О.Баасанхүү: С.Зоригийн хэргийг илрүүлсэн шиг илрүүлж чадна

2016 оны 1 сарын 18

-Яагаад гэвэл нууцын зэрэгтэй хэрэгт эрх нь хангагдахгүй гэсэн ойлголт байхгүй. Террористууд ч эрхээ хангуулаад явж байгаа. Сэжигтнийг гэр орныхонтой нь уулзуул, хувцас хунарыг нь солиул, эдлэх ёстой эрхийг нь эдлүүл гэдэг шаардлага өгсөн-

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хаяглагдан ирсэн иргэдийн зарим гомдлыг хууль хүчний байгууллага шалгах шаардлагатай хэмээн үзэж та Улсын ерөнхий прокурорын газарт хүргэж өгсөн. Түүнд С.Зориг агсны хэрэгтэй холбоотой зүйл бий юу. Энэ асуудлыг тодруулахгүй юу. Мөн өөр бусад ямар асуудал байгаа вэ?

-УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 2015 оны наймдугаар сарын 31-нд иргэн н.Жавзмаа гэдэг хүн “Миний хүүхдийг хилс хэрэгт гүтгээд аваад явчихлаа, уулзуулахгүй байна” гэдэг асуудал тавьсан. Саяхан энэ хэрэгт сэжигтнээр татагдсан Б.Булганы ээж Д.Байгалмаа “Охинтойгоо уулзмаар байна” гэдэг асуудал тавьсан. Охинтой нь уулзуулахгүй байгааг ер ойлгохгүй байгаа. Гэм буруутайг шүүх л тогтооно, гэм буруугүй ч байж болно. Урьдчилан хорьж байгаа нь гэмт хэрэгтэн гэсэн үг биш. Хорьж саатуулахад үндсэн шалтгаан байна. Тэр нь оргон зайлж магадгүй, мөрдөн байцаалтад саад учруулж магадгүй, дахин гэмт хэрэг үйлдэж магадгүй гэдэг гурван шалтгаан бий. Тэгэхээр ээж нь тэр хэрэгт хамааралтай биш яагаад уулзуулж болдоггүй юм бэ?

С.Зориг агсны хэргийг улстөржүүлэх шалтгаан байхгүй. Хүний эрхийг хангах ёстой. Яагаад гэвэл нууцын зэрэгтэй хэрэгт эрх нь хангагдахгүй гэсэн ойлголт байхгүй. Террористууд ч эрхээ хангуулаад явж байгаа. Тэр утгаараа энэ хэргийг Улсын ерөнхий прокурор анхаарч, сэжигтэнийг гэр орныхонтой нь уулзуул, хувцас хунарыг нь солиул, эдлэх ёстой эрхийг нь эдлүүл гэдэг шаардлага өгсөн.

Хоёрдугаар асуудал нь Тосонбумбатай холбоотой юм. Байнгын хорооны даргын хувиар 2015 оны долдугаар сарын 7-ний өдөр Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Хариу нь ирэхэд “Тосонбумын нурууг тусгай хамгаалалтад авна” гэсэн.

Хамгийн сүүлд бид байнгын хороон дээр хэлэлцүүлэг хийсэн. Тэр үед “Нөхөн төлбөр өгөхөд Монголын эдийн засаг хямраад байгаа юм уу эсвэл тусгай хамгаалалтад авах ёсгүй газар юм уу. Эс бөгөөс нөлөө бүхий хүмүүс нөлөөлөөд байгаа юм уу, хил хязгаарыг нь тогтооход хүндрэл бэрхшээл учраад байгаа юм уу” гэж асуусан.

Энэ асуултад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг “Тусгай хамгаалалтад авна, хил хязгаарыг тогтоосон. Нөхөн төлбөрт хоёр тэрбум төгрөг өгнө, Ирвэс хамгаалах сангийнхны хүссэнээр хамгаалалтын бүс татна. Бүрэн шийдэж байгаа асуудал. Арванхоёрдугаар сарын 15-ны дотор Засгийн газрын хурлаар оруулна” гэсэн. Протокол нь байгаа. Гэтэл Уул уурхайн сайд Р.Жигжидийн зүгээс санал орууллаа гэж хэлээд гэнэтхэн тусгай хэрэгцээнд авсан.

-Энэ тохиолдолд яана гэсэн үг билээ?

-Гурван жилийн дотор тухайн газар шинээр лиценз өгөхгүй гэсэн үг. Гэхдээ тэнд дахин шинээр лиценз өгөх газар нутаг байхгүй. Тийм учраас лобби орчихсон юм биш байгаа гэж санаа зовж байгаа. Тэр утгаараа би Лхагвасүмбэрэл агсны хэргийн мөрдөн байцаалт хийсэн ажлын хэсгийг өргөтгөөч гэсэн асуудал тавьсан. Энэ бол Улсын ерөнхий прокурорын бүрэн эрхийн асуудал.

Гуравт, сайд С.Баярцогттой холбоотой асуудлаар Т.Бат-Эрдэнэ гэдэг иргэн гомдол гаргасан. Түүнд хэд, хэдэн үндэслэл бий. Оффшор данстай холбогдох асуудлаар С.Баярцогт сайдын гадаад, дотоодын хэвлэлд өгсөн ярилцлага нь зөрдөг. Энэ асуудлаар тухайн үедээ эрүүгийн хэрэг үүсгэсэн ч өөрийнх нь мэдүүлгээр хаасан юм билээ. Өөрөөр хэлбэл, шалгах ёстойгоо шалгаагүй, мөнгөний эх сурвалжийг гаргаж чадаагүй. 10 сая доллар юм уу, нэг сая доллар юм уу? Аль нь вэ гэдгийг тогтоож чадаагүй. Яагаад тэнд мөнгө байршуулсан зорилгыг гаргаж чадаагүй, хамтрагчийг тодорхой мэдэхгүй байгаа. Тийм учраас энэ хэрэг дутуу байна гэж үзэн гомдол ирүүлсэн учраас шинээр илрэх нөхцөл байдал байгаа бол энэ хэргийг дахин шалга гээд материалыг нь шилжүүлсэн.

Хамгийн сүүлд Өргөдлийн байнгын хороонд Н.Номтойбаяр гишүүнтэй холбоотой гомдол Г.Нямдорж гэдэг иргэнээс ирсэн. Н.Номтойбаяр гишүүнийг би тийм бузар булай юм хийнэ гэдэгт итгэхгүй байгаа. Өөр лүү нь утасдаж асуусан. Шүүх, цагдаа, прокурор руу хандсан нэр төрөө сэргээлгэнэ гэж байна лээ. Гэхдээ надад тэр гомдлыг дарах эрх байхгүй. Хууль бус алтны наймаа шиг юм байсан. Тагнуул нь шалга, хүнд авлига өгсөн юм шиг асуудал яригдсан, тэрийг нь Авлигатай тэмцэх газар шалга. Хүнийг зодсон гэх гомдлыг цагдаа нь шалга гээд холбогдох бүхий л хууль хяналтын байгууллагууд руу явуулсан.

-Та дээрх гомдлуудыг Улсын ерөнхий прокурорт өгч чадсан юм уу?

-Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалантай уулзъя гэтэл харамсалтай нь ажлын цаг нь давхацсан ч юм уу “Завгүй” гээд уулзаж чадаагүй. Би Ё.Сагсай прокурорыг мөрдөн байцаалтад хяналт тавьдаг болохоор нь уулзсан. Уг нь төрд гарсан хүмүүс нь төрийн байгууллагаа дэмжээд л явмаар байгаа юм. Өмнө нь Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссоор Р.Чингис даргыг олон удаа дуудсан, ирээгүй.

-Та Жавзмаа гэдэг хүн өргөдөл ирүүлсэн гэсэн. Өргөдлийн агуулгыг тодруулахгүй юу. С.Зориг агсны хэрэгт холбогдуулан Орхон аймгаас хорьсон хүний нэг гэж ойлгож болох уу. О.Содбилэг гишүүн танд хандсан уу. “С.Зориг агсны хэрэгт аавыг минь нэр холбогдууллаа, тийм үндэслэл байхгүй” гээд твиттертээ бичсэн?

-О.Содбилэг гишүүн надад хандаагүй, харин би өөрөөс нь “Та өөрөө энэ тухай бичээ юу эсвэл таны аккаунтыг ашиглаад хэн нэгэн бичсэн юм уу” гэж асуусан. “Би өөрөө бичсэн” гэсэн хариулт өгсөн. Бидэнд хандах бол чөлөөтэй шүү гэсэн. “Мэдэж байгаа” гэсэн. Иргэн н.Жавзмаагийн өргөдөл, эх сурвалжийн талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна, уучлаарай.

-Та өмнө нь энэ асуудал босохоос өмнө твиттертээ “С.Зориг агсны хэрэг илэрнэ” гэж жиргэсэн. Тодорхой мэдээлэл авсан юм уу, баримт олдсон юм уу?

-Энэ хэрэг илэрнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа. Шалгаад хуулийн байгууллага нь хариугаа хэлэх цаг нь болсон. 1998 оноос хойш 10 жил шахам нэг прокурортой, дараа дөрвөн жилд нь нэг прокурор, одоо нэг прокурор.  Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийнхээ хугацаагаар ярих юм бол гуравхан ерөнхий прокурорын хяналтад явж байгаа.

Одоогийн Улсын ерөнхий прокурорыг чадварлаг мөрдөн байцаагч байсныг би мэднэ. Тэр утгаараа хэргийг илрүүлсэн шиг илрүүлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

-Сонгууль дөхөхөөр л энэ хэрэг манддаг юм биш үү, илрэх гэж байгаа юм шиг ойлголт төрүүлдэг?

-Сонгууль дөхөхөөр энэ хэрэг манддаг гэдэг нь буруу ойлголт шүү. Би ямар хэрэг мөрдөгч биш. Гэхдээ л гэрчтэй, үйлдэлтэй яригддаг асуудал учраас илэрнэ гэдэгт итгэлтэй байгаа.

-Таныг Өргөдлийн байнгын хорооны даргаас чөлөөлчихлөө. "Шударга ёс" эвслийн бүлгийн зүгээс хүсэлт гаргаад таныг дахиад байнгын хорооны даргаар улираах боломж байсан, тийм маневр хийсэнгүй?

-“Шударга ёс” эвсэл Засгийн газар бүрдүүлэхэд бусад намаасаа илүү оролцоотой байгаа. Тэгэхээр найман байнгын хорооноос гурвыг нь авах боломжтой гэж ойлгож байсан. Намын даргаасаа би энэ тухай асуусан. Н.Энхбаяр дарга “Даргаа шүүмжлээд ярьчихаар дарга нь ч тэр, нам нь ч тэр өмөөрөхгүй биз гээд чамайг дээрэлхээ байлгүй дээ” гэсэн. Би ч “орилоод ч яах вэ өгье” гэсэн.

Ер нь жилийн хугацаанд Өргөдлийн байнгын хороо сайн ажилласан, манай гишүүд маш их ажил хийсэн. Тавантолгойн асуудлыг зөв гольдролд нь орууллаа, хувьцааг үнэгүйдүүлэх асуудал байх ёсгүй гэж асуудал тавиад, 200 ажилтныг зарах гээд байсан, тэрийг шийдсэн. Халх голын асуудлыг ярьж, хоёр гишүүнээр хуулийн төсөл санаачлуулсан. Яривал зөндөө юм бий. Ц.Нямдорж гишүүн аргаа бараад “Өргөдлийн байнгын хорооноос бусдыг нь татан буулгая” гэж хэлж байх  вэ дээ.

60 мянган өргөдлийг шийдвэрлэх гэж өдөр болгон хүмүүстэй уулзах их ажилтай байлаа шүү дээ. Байнгын хорооны даргаас чөлөөлөгдсөн сайхан байна, цаг завтай боллоо.

-Танай бүлэг даргагүй байгаа. Санал тавивал та хүлээн авах уу?

-Санал тавивал яагаад болохгүй гэж. Нам итгэл хүлээлгэвэл юу ч хийхэд бэлэн.

-Д.Тэрбишдагва гишүүн намынхаа дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна?

-Би өргөдөл өгснийг нь дуулаагүй. Гүйцэтгэх товчоо өчигдөр хуралдсан байна билээ. Д.Тэрбишдагва даргатай уулзалгүй удаж байна. Бие нь тааруу байгаа тухай сонсогдсон. Дараа нь эмчилгээ хийлгэж байгаа гэж сонссон.

-Сүүлийн үеийн мэдээллийг харахад МАХН-ынхан дотооддоо ойлголцол муутай, маргалдсан хэрэлдсэн гэх. Эв түнжингүй байна уу даа?

-Амьд байгаагийн шинж. Эхнэр, нөхөр хоёр 20 жил амьдрахад маргалдахгүй, хэрэлдэхгүй байдаг бил үү. Ардын намынхан шиг очоод хүн зодчихсон асуудал алга, Ардчилсан нам шиг дотроо тулалдсан юм алга.

-Та яагаад бусдыг дандаа шүүмжилж байдаг юм бэ. МАН, МАХН-ын тасарсан мах, үсэрсэн цус гэж ярих гишүүн танай намд бий?

-Тийм ээ, би яагаад шүүмжилдэг вэ гэвэл Ардын нам, МАХН хоёр эвсэх ёстой, нэгдэх ёстой, хамтрах ёстой. Даанч энэ намынхан алдаагаа засахгүй байгаа болохоор би шүүмжилдэг.

Би сайн хүнээ ч шүүмжилдэг. Жишээ нь би С.Ламбаа даргыг шүүмжилж байгаа.

-Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон, УИХ-ын даргын зөвлөх асан С.Ламбаа гуай юу?

-Тийм ээ, уг нь намайг хагалгаанд орох болоход С.Ламбаа ах /УИХ-ын даргын зөвлөх байхдаа/ УИХ-ын гишүүнд өгдөг тэтгэлгийг олгоход тусалсан. Эрүүл мэндийн салбарынхан түүнийг Монголын төрд томилогдсон сайд нараас хамгийн сайн нь байсан гэж үнэлдэг. Гэтэл хууль зөрчөөд Төрийн нарийн бичгийн даргаар очоод суучихаар шүүмжлэхээс яах юм бэ.

-Та их олон “дайсан”-тай болсон байх аа?

-Надад гомдсон хүмүүс их олон болсон байна билээ. Маш олон хүн намайг “Зургаан сарын дараа гудамжинд гараадах, яаж ийж байгаад чамайг шоронд хийе л” гэж ярьдаг болсон. Нэртэй устай нь хэлж болно. Гэхдээ хов жив болчихно.

-Яагаад шоронд суулгах гээд байгаа юм бол?

-Гүтгэж болно шүү дээ, нийгэм их зэвүүн болчхиоод байна. Би их олон хүний эрх ашиг дээр хөндлөн зогсчихлоо. Ноён уулыг тусгай хамгаалалтад ав гээд шийдвэр гаргуулах гээд явж байна, Халх голын УИХ-ын 75 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар хоёр гишүүнийг нь загнаж байгаад тогтоолын төсөл өргөн бариулчихлаа. Эрүүл мэндийн асуудлаар нээлттэй сонсгол хийе гэтэл нөгөө хайр зарлаад байсан хүн нь “Сонсгол хийж болохгүй шүү” гээд мессеж явуулаад больчихлоо шүү дээ.

Ер нь би Өргөдлийн байнгын хорооны даргаар ажилласан нэг жилийн хугацаанд, мөн УИХ-ын гишүүнээр ажилласан гурван жил гаруйн хугацаанд олон хүний нулимсыг арчиж өгсөн дөө, нууцгүй хэлэхэд.

Төрийн ордны хаалган дээр нэг өвгөнийг хамгаалалтынхан оруулахгүй байхад нь би очиж уулзаад юу болов гэхэд “Миний хөгшин харвах гээд байна, чи надад туслаач. Чамаас өөр надад мөнгө өгөх хүн алга” гээд гуйхад нь халаасанд байсан 200 мянган төгрөгөө өгөөд явуулсан.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “25 мянган хүүхдэд компьютер бэлэглэлээ” гээд өөрийгөө рекламдаж байгаа. 2010 онд энэ төсөл хэрэгжихээр болж байсан ч гацсан. Тэгэхэд нь би чөлөөлөгдөөд нутаг буцсан Хятадын Элчин сайдтай уулзаад монголчуудынхаа өмнөөс уучлал гуйгаад “Бидний алдаа боллоо, энэ төслийг явуулаад өгөөч, манай байнгын хорооны саналыг дэмжээч. Бид анхааръя” гээд 25 мянган компьютер орж ирсэн. Чингэлтэйн Засаг дарга н.Ганболд намайг хөөгөөд л байсан, бүх сургууль нь газраа авлаа.

Би энэ дөрвөн жилд хийсэн юмтай, хэлэх үгтэй. Муулуулснаараа би муу болчихгүй, би үнэний дуу хоолой болоод явна, хийдгээрээ хийнэ.

-Та УИХ-ын сонгуульд нэр дэвших үү. Намын зүгээс танд санал тавьсан асуудал бий юу?

-Н.Энхбаяр дарга надаас асуусан. Чи сонгуульд нэр дэвшинэ шүү гээд. Би гайхсан л даа, дарга маань дэвших үү биш дэвшээч гэх ёстой доо гээд.

Тэгээд би “Дарга аа, та намайг гурван тойрогт “усал” гэсэн. Улаанбаатарын Чингэлтэй, Дорнод, Орхон аймгийг би “услаад” явж байгаа шүү гэдгээ хэлсэн. Хэзээ нэг тойргоо сонго гэж хэлэх юм, би тэр тойргийг сонгоно. Нэр дэвшинэ гэдэг бол ард түмнээрээ УИХ-д хийсэн ажлынхаа дүнг тавиулна. Би ахин УИХ-ын гишүүн болно гэсэн амбицаар дэвших гээд байгаа юм биш. Ард түмэндээ хийсэн ажлаа танилцуулаад, хийх ажлаа танилцуулах тухай л ярьж байгаа шүү. Тойрог бол надад үнэндээ асуудал алга, хаанаас ч олж болно.

-Таныг намын даргадаа гомдоод МАН-д элсэхээр гуйж явна гэх яриа байсан?

-Тийм юм байхгүй. МАН-д орох юм бол бид ажил хэргээр л ярина. Би юу хийх юм, бид юу хийх юм. Нөгөө талаасаа МАХН, МАН-ын эв нэгдлийн асуудлаас хамааралтай хөдөлгөөн хийхийг үгүйсгэхгүй. Тэрнээс биш хувь хүн очоод даргыгаа муу хэлээд намынхнаа нулимж хаяад очих юм бол хэн ч намайг хүлээж авахгүй, хэн ч надад итгэхгүй. Тэрний оронд бие даасан нь дээр. Нөгөө талаасаа намын дарга надад гомдсон юм байхгүй.

-Таныг очоод тойрог гуйсан гэх юм билээ. МАН-ынхан зөвшөөрөөгүй?

-Би МАН-ын нэг ч хүн дээр очоод юу ч гуйгаагүй. Наадах чинь үлгэр. Хүн улс төрийн сонголт хийх гэж байгаа бол ажил хийх гэж л сонголт хийх ёстой болохоос эрх мэдэл хайж очих гэж сонголт хийж болохгүй. Улааныг харж урваж, шарыг харж шарваж болохгүй. Нэг үзэгдэлтэй улс төр би хийдэггүй. Шударга ёсны төлөө би муу хэлүүлэхээс ичдэггүй, хамгийн гол нь шударга ёс нь үр дүнд хүрээсэй л гэж би хүсдэг.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна