Есөн хүн 500 мянган төгрөг хожлоо

2016 оны 1 сарын 18

НӨАТ-ын урамшууллын системийг улс даяар нэвтрүүлж, анхны сугалааг өчигдөр буюу нэгдүгээр сарын 17-ний ням гаригт явуулсан. Сугалааны тохирлыг МҮОНТ-ээр шууд дамжуулсан юм. Сугалаа явагдахаас өмнө тус урамшууллын системийн төслийн нэгжээс анхны сугалаагаар хамгийн багадаа 570 азтан тодорно гэж мэдэгдэж байсан. Тэгвэл өчигдрийн сугалаанаас нийтдээ 1044 азтан тодорчээ.

Хамгийн өндөр дүнтэй хонжвор нь 500 мянган төгрөг байжээ. Хагас сая төгрөг хожсон азтанаар есөн хүн тодорчээ. Түүнчлэн 89 хүн  100 мянган төгрөг хожсон бол 946 хүн 20 мянган төгрөг хожсон байна. Сугалааны тусгай кодных нь сүүлийн 3,4,5 орон нь тохирлын үеэр таарсан нийт азтануудын гар утас руу мэдээлэл хүргүүлсэн байна. Сугалаанаас 20-100 мянган төгрөг  хожсон иргэд ebarimt.mn  сайтад нэвтэрч, хувийн мэдээлэл хэсэгт банкны дансаа бичиж, тохируулах учиртай юм. Ингэснээр сугалааны хонжвор таны данс руу шууд орно. Харин 500 мянган төгрөг хожсон иргэд өөртөө хамгийн ойр татварын байгууллагад хандахыг хүслээ. 500 мянган төгрөгийн азтанууд татварын албанд биеэр очиж, өргөдөл бичин, дансаа тохируулах ажээ.

Дашрамд дуулгахад, НӨАТ-ын урамшууллын системийн сугалаанд хонжвор хожсон азтанууд сугалааны үнийн дүнгээсээ ашгийн гэх тодотгол бүхий 10 хувийн татварыг суутгуулахгүй юм байна. Учир нь сугалааг төрөөс зохион байгуулж буйн дээр энэхүү сугалаа нь ашгийн төлөө явагдаагүй учир азтанууд хожсон мөнгөн шагналаа бүхлээр нь авна.

Магадгүй уншигч та ч азтан болчхоод түүнийгээ мэдээгүй явж байж болох юм. Тиймээс та дээрх зурган дээр байгаа  цэнхэр бөмбөлөг дэх тоонуудыг өөртөө байгаа QR код бүхий талонтой тааруулаарай. Хэрвээ таны талон дээрх тооны сүүлийн гурван орон цэнхэр бөмбөлөгтэй тохирч байвал 20 мянган төгрөг, 4 орон таарч байвал 100 мянган төгрөг хожно.

Харин ар талд нь байгаа улаан бөмбөлөг дээрх 8 оронтой тоо наймуулаа тохирч байх юм бол та шууд 150 сая төгрөгийн супер шагналын эзэн болно шүү. Сугалааны код бүхий баримтаа дахин нэг нягтлаад зурган дээрх тоонуудтай тохирч буй эсэхийг шалгаарай.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна