Сураггүй болсон захирал Хятадын телевизээр гарчээ

2016 оны 1 сарын 18

 

Хонгконгийн “Mighty Current” хэвлэлийн компанийн захирал тэргүүтэй таван хүн өнгөрсөн аравдугаар сард сураггүй болсон хэрэг олон улсын анхааралд өртөөд буй. Гэтэл сураггүй болсон гэгдэж байсан хэвлэлийн компанийн захирал Гуй Минхай Хятадын “CCTV” телевизээр гарчээ.

 

Хятадын төв телевизэд мэдээлснээр Гуй Минхай 12 жилийн өмнө согтуугаар жолоо барьж хүн дайрч хөнөөсөн хэргээ хүлээж баривчлагдсан гэв. Гуй Минхайг Хятадын Нинбо хотноо коллежийн эмэгтэй оюутныг дайрч хөнөөсөн хэрэгт буруутгажээ. Энэ хэрэгт тэрбээр хоёр жил тэсэн харгалзах ял авсан байхдаа зугтсан гэж Хятадын телевизэд мэдээлсэн байна. Шведийн иргэншилтэй, 51 настай Гуй Минхай “Би хуулийн хариуцлагаа хүлээж, ямар ч шийтгэл байсан хүлээж авахад бэлэн байна” хэмээн ярьж буй бичлэгийг “CCTV” цацжээ.

 

Харин Хонгконг дахь “Mighty Current” хэвлэлийн компанийн ажилчид түүнийг Тайландад амарч байхдаа сураггүй болсон бөгөөд Хятадын аюулгүй албаныханд барьцаалагдсан гэж үзэж байв. Тус хэвлэлийн компани нь Хятадын дарга Си Жинпиний экс амрагийн талаар ном хэвлэхээр зэхэж байсан аж.

 

Мөн компанийн ерөнхий менежер Луй Бо, хэвлэх үйлдвэрийн бизнесийн менежер Чун Жипин, номын дэлгүүрийн менежер Лам Винкей нар өнгөрсөн аравдугаар сард, хувьцаа эзэмшигч 65 настай Ли Бо өнгөрсөн арванхоёрдугаар сард сураггүй болжээ. Хонгконгийн хэвлэх үйлдвэрийн захирал, ажилчид сураггүй болсон хэрэгт Бээжингээс хариулт нэхсэн жагсаал хэд хэдэн удаа болсон юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна