Хаалттай сэдвүүдийг нээлттэй болгохыг эрмэлзэнэ

2016 оны 1 сарын 18

Арван жилийн түүхтэй “Өглөөний сонин” шинэ баг бүрэлдэхүүнээр ажиллах болсноо өнөөдөр зарласан байна. Ерөнхий эрхлэгч З.Боргилмаагийн зурвасыг танд хүргэж байна.

Хэвлэлийн зах зээлд арван жилийн түүхтэй, өдөр тутмын “Өглөөний сонин”-ыг хөрөнгө оруулагчдын болон редакцийн шинэчлэгдсэн баг, хамт олон эрхлэн гаргах болсныг уншигчдадаа дуулгаж байна.

Сэтгүүлзүйн салбарт өнөөдөр хэрэглэгчдийнхээ тоонд харьцуулахад үнэмлэхүй олон мэдээллийн хэрэгсэл, контент үйлдвэрлэгч үйл ажиллагаа явуулж байна. Зах зээлийн хүчин чадлаасаа хэтийдсэн эдгээр өрсөлдөгчид хэрхэн яаж оршин тогтнож байна вэ. Чухам энэ асуултын ард сэтгүүл зүйн бодит зовлон нуугддаг.

“Монголд ажил хийгээд амьдрал дэвждэггүй, ажилгүй байгаад ч турж үхдэггүй. Үүнд л өнөөгийн нийгмийн хамаг зовлон нь бий” гэсэн пост нийгмийн сүлжээнд харсан билээ. Энэ тун үнэн. Сэтгүүлзүйд ч ялгаагүй, сайн бүтээгдэхүүн байгаад хол тасардаггүй, муу үйлдвэрлэгч байгаад дампуурч алга болдоггүй. Аль ч салбарт сайн бүтээгдэхүүн брэнд болж, энэ нэр хүнд нь цаашид хүрэлцээтэй хөрөнгө оруулалт татах эх үүсвэр болж, бизнес өсөн дэвждэг. Харин хэвлэл мэдээллийн салбарт зах зээлийн энэ зарчим бараг үйлчилдэггүй. Үүний учрыг Монголын нийгмийг бүхэлд нь хэрсэн улстөржилт, авлигатай холбож ойлгохоос аргагүй юм. Улс төрийн зорилгоор тэжээгддэг хэвлэлүүд жижигхэн зах зээлээ бусадтайгаа хуваалцдагаас “эх нь эцэхгүй тугал нь турахгүй”. Мөн улстөрчид, бизнесийн томоохон байгууллагуудтай хийсэн тохиролцоогоор амьдрах багахан боломж хэвлэлийн бизнест байнга байдаг. Үүний үр дүнд “чөлөөт хэвлэл”, “эрүүл сэтгүүл зүй”, “захиалгагүй сэтгүүл зүй”, “хараат бус редакци” гэх тодотголыг brаndbook-ийнхээ өмнө зүүсэн эдийн засгийн эрх чөлөөгүй хэвлэлүүд. Нийгэмд томорсоор байгаа ч хэвлэлд тэр бүр дурдагддаггүй, хаалттай сэдвүүд. Нам дамжсан олигархууд, давуу байдлаар улстөрчидтэй хуйвалдан луйвардаж байгаа ард түмний баялаг, өөрсдөдөө зориулан хууль баталж байгаа эрх баригчид, авлига хээл хахуулийн сэдвүүд.

“Өглөөний сонин” энэ хаалттай сэдвүүдийг олон нийтэд нээлттэй болгох зорилготой ажиллана. Мэргэжлийн өрсөлдөөн нь өргөмжлөлөөр бус эдийн засгийн агуулгаар хэмжигддэг, хэрэглэгч уншигч нь үнэ цэнтэй, үнэн мэдээлэлд шударгаар мөнгө төлдөг тийм л эрүүл зах зээлийг зорин ажиллах болно. Өглөө бүр үнэтэй, үнэнтэй мэдээллийг уншигч, захиалагч танд хүргэх эрхэм зорилгыг маань Та сонины хуудас бүрээс мэдрэх болно.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна