Гавьяа байгуулаагүй юм аа гэхэд гай тариагүй

2016 оны 1 сарын 18

Хавар болж газар гэсэхээр зарим хүний хууч хөдөлдөг шиг "Болор цом" болох сургаар элдэв хий өвчин нь хөдөлдөг хэдэн цөөхөн хүн байдаг юм. Сэтгэцийн өвчин халдварладаггүй, цусаа л дагадаг байх гэж бодож явсан чинь үгүй юм байна. Сүүлийн үеийн байдлаас харахад зарим залуучуудад тэр өвчин халдварлаад байгаа бололтой. Ам нээвэл уушиг нээ гэдэг.

Болор цомын тухай цөөн хэдхэн сэтгэгдэлээ хэлье.

1. "Болор цом" яаж ч боллоо гээд яруу найргийн үнэлэмж унахгүй бас дээшлэхгүй.

2. "Болор цом"-ын шүлгүүдийг хэрхэн таашаах нь хувь хүний хэрэг. Шүүн тунгаах нь ч бас хувийн асуудал.

3. "Болор цом" зохион байгуулах нь гэмт хэрэг огтхон ч биш. Зарим нэг хүн гэмт хэрэг гэж үзэн яам тамгын газар, хууль хяналтынханд өргөдөл гомдол бичээд байдаг юм билээ. Өргөдлийнхөө дор алдартан гавьяатан гэдгээ нэг их тодруулж бичдэг юм билээ.

4. "Болор цом" нь Монгол Улсад албан ёсоор бүртгэгдсэн 100 мянга шахам төрийн бус байгууллагуудын нэг болох МЗЭ гэдэг төрийн бус байгууллагаас нийгэм олон нийт рүү чиглүүлэн зохион байгуулж буй арга хэмжээ.

5. "Болор цом" бол утга зохиолын байгууллагын уншигчиддаа зориулан хийж буй сурталчилгааны шоу. Хэнийг ч энэ шоунд ор гэж албадаагүй бас хориглоогүй.

6. "Болор цом"-ын наадам нь төсвөөс санхүүждэггүй. Тиймээс татвар төлөгчдийн мөнгийг шүлэг унших нэрээр шүлсээ үсчүүлээд хаячихаж байна гэж хардах шаардлагагүй гэсэн үг.

7. "Болор цом" зохион байгуулах гэж нэг хэсэг хүн нүүрээ улалзуулан, нүдээ бүлтэлзүүлэн өнгөтэй мөнгөтэй хүний үүд хаалга онголзуулан гүйж л хэдэн цаас олон зардал мөнгийг нь босгодог юм. Үүнийхээ төлөө ерөөл бус хараал л сонсдог билээ.

8. "Болор цом" зохион байгуулснаар хэн тэгээд хохироод байгаа юм. Ямар авьяаслаг найрагчийн нэрийг бүдгэрүүлээд бгаа юм. Хохирогч ярих юм бол түрүүлж буй хүн л хохирогч болдог байх. Тав арваараа нийлж аваад л өнөө муу түрүүлэгчийг чинь үгэн сумаар шүүрэн шанага шиг л шүршиж гарна даа. Ховоор хооллодог манай нийгэмд хор уршигтайг нь яана гээч.

9.Хувь хүнийхээ хувьд миний бие яруу найргийг уралдуулахыг ерөөсөө таашаадаггүй. Тиймээс уралдааныг уншлага болгохсон гэж хүсч явдаг. Тэр хүслээ ажил хэрэг болгохсон гэж хэрэндээ хичээж байгаа. Гэхдээ МЗЭ-ийн гишүүний хувьд олонхийн саналаа хүндэтгэн уншлага ч байсан уралдаан ч байсан байгууллагаа дэмжин ажиллах л болно. Аль аль нь байгууллагын болон уран зохиолын сурталчилгаа л юм шүү дээ,

10.Зарим нэг хүмүүс МЗЭ гэдэг балиар муухай газар "Болор цом" гэдэг үдээрийн зудын юм хийдэг гэж пөөх паах болцгоодог юм билээ. Тийм хүмүүс тэр муухай "Болор цом"-ыг үзээд ч яадаг юм, ТВ-ээр чинь гараад байвал сувгаа л сольчихгүй юу. Эсгэвээс" Болор цом"- оос илүү мундаг арга хэмжээ өөрсдөө зохион байгуулаад л хэвшчихгүй юу.МЗЭ ямар төсөвтэй биш, төрийн дэмжлэгтэй биш адилхан л төрийн бус байгууллага байгуулаад /за даа бараг ТББ-ын тамга кармайнд нь байгаа даа/ санхүү мөнгө босгоод "Болор цом"-оос илүү жинхэнэ яруу найргийн үнэ цэнтэй арга хэмжээ зохион байгуулж болно шүү дээ.

11. За тэгээд эцэст нь "Болор цом" Монголын уран зохиолд гавьяа байгуулаагүй юм аа гэхэд гай тариагүй шүү.

via Bunza Terguun

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна