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Баянхайрхан багийн Хадаасан гэх газар аймгийн төвөөс хойд зүгт 8 км-т/ том, жижиг нийт 10 гаруй автомашин цасанд суусан тухай дуудлага  энэ сарын 15-нд 22:10 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, нийт 7 автомашин, 90 хүнийг  цаснаас татан гаргаж, гаргах боломжгүй 8 машиныг үлдээж, 25 хүнийг тээвэрлэн аймгийн төвд хүргэж ирсэн байна.

Увс аймгийн Тариалан, Наранбулаг сумын зааг Зостын хөтөл нэртэй газар /Улаангом сумаас баруун урд зүгт 80 км-т/, микроавтобус цасанд боогдсон тухай дуудлага энэ сарын 16-ны өдрийн 11:20  цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, жолооч М, Ц /48 настай, эмэгтэй/, Т /53 настай, эрэгтэй/ нарыг цасанд боогдсон үед автомашиныг нь татан гаргажээ.

Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар багийн Хатуугийн даваа гэдэг газар “Ланд крузер-100” загварын автомашин цасанд боогдсон тухай дуудлага мөн өдрийн 20:35 цагт ирсэн аж. Дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Д /37 настай, эрэгтэй/, Б /40 настай, эрэгтэй/, Б /36 настай, эмэгтэй/, И /1 нас 5 сартай, охин/ нарыг аймгийн төвд авчирсан байна.

Онцгой байдлын ерөнхий газраас жолооч нарыг аян замд гарахдаа цаг агаарын мэдээг сайтар авч, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахыг анхааруулж байна.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна