Хотын мандатыг нэмэхийг МАН дэмжинэ

2016 оны 1 сарын 18

УИХ-ын сонгуулийн мандатыг тоог нэмэгдүүлэх хүсэлтийг Нийслэлийн ИТХ-ын дарга УИХ-ын дарга, Сонгуулийн ерөнхий хорооны даргад хүргүүлсэн. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

-УИХ-ын сонгуулийн мандатын тоог нийслэл хотод нэмэгдүүлэх хүсэлтийг НИТХ-ын дарга Д.Баттулга гаргасан. Сонгуулийн мандатын тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна уу. Та ямар байр суурьтай байна вэ?

-Сонгуулийн тухай хуульд УИХ, орон нутгийн сонгуулийг хүн амын тоог харгалзаж сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоох тухай заасан. Нийслэлийн хүн ам 1.5 сая болчихлоо. Энэ нь хүн амын тал хувь гэсэн үг. Тиймээс УИХ-ын 76 мандатын 40 гаруй хувийг нийслэлд хуваарилах шаардлагатай. УИХ-ын суудал өөрөө хүний төлөөлөл байдаг. Зарим тойрогт 2000 хүнийг төлөөлж байгаа УИХ-ын гишүүн байхад нийслэлээс сонгогдсон гишүүн 20 мянган хүн төлөөлж байх жишээтэй. Арав дахин ялгаа байгаа биз.

-2012 оны УИХ-ын сонгуулиар нийслэл 14 мандаттай байсан. Одоо 21 болох ёстой гэж үзэж байгаа. Орон нутгийн мандат хасагдах ёстой гэсэн үг үү?

-Одоо байгаа мандатын тоог нийслэлийн хүн ам 800 мянга байхад тогтоосон. Одоо 1.4 сая болчихлоо. Нийслэлийн хүн амын тоо 600 мянгаар өссөн байгаа биз. Гэтэл тэр хүмүүс УИХ-д төлөөлөлгүй болчхоод байна. Тухайн үед орон нутагт 10 мянган хүн төлөөлдөг байсан гишүүн одоо хоёр мянган хүн төлөөлөөд сууж байна. Ингэж баланс алдагдаад байгаа хэрэг. Тиймээс л бид УИХ дахь хүн амын төлөөллөө тэгш болгооч гэж байгаа юм.

-УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлыг дэмжих болов уу?

-МАН дэмжинэ. Учир нь М.Энхболд нийслэлийн Засаг дарга байхдаа үүний төлөө явдаг гол хүн байсан. Тиймээс одоо хоёр нүүр гаргахгүй гэж итгэж байна

-Тухайн үед яагаад шийдэгдээгүй юм бол?

-Гол учир нь УИХ-д орон нутгаас сонгогдсон гишүүд эсэргүүцдэг. Яагаад гэвэл арван мянган хүнээс сонгогдсон нь дээр үү, хоёр мянган хүнтэй үзэлцэх нь амар уу.  Хүн нь бага бол сонгогдох нь амар. Цөөн хүний толгойг эргүүлэх нь хялбар биз дээ. Орон нутгаас сонгогдсон гишүүд сонгогдох нь амар учраас амтшаад улайраад эхэлсэн. Та бүхэн анзаарсан бол сүүлийн үед орон нутгийн тойргууд өмчлөгдчихсөн байгаа биз. Одоо бүр хөдлөхөө больсон. Харин Улаанбаатарт нэр дэвшигчдийн дунд эрс өөрчлөлт явагддаг. Хүн ам их учраас сонгогчдын тавих шаардлага өндөр, тойргийг өмчлөхөд бэрх болсон.

-МАН-ын дарга нийслэлийн тойргийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байсан гол хүмүүсийн нэг бол нам нь дэмжих байх. Харин жижиг намууд яаж хандах бол?

-УИХ-ын сонгууль холимог системээр явагдаж байгаа. Сонгуулийн хуулийн ийм шинэчлэлийг хийсэн хүмүүсийн нэг нь би. Шалтгаан нь  жижиг намууд УИХ-д орж ирэх ёстой гэж үзсэн. Яагаад гэвэл УИХ-д хоёр том намаас өөр улс төрийн хүчин орох боломжгүй байсан. УИХ-ын гишүүн байхдаа үүнийг олон удаа тайлбарлаж байлаа. “Өөрсдийн чинь төлөөллийг УИХ-д оруулж ирмээр байна. Тиймээс сонгуулийн холимог систем хэрэгтэй” гэж тайлбарлаад байхад над руу дайрч байсан үе бий. Сонгуулийн хуулийн шинэчлэл хийсний үр дүнд 2012 оны сонгуулиар жижиг намууд УИХ-д суудалтай болсон. Үүнийгээ УИХ хадгалж үлдсэн учраас ирэх сонгуульд ч жижиг намуудад боломж бий. Гэхдээ тойргоос нэр дэвшиж сонгогдсон хүн жижиг намуудад маш цөөн. Ихэнх нь жагсаалтаар орж ирсэн. Тийм ч учраас би тэр шинэчлэлийг хийснээрээ жижиг намуудад гавъяатай гэж үздэг. Жижиг намууд УИХ-д байснаар хоёр том намаа хянадаг зөв тогтолцоо бий болсон. Тиймээс жижиг намуудын тухайд үүнийг эсэргүүцэхгүй гэж найдаж байгаа.

Б.БОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна