Дэлхийн нийт хөрөнгийн талыг 62 хүн эзэмшдэг

2016 оны 1 сарын 18

 

Дэлхийн хүн амын нэг ч хувьд хүрэхгүй хэсэг буюу ердөө 62 тэрбумтан дэлхийн нийт хөрөнгийн тэн хагасыг эзэмшиж буйг “Oxfam International”-аас явуулсан судалгаа харуулжээ. 2010 онд дэлхий дээрх хөрөнгийн тэн хагасыг тэрбумтан 388 хүн эзэмшиж байсан юм. Харин өнгөрсөн таван жилийн хугацаанд тэдгээр тэрбумтнуудын тоо цөөрч, үлдсэн тэрбумтнуудын хөрөнгө асар их өсчээ.

 

“Oxfam International” дэлхийн улс төр, санхүүгийн лидерүүд Швейцарийн Давос хотноо цугладаг жил бүрийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын өмнө дээрх судалгааг явуулдаг байна. Судалгааны дүнг Форбес сэтгүүлээс гаргадаг тэрбумтнуудын жагсаалт болон Credit Suisse-гийн дэлхийн хөрөнгийн бүртгэлд үндэслэн гаргадаг.

 

Дээрх судалгаа мөн дэлхий дээрх баян, хоосны ялгаа улам нэмэгдэж буйг харуулж байгаа юм. Дэлхийн хүн амын 20 хувийг эзэлж буй, өдрийн нэг ам.доллар хүрэхтэй үгүй орлоготой, амьжиргааны доод түвшинд амьдарч буй туйлын ядуу хүмүүсийн орлогод  1988-2011 оны хооронд бараг өөрчлөлт ороогүй байна. Харин хүн амын хамгийн баян хэсгийн орлого 46 хувь өсчээ.

 

Өнгөрсөн арваад жилийн хугацаанд дэлхий нийтээр ядуурал буурсан ч дэлхийн хүн амын 71 хувь нь амьжиргааны төвшнөөс доогуур, өдрийн 10 ам.доллараас бага орлоготой амьдарч байгаа юм.

 

2011 оны судалгаагаар дундаж давхаргын хэмжээ 10 жилийн хугацаанд 13 хувь болж нэмэгдсэн ч дэлхийн хүн амын цөөхөн хувийг эзэлсэн хэвээр байгаа юм.

 

“Дэлхийн хүн амын 1 хувьд зориулсан эдийн засаг” хэмээх гарчигтай уг судалгааны дүнгээр баян хоосны асар их ялгаанд хамгийн ихээр нэрвэгдэж байгаа нь эмэгтэйчүүд болох нь харагджээ.

 

Мөн баян хоосны ялгаа нь өндөр хөгжилтэй болон, хөгжиж буй орнуудад баялгийн тэгш бус хуваарилалтыг бий болгож байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт хамгийн бага цалин, орлоготой нь эмэгтэйчүүд байгаа юм.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна