Бээжинтэй өрсөлдөх Улаанбаатар

2016 оны 1 сарын 18

Бид бас ч давгүй шүү. Дэлхийн хэдэн мянган хотоос шалгарсан Бээжингийн хүчтэй өрсөлдөгч болоод, тэрхүү байр сууриа алдалгүй удаж байна. Энэ амжилтыг үе үеийн хотын удирдлагуудын уйгагүй хөдөлмөр, хөдөөгөөс шилжин суурьшигчдын тууштай нүүдэл хадгалж ирсэн билээ. Одоо ч хэвээрээ. Гэхдээ энэ амжилтаа тогтоон барихын тулд хүн ам, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн зэргээр нь харьцуулбал Бээжингээс дутахааргүй мөнгө зарцуулан байж олж авсан юм. Ингэсний үр дүнд бид Бээжинтэй агаарын бохирдлоороо өрсөлдөж буй. Одоо “Бид үү, Бээжин үү” гэхээс биш өөр завсрын хотууд “цаашаа” болсон.

Үүнийгээ мэдсэн болохоор өнөө жилийн төсөвт хотын агаарын бохирдлын эсрэг нэг ч төгрөг төсөвт бодитоор суугаагүй. Бэлтгэлтэй, бэлтгэлгүй бид “тасарчихсан” болохоор тэр.

Утаанаас үүдэн үйлдвэрлэл хөгжиж байна. Манайд гаднаас утаагүй зуух оруулж ирсэн бол  өнгөрсөн арванхоёрдугаар сард Бээжингийн нэгэн иргэн утаанаас тоосго үйлдвэрлэхээр эргэлт буцалтгүй шулууджээ. Тэрээр багагүй хугацаанд тоос сорогчоор Бээжингийн утаас соруулсан бөгөөд үүний үр дүнд ямартай ч нэг тоосготой болж анхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэв. Сонсох нь ээ, одоо тэрээр илүү хүчин чадалтай утаа сорогч бүтээхээр толгойгоо гашилгаж байгаа гэсэн. Тэгэж байж зах зээлд илүү хүртээмжтэй үйлдвэрлэл болох учраас тэр.

Харин манайд эрдэм шинжилгээний бүтээл шахуу судалгаа хийсэн хүмүүс олширсон. Тэдний судалгаагаар бол Улаанбаатарын утааны өнгөнд өөрчлөлт орон цайрч, агуулагдаж буй хорт бодисын хэмжээ нь багассаныг тогтоосон гэсэн. Гэхдээ яг юу юу алга болоод байгааг зохиогчийн эрхийн дагуу нууцалж байгаа. Учир нь албан ёсоор зохиогчийн эрхээ аваагүй байгаа учраас алдагдах вий гэхээс болгоомжилсон нь тэр юм.

Ингээд хоёр жилийн өмнөх хорт утааны талаарх нэгэн зураглалыг та бүхэнд үзүүлье. Түүнээс хойш өөрчлөлт орсон эсэхийг өөрсдөө харьцуулах биз ээ.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна