С.Ганбаатар Ерөнхийлөгчид нэр дэвшинэ

2016 оны 1 сарын 18

Парламентын сонгууль ойртох тусам улс төрөөс сонин хачин цөөнгүй сонсогдох боллоо. Цаашдаа чих дэлдийлгэсэн, ам ангайлгасан үйл явдал улс төрийн өрнөл байх нь гарцаагүй.

Хөдөлмөрийн үндэсний нам анхдугаар хурлаа зарлаж, дуурь бүжгийн эрдмийн театрт хоёр өдөр чуулав. Энэ үеэр хуучин дарга С.Боргил өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгч, түүний оронд саяхан тус намд элссэн С.Ганбаатар намын дарга боллоо. ХҮН бол С.Ганбаатарынх гэсэн эртний яриа биеллээ олсон уу эсвэл манайхан ийм мэргэн түргэн болчхов уу ямар ч байсан С.Ганбаатар гишүүн намын даргаар сонгогдсон даруйдаа хурлын индэр дээрээс илтгэл тавьж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшихээ зарлав. Улс төрийн хүрээнийхний дунд С.Ганбаатар ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн цуу яриа ингээд дахиад л үнэн болж таарав. Өөрөөр хэлбэл, Монголын улс төрд сонсогдож байгаа цуурхлыг үнэн, худал гэж таамаглахад төвөгтэй, зөвхөн цаг хугацаа үйл явдлыг харж суусан нь өлзий дэмбэрэлтэй бололтой.

Намынхаа их хурлаар дотоод дүрэм журмаа ярилцсан бөгөөд удирдлагын бүтцээ шинэчилжээ. Тодруулбал, намын дэд даргаар намын даргын ажлаа өөрийн хүсэлтээр өгсөн С.Боргил, Б.Найдалаа нар дэд даргаар ажиллахаар болжээ.

ХҮН намын дарга С.Ганбаатар С.Боргил дарга өнөөдөр албан ёсоор тамга тэмдгээ гардуулан өглөө. Үйл ажиллагааны дараа С.Ганбаатар дарга сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Хөдөлмөрийн үндэсний нам бол Ерөнхийлөгчийн нам байх болно гэсэн нь олон хүнд хачирхалтай сонсогдсон байх. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших хүн одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хуулиар бол намаасаа түдгэлзэх ёстой.

Харин өргөн баригдсан Үндсэн хуулийн шинэ төслөөр бол Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс биш парламентаас сонгох заалт бий. Тэгвэл С.Ганбаатар ард түмэнд биш парламентынханд таалагдах хэрэг гарах болно. Ямар ч байсан Үндсэн хуулийг өөрчлөхийг Хөдөлмөрийн үндэсний намынхан эсэргүүцэж байгаа билээ.

О.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна