Ираны эсрэг хориг цуцлагдсан нь арабын зах зээлийг унагалаа

2016 оны 1 сарын 18

Европын холбоо, АНУ хоёр Ираны эсрэг эдийн засгийн хоригоо сулласан нь Тегераны геополитикийн өрсөлдөгч Персийн булангийн орнуудын хөрөнгийн индексийг эрс унагав.

Нэгдүгээр сарын 16-ны бямба гаригт ЕХ-ны дипломатын албаны тэргүүн Федерика Могерини, Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф хоёрын хамтарсан мэдэгдэл мөн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн нийтлэгдсэн зарлиг зэргээс Барууны орнууд Ираны эсрэг эдийн засгийн хоригоо цуцалж байгаа нь тодорхой болсон юм. ЕХ хоригийг бүрэн цуцалсан бол АНУ түүний зарим хэсгийг үлдээжээ.

Хоригийн үндсэн хязгаарлалтыг цуцалснаар, 2015 оны долдугаар сарын 15-нд гарын үсэг зурсан Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээний биелэлтэд дэвшилт гарсныг ЕХ ба АНУ-ын эрх баригчид хүлээн зөвшөөрөв.

Ираны эсрэг хориг арга хэмжээг цуцалж байгааг ням гаригт албан ёсоор зарласны дараа Саудын Араб, Катар, Кувейт, Арабын Нэгдсэн Эмират, Бахрейны хувьцааны зах зээлийн үнэ эрс доошлов.

Саудын Tadawul хөрөнгийн биржийн нэгэн агшинд 7%-иас дээш уналтыг харуулж, TASI индекс 5500 байрлалын төвшнөөс доошилсон нь 2011 оноос хойших хамгийн доод үзүүлэлт боллоо. Арилжааны сүүлчээр, Саудын биржийн үндсэн индекс нь 5520 пунктын төвшинд хүрч, 5,4%-иар унажээ.

TASI (Tadawul All Share Index)

График, мэдээ: Highcharts

Персийн булангийн бусад орнуудад мөн л үнэ эрс унажээ. Катарын хувьцааны зах зээл 7,2%-иар унан 8527 пунктыг заалаа. Абу-Дабигийн хөрөнгийн биржийн (АНЭ) уналт 4,2%, Кувейтын хувьцааны индексийн уналт 3,2% болсон байв.

Персийн булангийн эдгээр орнуудын хувьд үндсэн хүчин зүйл нь Иран нефтиэр зах зээлийг зутгана гэдэгтээ биш харин ЕХ, АНУ хоёр Иранд тавьсан хоригоо цуцалсан хэрэг болж байна.

Саудын Араб тэргүүтэй Ойрхи Дорнодын вант улсуудын хүн амын ихэнх нь исламын суннитийн урсгалын сүсэглэдэг бөгөөд эдгээр орнууд нь бүс нутагтаа шууд болон шууд бусаар Сири, Йемений дайнуудад суннитийн хэт даврагч бүлэглэлүүдийг дэмжиж, Ираны эсрэг тал болж байгаа билээ. Тухайлбал, тэд Сирид "Жейш аль-Фатх", "Ахрар аш-Шам" зэрэг бүлэглэлүүдийг дэмжиж, Йеменд шиит-зейдитуудын хоусын босогчдын эсрэг байлдаж байна.

Шинэ оны эхээр, Саудын Арабд шиитийн номлогч Нимр ан-Нимрыг цаазалсны дараа шашны хоёр урсгалын Тегеран ба Эр-Риядын хоорондын харилцаа эрс мууджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна