“ИУ”-ыг барьж дийлэх үү!

2016 оны 1 сарын 18

 

 

Өнгөрч буй долоо хоногийн үйл явдлаар Турк, Индонези, Буркино-Фасо зэрэг орнуудад хийсэн террор, олон жил үргэлжилсэн Ираны эсрэг хоригийг цуцалсан, Нефтийн геополитик зэргийг онцолж байна.  Дахин дэгдсэн Эбола вирусийн талаар чимээгүй өнгөрч болохгүй болов уу. Эхлээд таатай мэдээнээс...

 

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нээгдлээ

 

 

БНХАУ-ын дарга Си Жиньпин,  Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны (Asian Infrastructure Investment Bank, AIIB/АДБХОБ) нээлтийг нэгдүгээр сарын 16-нд Бээжин хотноо баяр ёслолын байдалтайгаар хийлээ.

 

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь XXI зууны хөгжлийн олон талын  үүрэг ажиллагаатай банк юм.

 

“Өнөөдөр Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банк ажилдаа орлоо. Энэ банкийг байгуулсан нь Азийн дэд бүтцийн  бүтээн байгуулалтын ажиллагааг сайжруулах боломжийг бидэнд  өгч, бүс нутгийн эдийн засгийн  интеграцид  тус дэм  үзүүлэх юм.  Оролцогч орнууд нь өөрийн хувь нэмрээ нэмнэ гэдэгт найдаж байна. АДБХОБ нь нээлтэй байр суурьнаас ажиллагаа явуулан  бүс нутгийн бусад бүтцүүдэд нээлттэй байх юм” гэж Си Жиньпин мэдэгдлээ. Хятад улс уг банкийг  үүсгэн байгуулагч орнуудад 50 сая долларын тусламжийг  тэд нь дэд бүтцийн төслүүдээр  гаргах саналаа боловсруулахад зориулан гаргана гэж хэлсэн юм.

 

© AP Photo/ Wang Zhao

 

Азиийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах санаачилгыг Хятадын дарга Си Жиньпин, БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян нар 2013 оны  аравдугаар сард гаргасан юм. Азийн бүсийн орнуудын  эдийн засгийн хөгжлийн дэд бүтцийн  хязгаарлалтыг даван туулах  зорилгоор банк байгуулагдсан ба зээл олгох, хөрөнгө оруулалт хийх, баталгаа гаргах, техникийн тусламж үзүүлэх зэрэг өргөн үйлчилгээг явуулна.

 

Олон тооны шинжээчид шинэ банкийг АНУ-д байрладаг ОУВС ба Дэлхийн банкны гол өрсөлдөгчийн нэг болно гэж үзэж байгаа. Тус банкийг үүсгэн байгуулагч 57 орны төлөөлөгчид 2015 оны зургадугаар сарын 29-нд АДБХОБ-ыг байгуулах гэрээнд гарын үсгээ зуржээ. Австрали, Австри, Азербайжан, АНЭ, Балба, Бангладеш, Бразили, Бруней, Вьетнам, Герман, Гүрж, Дани, Египет, Израиль, Их Британи, Индонез, Иордан, Исланд, Иран, Испани, Итали, Казахстан, Камбожа, Катар, Киргиз, Кувейт, Лаос, Люксембург, Малайз, Мальдивын арлууд , Мальта, Монгол, Мьянма, Нидерланд, Норвеги, Оман, Орос, Пакистан, Польш, Португали, Саудын Араб, Сингапур, Тажикистан, Таиланд, Турк, Хятад, Узбекистан, Филиппин, Финлянд, Франц, Швейцари, Швед, Шри-Ланка, Шинэ Зеланд, ӨАБНУ, Өмнөд Солонгос гэрээнд гарын үсгээ зурсан юм.

 

Орос тус банкны 65 362 хувьцааг “атган”  5,92%-ийн саналтай болсноор Хятад, Энэтхэгийн дараа гуравдугаарт орлоо. Хятадын хувь нь  26,06 хувь ба Энэтхэг 7,5 хувийг эзэмших болов.  Банкны дүрмийн санг бүрдүүлэхэд тус банкинд томоохон хөрөнгө оруулсан эхний таван орон нь  Хятад, Энэтхэг, Орос, Герман, Өмнөд Солонгос юм. Банкны  дүрмийн сан нь одоо 100 тэрбум  ам.доллар байна. Дүрмийн санд Азийн орнуудын хөрөнгө оруулалт 75 хувиас хэтрэх ёсгүй.  Дүрмийн хөрөнгө оруулалт нь тус бүр 100 мянган доллар бүхий нэг сая хувьцааны багц болж байна. АДБХОБ-ны төв байр нь Бээжинд байрлах юм.

 

Эбола шинээр дэгдэв

 

© Flickr/ NIAID

 

Сьерра-Леоне улс Эбола хижгээс бүрэн салан түүнийгээ бүжиг дуутайгаар угтлаа гэж мэдээлээд долоо хоног өнгөрч амжаагүй байхад  энэ азгүй орны 100 хүнийг хөл хорионд оруулсан тухай мэдээлэл ирлээ. Тус улсын Эрүүл мэндийн яам 109 хүнийг Эбола хижгээр нас барсан бүсгүйтэй контакттай байсан гээд  тусгаарласан гэлээ.

 

Баасан гаригт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Сьера-Леоне улсад өвчин зогссоныг зарласны дараа 22 настай эмэгтэй уг өвчнөөр өвчлөн нас барсан гэж мэдэгдлээ. Ийнхүү Эбола хижиг 2016 онд хүн төрөлхтөнд аюултай хэвээр буйг харууллаа. Өнгөрсөн мягмар гаригт одоогоор хэрэглэж буй Эболагийн эсрэг эмүүдээс хамгийн өндөр үр дүнтэй  вакциныг оросууд бүтээн бүртгүүлснийг ерөнхийлөгч Путин мэдэгдсэн юм.

 

Австри Шенгений бүсээс гарлаа

 

Фото: 

 

Европын холбоо нь  өөрийн ээдрээтэй бүтцийн улмаас дүрвэгсдийн хямралыг шийдэж чадахгүй байгаа нь харагдаж эхлэв. Баварийн жижиг хотын захирагч автобус дүүрэн дүрвэгсдийн канцлер Меркелийн алба руу илгээсэн хэрэг гарлаа.

 

Бараг бүтэн жилийн турш Шенгений бүсийг  хэрхэн хадгалан үлдэх тухай шуугиж ирсэн ч Европын холбоо гадаад хил хязгаартаа хяналт тогтоож чадахгүй байгаа учраас  Австри Шенгений гэрээнээс түр хугацаагаар гарч хил  хязгаараа бэхжүүлэн хяналттай болгож байгааг тус орны канцлер Вернер Файман өнгөрсөн долоо хоногт зарлав. Ийнхүү Европын холбооны  үнэт зүйлийн нэг иргэдийн чөлөөтэй  зорчих эрхийг хангасан Шенгений бүс задарч эхлэв. Шенгений бүс оршин тогтнох эсэхэд  том асуудал бодитоор гарч эхэлжээ.

 

Иран хоригоос саллаа

 

 

Европ, АНУ хоёр Ираны эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцлав. Тегеран өнгөрсөн онд тохиролцсон гэрээнийхээ хүрээнд цөмийн хөтөлбөрөө явуулж байгааг Олон улсын атомын эрчим хүчний агентлагт шалгуулан итгүүлжээ. Одоо Иран нефтийн экспортоо эрс нэмэгдүүлэх боломжийг авлаа. Тэр нь тогтмол уналттай байгаа нефтийн зах зээлийн үнэд нөлөөлөх нь мэдээж.

 

Бямба гаригт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 60 секундын дотор Иранд авсан хориг арга хэмжээгээ цуцлан  гарын үсгээрээ түүнийг баталгаажуулав. Европын холбооны дипломатын албаны тэргүүн Федерика Могерини мөн л энэ өдрөөс Ираны эсрэг хориг арга хэмжээ үйлчлэхгүй гэж зарлав. Ираны ерөнхийлөгч Хасан Рухани бурхандаа, “тэсвэр хатуужилтай” ард  түмэндээ олон улсын хориг цуцлагдсанд нь талархал илэрхийлж байлаа.

 

Ираны битүүмжлэгдээд байсан 50 тэрбум долларын данс нээгдлээ. Ураны баяжуулалтаа идэвхжүүлсэн Махмуд Ахмадинеджадын үеэс Ираны эсрэг олон улсын хориг арга хэмжээ үйлчилж эхэлсэн юм. Түүний дараа гарч ирсэн ерөнхийлөгч Рухани Баруунтай тохиролцож чаджээ. Цуцлагдсан хоригийн үеэр Ираны эдийн засаг нь 160-180 хүртэл тэрбум долларын хохирол амсжээ.

 

Нефтийн үнэ хурдтай уналаа

 

Өнөөдөр нефтийн үнэ олон жилийн  доод үзүүлэлтийг харуулж байна. Өнгөрсөн долоо хоногт нефтийн үнэ унах шалтгаан нь  Ираны эсрэг  эдийн засгийн хориг цуцлагдах мэдээ болсон гэж үзэж байгаа. Нефтийн үнэ доогуур байгаа ч Иран зах  зээлд өдөрт 2 сая баррель нефть нийлүүлж байх болно  гэж иранчууд хэлж байгаа. Бараг хагас жил шахуу  Иран нефтийн үнэ унах шалтаг болж ирсэн юм.

 

Үнэн хэрэгтээ нефтийн зах зээл  дээр гайхалтай том геополитикийн тоглолт болж байна. Хаа нэгэнтээ олборлолт буурдаг, хэн нэгэн нь түүнийг нэмж байсан ч үнэ 100 доллараас дээш, тогтвортой байв.

 

Хамаг учир  шалтгаан нь нефть экспортлогч орнууд хэт их орлого олж тансаглаж сурсанд байгаа байх. Тэд тэр их орлогоо зарлагдаж ирснээс биш түүнийг хөгжил, хөрөнгө оруулалтад ашиглаж сурсангүй.



Нефть арилжаалдаг  санхүүгийн зах зээлийн хяналт нь АНУ-ын банкнуудад байдаг. Тэдний зүгээс маш нарийн тоглоом явуулж байгаа юм. АНУ-ын Холбооны нөөцийн систем  бодлогын хүүгээ нэмсэн нь санамсаргүй хэрэг биш.

 

Одоо дэлхийн хөрөнгийн үнэлгээ эрчимтэй доошилж байхад зарим орнуудад гол салбаруудын хөрөнгийг хувьчлах шаардлага тулгарч байна. АНУ өөрийн чанга доллараар тэр хөрөнгөд  хяналтаа тогтоох боломжтой юм.

 

“Исламын улс” идэвхжив

 

 

Өнгөрсөн долоо хоногт Стамбулын төвд, Индонезийн нийслэлд, Буркино-Фасогийн төв хотод хийсэн хядлага олны анхаарлыг татав. Туркт 10 гаруй хүн үрэгдсний дийлэнх нь герман жуулчид байв. Жакарта хотод мөн л олон гадаадын иргэд үрэгдэв. Африкийн улсын нийслэлд алан хядагчид цагаан арьстнуудыг хөнөөлөө. Ойрх Дорнод энэ жил дэлхийн үймээн самууны гол уур уурхай хэвээр байна гэдгийг  эдгээр хэрэг явдлууд харууллаа.  Хэрэг явдлын гол шалтгаан нь террорын “исламын улс” бүлэглэлд ч биш,  Тегеран, Эр-Рияд хоёрын өрсөлдөөн эсвэл суннит ба шиитийн мөргөлдөөнд ч байгаа биш.  Цар хүрээ нь илүү өргөн. Ойрх  Дорнод  уламжлал болсон байдлаараа эрс хувирч буйг харуулж байна.

 

Өмнөх Ойрх Дорнодын мөхлийн бэлгэдэл болж байгаа “Исламын улс” бүлэглэл дээрх бүх аллагуудын хариуцлагатан  боллоо. Энэ бүлэглэлийн радикалууд өмнөх хугацаанд тогтсон Ойрх Дорнодын улс төрийн байгуулалт, нийгмийн модель, улсын хил хязгаар, шашны  бүтэц, харилцан тогтнох уг үндсийг үгүйсгэдэг. Бүс нутгийн бүтцийн оршин тогтнож байсан бүрийг тэд бүрэн хэмжээгээр хянах, шалган  шүүх хүсэлтэй байгаа юм.  Тэднийг өмнөх дэглэм, бүтцийг өөрийн мэдэлд оруулах гэсэн хүмүүс санхүүжүүлж,  өөрсдийн зорилгодоо ашиглаж ирсэн нь нууц биш.

 

Тэднийг өөрсдийн гол аюул биш гээд ашиг сонирхолдоо ашиглах тоглогч нар ч бий. Гэхдээ хэт даврагчдыг гаднаас нь удирдан чиглүүлж байна гэсэн үг биш л дээ. Ийм байдал нь Ойрх Дорнод тэр чигтээ орсон системийн хямралын тодруун  жишээ юм.  Одоо тэр аюул нь дэлхийн удирдлагын системд заналхийлж, аюул учруулах болж байна.

 

Тийм ч учраас өнгөрсөн долоо хоногт бүрэн эрхийн хугацаандаа сүүлчийн илгээлтүүдээ уншсан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан  Ги Мун ба АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хоёр олон улсын терроризмыг таслан зогсоож, хариуцлага тооцох нь чухал гэжээ. Энэ оныг “Исламын улс” бүлэглэлийг ялах жил хэмээн Пан Ги  Мун зарлав. “Исламын улс” бүлэглэл америк хүмүүст аюул занал учруулж байгаа учраас түүнийг үндсээр устгаж, арчих хэрэгтэйг Обама онцолсон. 

 

Гэлээ ч  өнөөдөр гарч байгаа халдлагууд олон улсын терроризмыг дарахад эв нэгдэл, хүчин чармайлт, цаг хугацаа хэрэгтэйг илт харуулж байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна