АЭХ-ны зургаан нэр дэвшигч нэрээ татлаа

2016 оны 1 сарын 18

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дөрөвдүгээр чуулган Төрийн ордонд өнөө өглөөний 10.00 цагт эхэлсэн. Энэхүү чуулган 13.00 цаг хүртэл нээлттэй горимоор үргэлжилж байгаад 13.00 цагаас хаалттай горимд шилжлээ. Чуулганы явцад холбооныхоо тэргүүнд нэр дэвшсэн 10 гишүүний зургаа нь нэрээ татаж авлаа. Ийнхүү Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд өрсөлдөж байгаа дөрвөн гишүүнийг тодруулбал:   

1. С.Одонтуяа- УИХ-ын гишүүн

2. Г.Хажидмаа

3. Б.Ургамалцэцэг- БШУ-ны дэд сайд асан, Ерөнхий сайдын зөвлөх

4. И.Нарантуяа- Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга

Энэхүү чуулганд нийслэл, орон нутгийн 800 орчим төлөөлөгч оролцож байна. Тэдний төлөөлөл болгож Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Иргэдийн хурлын тэргүүлэгч С.Үржингийн сэтгэгдлийг сонслоо.

-Би энэ чуулганд оролцож байгаа хамгийн ахмад төлөөлөгчдийн нэг юм. Өвөрхангай аймагтаа ИХ-ын төлөөлөгчөөр 1996-2016 он хүртэл таван удаа сонгогдоод ажиллаж байна. Энэ хугацаанд, эмэгтэйчүүдийнхээ төлөө, ахмадынхаа төлөө АН-ынхаа гаргасан шийдвэрийг гүйцэтгэж ирсэн. Энэ чуулганд оролцохоор ирсэн миний гол зорилго бол улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал гэдгийг илэрхийлэхээр ирсэн. Нэг үеийг бодоход төрд оролцох эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж байна. Гэхдээ дэмжиж дээш нь гаргах шаардлагатай.

Харин Баян-Өлгийн аймгийн Буян сумын Иргэдийн хурлын тэргүүлэгч И.Гүлмайра “Би гэр бүлийн хамт АН-ыг дэмждэг. Анх 1990 онд нөхөр бид хоёр Ардчилсан хувьсгалд оролцож сумандаа өлсгөлөн зарлаж байсан. Үүнээс хойш 20 гаруй жилийн турш  АН-д тууштай зүтгэж байна. Би АЭХ-ны хуралд өмнө нь хоёр удаа оролцож байсан. Энэ удаад чуулганд оролцохын зэрэгцээ холбооныхоо тэргүүлэгчийг сонгох сонгуульд оролцож байгаа нь онцлог юм” гэж өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа. Бид хурлын талаар үргэлжлүүлэн хүргэх болно.  

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна