ХҮН-ыг С.Ганбаатар толгойлно

2016 оны 1 сарын 18

Хөдөлмөрийн үндэсний намын ээлжит бус Их хурал 2016 оны  нэгдүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд болж байна. ХҮН-ын ээлжит бус Их хуралд 300 гаруй төлөөлөгч 21 аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдийн намын хороодыг төлөөлөн оролцож байна.

Намын ээлжит бус их хурлын эхний өдөр Хариуцлагын ерөнхий хороог таван гишүүнтэйгээр, намын төв хороог дарга гишүүдийн хамтаар хэлэлцэн баталжээ. Үдээс хойш намын төв хороо үргэлжлүүлэн хуралдсан байна.

Энэ үеэр тус намын дарга С.Боргил намын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Намын даргад Удирдах зөвлөлийн гишүүн Б.Найдалаа, Удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн намын хорооны дарга Т.Бат-Оргил, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар нэр дэвшсэн бөгөөд Т.Бат-Оргил, Б.Найдалаа нар өөрсдийн хүсэлтээр нэрээ татжээ. Санал хуралтаар 98 хувийн саналаар С.Ганбаатар Хөдөлмөрийн үндэсний намын даргаар сонгогдов. ХҮН-ын дарга С.Ганбаатарын нэр дэвшүүлснээр С.Боргил, Б.Найдалаа нарыг хуралд оролцогсдын 100 хувийн саналаар намын дэд даргаар сонголоо.

Хөдөлмөрийн Үндэсний Намын ээлжит бус Их хурал өнөөдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт үргэлжилж байна.

 Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна