АНУ Ираны эсрэг шинэ хориг тавив

2016 оны 1 сарын 18

 

Олон улс Ираны эсрэг хоригоо цуцалсны дараа АНУ Тегераны хувь хүн, компаниудын эсрэг шинэ хориг тавьжээ. Ираны баллистик пуужингийн хөтөлбөртэй холбоотой хувь хүн, компани нийлсэн 11 этгээдийг АНУ-ын банкаар үйлчлүүлэхийг хориглосон байна. Иран өнгөрсөн аравдугаар сард баллистик пуужингийн туршилт хийсэн нь НҮБ-ын хоригийг зөрчсөн гэнэ. “Ираны баллистик пуужингийн хөтөлбөр нь бүс нутаг болон дэлхийн аюулгүй байдлын эсрэг бодитой заналхийлэл” хэмээн АНУ-ын сангийн яамны харьяа терроризмын эсрэг тэмцэх, санхүүгийн тагнуулын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Адам Шубин мэдэгджээ.

 

Олон улс Ираны эсрэг эдийн засгийн хоригийг цуцлахтай зэрэгцэн Тегеран Вашингтоны хооронд хоригдол солилцсон юм. Үүний ачаар Иранд хоригдож байсан “Washington Post” сонины сурвалжлагч Жэсон Резайан болон өөр таван хүн суллагдсан аж.

 

Олон улсын цөмийн энергийн агентлагийн /IAEA/ шинжээчид Иран улс гэрээний нөхцөлийг биелүүлж байгааг магадалснаар хориг цуцлах болжээ. Гэрээний дагуу Иран Арак хотын ойролцоох хүнд усны реактороо хааж, лицензийн тоогоо цөөрүүлэн, бага баяжуулсан ураны нөөцөө ОХУ руу тээвэрлэсэн билээ. Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээ ирэх 10-15 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх ёстой аж. Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон дээр Герман улс нэмэгдсэн хэлэлцээний баг өнгөрсөн долдугаар сард Ирантай цөмийн хөтөлбөрийн гэрээг байгуулсан билээ.

 

Олон улсын хоригоос үүдэн Иран улс 2012 оноос хойш зөвхөн газрын тосны худалдаанаас олох 160 тэрбум гаруй ам.долларын орлогоо алдсан байна. Иран нь газрын тосны нөөцөөр дэлхийд дөрөвдүгээрт ордог аж. Хориг цуцлагдсанаар Ираны нефтийн өдрийн экспорт 500 мянгаас 1.1 сая баррель болж нэмэгдэх тооцоо гарчээ. Ираны эсрэг хориг  цуцлагдахтай зэрэгцэн өнгөрсөн баасан гаригт “Brent” маркийн нефтийн үнэ 29 ам.доллар болж унасан байна.

 

Үүний зэрэгцээ АНУ нь 1981 оноос хойш царцаасан 400 сая ам.долларыг 1.3 тэрбумын хүүтэй хамт Иранд буцаан төлөх ёстой гэж олон улсын шүүхийн шийдвэр гараад буй аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна