Дуудлага худалдаа явуулж иргэнээ хохироосон гэв

2016 оны 1 сарын 18

Иргэн Д.Энхтуяаг төлөөлөн өнөөдөр “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас мэдээлэл хийлээ. Учир нь иргэн Д.Энхтуяа 2014 онд төрийн өмчийн дуудлага худалдаанд оролцож Төрхурх сувиллын газрыг авахаар болсон ч өнөөдөр сувилал ч үгүй, мөнгө ч үгүй хоцорсон хэмээн тэд өнөөдөр мэдээллээ.

2014 онд төрийн өмчийн 37 нэр бүхий хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахаар жагсаалт гаргажээ. Энэ 37 объект дотор ШШГЕГ-ын харьяа гэгддэг  Төрхурх сувиллын газар багтжээ. Ингээд 2014 оны 12 дугаар сарын 19-нд болсон дуудлага худалдаанд Д.Энхтуяа гэх иргэн нэг тэрбум есөн сая хоёр зуун мянган төгрөгөөр уг сувиллыг авахаар болсон байна. Д.Энхтуяагийн хувьд дэнчингийн мөнгөө төлж, 2015 оны нэгдүгээр сарын 14-ны дотор сувиллыг хүлээж авахаар гэрээлжээ. Гэтэл иргэн Д.Энхтуяад сувиллыг өнөөг хүртэл шилжүүлээгүйгээр зогсохгүй 2015 оны хоёрдугаар сарын 24-нд Засгийн газраас 37 тоот тогтоол гаргаж “Худалдах хөрөнгийн жагсаалтаас Төр хурх сувиллыг хүчингүй болгосон” гэж мэдээлжээ.

Ингээд худалдаж авсан газрыг нь хувьчлахгүй гэх тогтоолыг Засгийн газраас гаргасан байна. Гэтэл одоог хүртэл дуудлага худалдаанд өгсөн дэнчингийн мөнгийг нь олгоогүй гэв. Тиймээс тэд Засгийн газарт шаардлага тавьж байгаагаа уламжиллаа.

  1. Засгийн газар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж иргэн Д.Энхтуяад дэнчингийн мөнгийг нь олгох

  2. Дээрмийн шинжтэйгээр гаргасан Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын хоёрны өдрийн 37 дугаар тоот тогтоолоо хүчингүй болгохыг шаардаж байгаа гэв. Тэд энэ асуудлаар өнгөрсөн нэг жилийн хугацаанд хууль шүүхийн байгууллагаар яваад ч үр дүнд хүрэхгүй байгаа гэв. Тиймээс “Иргэдийн шударга шүүх” ТББ-д хандаж, хэвлэл мэдээллийнхнээр дамжуулан Засгийн газарт шаардлага хүргүүлэхээс аргагүйд хүрсэн хэмээн мэдээллээ.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна