Байгаль орчныг сайжруулахад чиглэсэн төслүүдийг дэмжсэн байна

Хуучирсан мэдээ: 2016.01.18-нд нийтлэгдсэн

Байгаль орчныг сайжруулахад чиглэсэн төслүүдийг дэмжсэн байна

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх Ардчилал төв, Азийн сан хамтран “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулгыг өнгөрсөн оны 12 дугаар сард зохион байгуулсан юм.  Өнөөдөр энэхүү санал асуулгын урьдчилсан дүнг олон нийтэд мэдээллээ.
 
Зөвлөлдөх санал асуулга нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э. Бат-Үүл болон  АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх Ардчилал төвийн ахлах зөвлөх Г.Занданшатар нараар удирдуулсан Зөвлөх хорооны хяналтан дор хэрэгжсэн юм.  Зөвлөх хорооны гишүүдийн бүрэлдэхүүнд Ерөнхий сайд асан Д. Содном, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Хас банкны ТУЗ-ийн дарга Ч.Ганболд, Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Философийн ухааны доктор, профессор Б.Даш-Ёндон, Гандантэгчинлэн хийдийн Хамба лам Д.Чойжамц, Монголын Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Т.Ариунаа, MCS группын Ерөнхийлөгч Ж.Од, Нийтлэлч Б.Батбаяр, Алтан тариа ХК-ийн захирал П.Цэнгүүн, Монфэмнэт Үндэсний сүлжээ ТББ-ын ахлах зөвлөх Д.Сүхжаргалмаа, МУИС-ийн Ректор Р.Бат-Эрдэнэ нар ажиллан, санал асуулгын явцад хяналт тавьсан.
 
Санал асуулгад санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 300 гаруй иргэн оролцож Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан, их хэмжээний зээл аван хэрэгжүүлэх 14 гол төслийг хэлэлцэн, ач холбогдлоор нь эрэмбэлсэн юм.  Санал асуулгад оролцсон иргэд нь нийслэлийн хүн амыг бүрэн төлөөлж чадахуйуц гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.
 
 Мөн санал асуулгын үеэр иргэдийн анхлан эрэмбэлсэн дараалал өөрчлөгдөж хамгийн их үнэлгээ авсан эхний 6 төслийн 4 нь байгаль орчныг сайжруулахад чиглэсэн төслүүд байсан гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-үүл  хэллээ.
 
Тодруулбал,  цэвэр эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт болон хог хаягдалтай холбоотой төслүүд, сургууль цэцэрлэгийн барилгын дулаан техникийн шинэчлэлтийг хийх, Туул Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах, Эко парк байгуулах болон Угсармал орон сууцны барилгын дулааны алдагдлыг бууруулах зэрэг төслийг эхний ээлжинд хэрэгжүүлэх ёстой гэж иргэд үзжээ.
 
Харин дараа нь үйлдвэрлэл болон хөдөлмөр эрхлэлтийн төвлөрлийг сааруулж  хотын төвөөс гаргахад чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Тухайлбал, Налайх дүүрэгт байгуулах барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк, Эмээлт орчим байгуулах хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк, Улаанбаатар хотын зүүн талд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах төслүүдийг санал асуулгад оролцсон иргэд дэмжсэн байна. Түүнчлэн “аюултай ба хортой хог хаягдал гаргах болон хадгалах үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр компаниудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх шаардлагатай” гэсэн санааг иргэд илэрхийлсэн байна.
Харин Улаанбаатар метро болон  Экологийн коридор  байгуулах төслүүдийн үнэлгээ доошилжээ.  Мөн энэхүү зөвлөдөх санал асуулгын үр дүнд иргэдийн дунд “төрийн албан хаагчид над шиг хүмүүс ямар бодолтой байгааг тоодог анхаардаг”, “Улаанбаатар хотын захиргаа зөв зүйл хийж байгаа” гэсэн итгэл нэмэгдсэн нь ажигллагдсан гэж АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор Ж.Фишкин хэллээ.
 
Зөвлөлдөх санал асуулгын дүнг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд, иргэдийг өгсөн саналын дагуу эрэмбийг тогтоосон захирамж гарган үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.  
 
Мөн анх удаа зохион байгуулсан зөвлөлдөх санал асуулга нь үр дүнтэй амжилттай болсон гэж иргэд дүгнэж байгаа учраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2 дахь Зөвлөлдөх санал асуулгыг “Хотын дүрэм болон Улаанбаатар хотын өөрийн засаглалыг сайжруулах” асуудлаар зохион байгуулахаар төлөвлөж байна.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж