Хүн амын тоог харгалзан мандат тогтоохыг дэмжихгүй

2016 оны 1 сарын 18

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын их хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох, сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцжээ. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд мэдээлэл хийв. 

Өнгөрсөн баасан гаригт Сонгуулийн ерөнхий хорооноос Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн саналдаа сонгуулийн тойргийн нутаг дэвсгэрийн хязгаар, мандатын тоог хуучнаар нь буюу 2008, 2012 оны сонгуулийн тойрог, мандатын тоог баримтлахаар болсон. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль болон УИХ-ын сонгуулийн хуульд заасан хүн амын тоо, засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийг харгалзан тойргоос сонгогдох 48 мандатын 14 нь нийслэлээс, 34 нь хөдөө орон нутгаас сонгогдох санал ирүүлсэн. Гэтэл өнөөдөр Ардчилсан намаас Сонгуулийн ерөнхий хороонд үүрэг даалгавар өгч сонгуулийн тойрог, мандатын тоог өөрчлөх асуудлыг ярьж байгааг дэмжихгүй гэж МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт онцлов. Ингэснээр нийслэлд 22, орон нутагт 26 мандат оногдох бөгөөд нийслэлийн дүүргүүд 2-5 мандаттай болж, алслагдсан, хил дагасан аймгууд нэг мандаттай болохоор байгаа аж. Тухайлбал, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор зэрэг аймаг УИХ-д нэг мандаттай болох магадлалтай аж. 

Энэ тухай бүлгийн дарга С.Бямбацогт "Эрх баригч Ардчилсан намынхны хэлж буй өөрчлөлтөөр хотоос сонгогдох гишүүд дээр жагсаалтын 28 хүнийг оруулж тооцвол нийтдээ 50 гишүүн зөвхөн Улаанбаатар хотоос сонгогддог болох нь. 2008 оноос өмнө 56 гишүүн хөдөө орон нутгаас, 20 нь Улаанбаатараас сонгогддог байсан. Харин энэ өөрчлөлтөөр нийт гишүүдийн 50 гаруй нь Улаанбаатараас сонгогддог болох нь. Сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоохдоо хүн амын тоо, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийг харгалзаж үзнэ гэж Үндсэн хууль болон Сонгуулийн хуульд заасан. Гэтэл зөвхөн хүн амын тоог харгалзан тойрог, мандатын тоог тогтоох гэж байгаа нь Үндсэн хууль зөрчинө. Монгол Улс 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Улаанбаатар хот 4.7 мянган кв.км нутаг дэвсгэртэй. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувь нь Улаанбаатар хотод, 99.7 хувь нь хөдөө орон нутагт ногддог. Гэтэл нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувьд нь 50 мандат, 99.7 хувьд 26 мандат ногдохоор болж байгаа нь үнэхээр шударга бус хуваарилалт юм. Иймд энэ асуудлыг МАН-ын бүлэг дэмжихгүй" гэв. 

Мөн сонгуулийн тойрог, мандатын тоонд өөрчлөлт оруулснаар Улаанбаатар хотод хэт төвлөрөл бий болж, хэдэн жилийн дараа хот улс бий болохыг ч анхааруулав. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Энэ шийдвэрээс болж хоёр том асуудал үүснэ. Нэгдүгээрт, хөдөө орон нутаг эзгүйрч, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын асуудал хүндэрнэ. Төр засгаас үеийн үед төвлөрлийг сааруулах, өргөн уудам нутаг дэвсгэр дээрээ жигд тархаж амьдрах, хил хязгаараа манах, алслагдсан бүс нутгаа дэмжих бодлогыг явуулж ирсэн. Хүн амын нягтралыг дагаад утаа, замын түгжрэл, гэмт хэрэг, сургууль цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал зэрэг тулгамдсан олон асуудал бий болж байгаа. Энэ шийдэл Улаанбаатарын иргэдэд бас сөргөөр нөлөөлнө. Сонгуулийн тойрог, мандатыг өөрчилсний улмаас нийслэл хотод хүн амын хэт төвлөрөл бий болж, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний ачаалал ихэсч, гэмт хэрэг өсөх зэрэг олон сөрөг үр дагаврыг энэ шийдвэрээрээ эрх баригч АН бий болгох гэж байгаад харамсаж байна. Ингэснээр аймаг, орон нутгийн ард иргэдийг УИХ-д төлөөлөх боломж багасна, энэ аймгуудад хөрөнгө оруулалт хийх, хөгжих боломж бололцоо улам хумигдана. Тиймээс аймаг, орон нутгийн ард иргэд энэ чухал асуудалд анхаараасай гэж хүсч байна" гэлээ.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна