“Ромео Жульетта” жүжгийн тухай эргэцүүлэл

2016 оны 1 сарын 18

-Жүжгийн шүүмж-

Алдарт Шекспирийн “Ромео Жульетта” жүжиг театрын хувьд хэзээний тэмдэглэлт үйл явдлын нэг байсаар ирсэн. Эл жүжгээр театр өөрийн хүчийг сорихдоо үзэгчээр баримжаалан олон түмэн сонгодог жүжиг хэрхэн тусаж байгааг дахин нэг шалгадаг билээ. Театр үзэгч хоёулаа хүлээлтээр дүүрэн байдаг нь үүнээс илт.

Ромео Жульетта хоёрын хайрын тухай бүхний мэддэг түүхийг өнөөгийн театр хэрхэн харуулах бол гэж би бээр сонирхон агуу Шекспираа таних эсэх талаар зовниж байлаа. Хүний оюуны үнэлэмжийн асуудал шалдаа бууж, эрээ цээргүй, өнгө мөнгөнд хууртагдсан, сайн сайханд итгэх итгэл байн байн алдарч буй өнөөгийн цаг үед  жүжгээрээ уран бүтээлчид юү өгүүлэх бол гэж санаашран суулаа.

Театрын шүүмж бичих нь угаасаа амаргүй ажил, зарим жүжгийн талаар бичихэд тэр бүү хэл хэцүү ч байдаг. Учир нь тэр жүжиг нь “яг одоо”,”яг энд” үйл хөдлөлөөр тоглогдож байхдаа өөрийн агуулгаа нээдэг, харин түүнийг дараа нь үгээр тайлбарлахад хүндрэлтэй. Иймд жүжгийг тайлбарлах бус, үзэх хэрэгтэй байдаг. Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын шинэ бүтээл нь ийм бүтээлийн нэг юм. Энэ жүжгийг найруулагч дээр зангидан задлан шинжлэхийг оролдъё.

Найруулагчийн чадварын тухай

1990 оноос хойш жүжгүүдээ тавьж багагүй туршлага хуримтлуулсан энэ найруулагч хүн нийгэм хоёрын зөрчлийг харуулах, “хүн” гэдэг ухагдахуун нийгэм орчинтойгоо өөрчлөгдөж байгааг хуруулахыг зорьдог билээ. “Бооцоо”,“Шөнө амталсан нулимс”, “Гамлет” жүжгүүддээ өмнөх үеийн найруулагчдын үзэл санаанаас тэс өөр хандлага буюу нийгэм хүнийг тодорхойлдог бус, харин хүн нийгмийг тодорхойлдог гэсэн хандлагыг гаргаж ирснээр өөрийн гэсэн үзэл бодолтой найруулагч болохоо харуулсан юм.

Тэр бээр энэ удаа “Ромео Жульетта” жүжгийн сонгодог бус хувилбарыг олж харсан байна. Сонгодог бус гэдэг нь түүхэн үеэр тодорхойлогдоогүй ойлголт, сэргэн мандалтын жүжиг гэдгээр тодорхойлогдоогүй гэдгийг хэлнэ. Иймээс жүжгийн уламжлалт ойлголтыг найруулагч өөрчилж, орчин үеийн хэллэг хийгээд ахуй байдлаар сонгодог жүжгийг гаргаж иржээ.

Шекспирийн зохиолд нуугдаж буй хязгааргүй боломж байгааг найруулагч нээхийн зэрэгцээ урлагт шинэ үг хэлж болохыг, дотоод, хувь хүний мэдрэмж, уран дүрслэл, зүйрлэл бүхий хэллэгийг ашиглан тайзны уран дүрслэлийг цаг хугацаа, орчин зайн хувьд бүрдүүлж болохыг зоригтойгоор нээхдээ энэ жүжигт өнөө үеийн авангард буюу постмодернизмын чиглэлийн олон янзын жанр, хэв маягийг чадварлаг хослуулан харуулжээ. Үүний нэг илрэл бол Ромеогийн зүүдний хэсэгт циркийн үзүүлбэр оруулж Жульеттаг дүүлэн нисгэн  уянгын аясыг тодруулсан бол Капулеттийн цэнгүүний үдэшлэг дээр орчин үеийн хөгжим бүжиг оруулсан нь найруулагч шинэлэг талаа барьж буй нь илт байна.

Энэ жүжигт бүгдийг хамарсан ганц үнэн, хүсэл тэмүүлэл гэж байхгүй, харин олон янзын үнэн, олон тэмүүлэл бий, түүнийг хүн өөрөө олж хайж олж авах ёстой гэсэн санааг дэвшүүлснээр  Н. Наранбаатар  “сэтгэлзүйн театрын” арга барилаасаа халихыг оролджээ. Дүрийн сэтгэлзүйн анализ хийх, орчныг бүрдүүлэх, дүрүүдийн нарийн ялгааг гаргах, жүжгийн нэгдмэл байдлыг бүрдүүлэх зэрэг  жүжгийн гол зарчмууд дээр дөрөөлөн  “Ромео Жульетта” жүжигт хандахдаа уламжилж ирсэн найруулгын асуудлыг шат ахиулж, арга барилаа шинэ арга зүй, шинэ гоо зүйгээр баяжуулж чадлаа хэмээн дүгнэж байна.

Найруулагч тайз болон зураачидтай ажилласан нь

Зураач нь найруулагч хүний бодлыг дүрслэлд шилжүүлдэг нэгэн. Д.Ариундэлгэр зураач найруулагчийн хамт сэтгэж байсан нь харагдлаа. Тэр бээр тайзыг хөнгөвчлөн арын фоныг гэрлийн тусгалаар фото зургийн шийдлээр цагаан өнгөөр гаргав. Эргэдэг тайзны дунд байрлуулсан тавцан олон шийдэлтэй болжээ: Капулеттийн ордны тагт, Верона хотын усан оргилуур, Жульеттагийн үхлийн ор, оршуулгын тавцан, Лоренцо өвгөний шинжилгээ судалгааны тавцан зэрэг олон үүрэг бүхий шийдэл нь найруулагч зураач хоёрын хамтын ажиллагаа үр дүнд хүрснийг өгүүлнэ. Фото проекцид гарч буй Верона хотын гудамж, талбай, Капулеттийн ордон, Ромео Жульетта хоёрын анхны болзоо, тэнгэрлэг сүмийн байдал зэрэг нь анхаарлыг жүжигчид дээр төвлөрүүлэн тайз заслаар дарамтлахгүй байх найруулагчийн шинэ хэллэгийн нэгэн жишээ юм.

Гэрлийн шийдэл найруулагчийн санааг тодруулах нэгэн хүчин зүйл байдаг. Гэрлийн найруулагч Ц.Эрдэнэбат тайзны онцгой орчныг бүрдүүлж, дээрээсээ доош буусан цагаан, нил ягаан, хажуугаас тусч буй час улаан өнгийн гэрлүүдийг ашиглан олон утга санааг гаргаж чадсан нь орчин үеийн театрын гэрлээр тодруулах шинэ хандлагыг ийнхүү нэвтрүүллээ. Жүжгийн төгсгөлд хөх гэрэлд дурлалт хос босож, тайзны гүн рүү үүрдийн оршихуйд явж байгаа, тэдний араас сүнсний утаа дээш боргилж байгаа нь жүжгийн утга санаанд нийцэж байна. Энэ нь тайзны гэрэл жүжгийн чухал дүрийн нэг болж буйг илэрхийлнэ.

Зураач Д. Ариундэлгэр, хувцасны дизайнер Н.Үнэнбат нарын бүтээсэн хувцасны шийдэл гойд анхаарал татаж байна. Рок стиль хэв маягийг оруулсан Капулеттийнхны хувцасны өнгө улаан хар хослуулсан байхад Монтеккийнхны хувцас хар цагаан өнгөөр илэрхийлэгдэж, Ромеогийн цагаан өнгөөр шийдсэн орчин үеийн хувцас, Жульеттагийн цагаан, мөнгөн даашинз бусдаас ялгарч жүжгийн зарчмыг нээж байв. Энэ жүжигт бүгд нүүрийн хэтрүүлсэн будагтай, зөвхөн гол дүр болох Ромео Жульетта хоёр энгийн будагтай байгаа нь зураач найруулагчийн шийдэл оновчтой болсныг илтгэнэ.

Найруулагч жүжигчидтэй ажилласан нь

Жүжигчний өмнө найруулагч бидний мэдэх реалист арга бус, харин тэс өөр арга барилаар, тэр бүү хэл хэтрүүлэгтэй тоглолтоор ажиллах туйлын зорилго тавьжээ. “Натуралист” театрын арга барилаар сурсан жүжигчдэд энэ нь амаргүй даваа байсан нь  ойлгогдож байлаа.

Жүжигчин Г.Эрдэнэбилэгийн тоглосон эцэг Капулетти анх тайзнаа гарч ирэхдээ улаан өвөрмөц париктай, амьтны сүүл санагдах улаан нөмрөг нөмөрч, ирвэс маягийн хөдөлгөөнөөр гарч ирж байгаа нь реалист бус аргын тоглолтын шийдэл байлаа. Түүний бүтээсэн дүр бол өшөө хонзон авах ихэмсэг зантай хүний дүр байх атал найруулагчийн тавьсан амьтны дүр босгох шугамд өөрийн санааг нэмэрлэн дүрийн хүнлэг талыг гаргахыг зорьсны хамт өөрийн язгууртан овгийг “наймаачин” Монтеккийн овгоос дээрд үзсэн санааг ил гаргаж чаджээ. Хээл хахуульд баригдсан энэ зальт этгээд охиныхоо хүслийг нь үл тоомсорлон амьдралыг нь өөрт ашигтайгаар зохиох оролдлого хийж буй дүрийг бүтээх эрэлдээ Г.Эрдэнэбилэг явж байна.

МУГЖ Ж.Оюундарьт өрлөг эхийн хэцүүхэн дүр оногджээ. Өрлөг эх нь Жульеттагийн хувьд өмөг түшиг, хүмүүжүүлэгч, амьдралын ухаанд сургагч хүн. Жүжигчин олон жилийн тоглолтын туршлагаасаа татгалзаж, шинэлэг, огцом ширүүн хөдөлгөөн, ая зан бүхий арга барилаар тоглох, дүр бүтээх эрэл хайгуул хийсэн нь илт байна.

Ганц түүний дүрийн хувьд бус, хайрт хоёроос бусад бүх дүрүүдэд найруулагч  нэгэн адил реалист бус аргаар дүрээ босгох зорилго тавьжээ. Жүжигчин Э.Тодгэрэл / Меркуцио/, Г.Алтангэрэл /Тибальт/, Б.Золжаргал / Бенволио/ , Г.Дөлгөөн-Аюуш /Парис/  жүжигчин СТА Г.Амгаланбаатар /эцэг Монтекки/ нар хэлбэр талаас тоглосон ч үе үе реалист тоглолт аргагүй цухалзаж байсныг хэлэх хэрэгтэй.

Энэ жүжгийн гол дүрүүдийн нэг бол Лоренцо ламын дүрийг жүжигчин С.Болд-Эрдэнэ бүтээв. Түүний хувьд мөн л бусад дүрүүдийн адил шийдэх асуудал тавигдсан байлаа. Лоренцо лам бол эгэл жирийн номлогч бус харин шинжлэх ухааны туршилт хийдэг нэгэн. Гэхдээ тэр бээр нас намбаараа байхгүй хурдан хөдөлгөөнтэй, сэтгэлийн хөөрөлтэй, инээдмийн аяс давамгайлсан дүр болсны хувьд Ромео Жульетта хоёрын гол шугамд нөлөө бүхий шийдэл юм. Хуримын үеэр сандран Ромеогийн гар дээр үсрэн байгаа нь найруулагч хийгээд жүжигчний бусдын анхаарал татах нэгэн  сонин үйлдэл болжээ.

Эдгээр туслах дүрүүдэд сөргөлдөн тавьсан хоёр дүр бол гол дүрүүд юм. Найруулагч энэ жүжигт Ромео /жүжигчин Б.Шинэбаяр/, Жульетта /жүжигчин О.Дөлгөөн/ хоёрыг бодит ертөнцөөс холдуулах санааг чухалчилжээ. Зөвхөн энэ хоёр дүр Шекспирийн яруу найргийн тансаг аяс, сэтгэлийн уянгын өнгө будгийг авч үлджээ. Найруулагч тэдний анхны уулзалт хийгээд хайрт хосын шөнийн салж ядсан байдал зэргийг уянгын шийдлээр төсөөлснийг жүжигчид гаргаж чадсанаар эмгэнэлт сэдвийг улам бадраасан байна. Монтекки Капулетти нарын өрсөлдөөний ертөнц, Тибальтын өшөө авалтын ертөнц зэрэг нь Ромео Жульетта хоёрыг үхэлд хүргэж байгаагаар найруулагчийн эмгэнэлийн үзэл баримтлал тодорхойлогдож байна. Тойрон буй хэрцгий ертөнцөд тэдний хайр сэтгэл  анхнаасаа мөхөл, аз жаргал хоромхон зуур ч байх үндэслэлгүй, харин зөвхөн нөгөө ертөнцөд байж болох гэсэн санааг найруулагч гаргажээ.

Гол дүрийн залуу жүжигчдэд хариуцлагатай бөгөөд хэцүү үүрэг тохиожээ. Найруулагч мэдрэмжээрээ Б.Шинэбаяр, О.Дөлгөөн хоёрыг сонгон авч тоглуулсан нь оносон эсэхийн асуудлаас илүү тэдний авьяасыг нээхэд түлхэц болох асуудал байжээ. Царайлаг залуу хоёр жүжигчин уян хатан, хөнгөн, хөдөлгөөнтэй, хурдтай, золбоолог, гол нь үнэмшилтэй тоглох зорилго тавьсан харагдана. Шекспирийн яруу сайхан шүлгийг тайзнаа аялгуулахад хөг их үүрэгтэй, үүнийг жүжигчид зөв олж, жүжигчин бүр дүрийн дотоод хөдөлгөөнтэйгөө нийцэж байв.

Мөнгөний төлөө хүний амийг үл тоон залуу хүүд хор худалдаж буй эмийн санч /МУГЖ Б.Жаргалсайхан/, шударга байхыг уриалсан Верона хотын захирагч /МУАЖ П.Цэрэндагва/ зэрэг дүрүүдээр өнөөгийн нийгмийн гажуудал, хүмүүсийн хувиа хичээсэн байдал, шунал, хүсэл, үнэт зүйлсийн хэмжүүр хэрхэн өөрчлөгдсөнийг найруулагч товойлгож өгөхдөө Шекспирийн жүжгийн зохиолд байхгүй нийгэм рүү хандсан текст оруулж ирсэн нь жүжгийн утга санаанд огт харшилдсангүй.

Дүгнэж хэлэхэд манай жүжигчдийн тоглолтын арга барилд шинээр тоглох арга ухаан чухал болж байгаа нь ойлгогдлоо. Өнөө цагт дэлхийн театрт жүжигчний хөдөлгөөн чухалд тооцогдож жүжигчин биеэрээ, дохио зангаараа дамжуулан, налархай хөдөлгөөнөөр, хөгжмийн мэдрэмжээр дүрийг тодруулах явдал онцгой болжээ. Н.Наранбаатар хөдөлгөөний найруулагч бүжиг дэглээч Г.Ган-Очир, хөгжмийн зохиолч Б.Чинбатыг жүжигтээ ажиллуулан олны хэсгийн бүжиг, дүрүүдийн хөдөлгөөнийг хөгжмийн олон янзын ритм, хэмнэлийн аясаар тавьж өгсөн нь оновчтой болсныг тэмдэглүүштэй.

Дэлхийн театрын чиг хандлага реалист тоглолтын зэрэгцээ реалист бус аргаар, хэлбэр талыг барьж тоглох арга ухаан давамгайлж буйг найруулагч Н.Наранбаатар мэдэрч буй нь сайшаалтай.Тэр бээр өөрийн гэсэн өвөрмөц бодолтой, уран сайхны мэдрэмжтэй, агуулга хэлбэрийн хувьд шинэлэг бүтээл хийх чадвартай уран бүтээлч гэдгээ энэ жүжгээрээ дахин нотлохын хамт найруулгын шинэ арга ухааныг эрэлхийлэх, дэлхийн театрын чиг хадлагын туршлагаас суралцаж буйг тодорхой харууллаа.

Театр судлаач Д.БАТСАЙХАН

/ Урлаг судлалын ухааны доктор, дэд профессор/

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна