Тэгш, сондгойгоор ялгарч, хөдөлгөөнд оролцоно

2016 оны 1 сарын 18

Сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын 30, ирэх сарын 6-ны Бямба гаригуудад улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн, нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 7-ны Ням гаригуудад улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг өглөө 10:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд авто хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг Замын цагдаагийн газраас хийжээ.

1, 6-аар төгссөн дугаартай жолооч та татвараа төлөөрэй

Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө хураах ажлыг хуулийн дагуу 2016 оны 1 сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 31-ны өдрийг дуустал зохион байгуулах талаар Нийслэлийн засаг даргын А/33 тоот захирамж гарсан билээ. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон нь 1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард, 2,7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард, 3,8 тоотоор төгссөн бол гуравдугаар сард, 4,9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард, 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард татварт хамрагдахаар зохион байгуулж, тухайн сардаа татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар шийдвэр гаргасан байна. Иймд та бүхэн татвараа дээрх хугацаанд нь төлөөрэй гэдгийг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

Д.УУДАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна