МСНЭ-ийн үе үеийн удирдлагууд уулзлаа

2016 оны 1 сарын 18

Монголын сэтгүүлчдийг өөрийн гэсэн мэргэжлийн төв байгууллагатай болгох шийдвэр 1951 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр анх гарч байжээ. Энэ өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн байгууллагын үе үеийн удирдлагууд, түүний төв аппаратад ажиллаж байсан ажилтнуудыг МСНЭ-ийн удирдлагууд өнөөдөр хүлээн авч уулзав.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байранд үе үеийн дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга нарыг урьж, чөлөөт ярилцлага зохион байгуулсан юм.  

МСНЭ Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн төв байгууллагын түүхэн он цагийн товчооныг хэвлэн гаргах, өмнөх үеийн дарга удирдлагуудын тухай хөрөг нийтлэл, нэвтрүүлэг хийлгэх, яриа дурсамжийг нь архивлах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөөд байгаа аж.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид хэлэхдээ “Өнөөдөр бид ямар байдлаас сэтгүүлзүйд чиг хандлага тогтоохоос ирээдүйн сэтгүүл зүйн байгууллагын хөгжлийн төлөв нь тодорхой болох учраас биднээс маш их хариуцлага шаардаж байна. Ялангуяа цаасан хэвлэл, радио, телевизийн мэдээлэл цахим руу шилжиж байгаа нь их онцлогийг харуулж байна. Энэ нь сэтгүүлч мэргэжлийг шинээр өнгө төрхийг бий болгож, хувиргаж байгаа ийм л цаг үед бид Монголын сэтгүүлчдийн байгууллагын мэргэжлийн төв байгууллагыг удирдах үүрэг хүлээсэн юм. Энэ үед бидэнд хоёр чиглэлд хамтарч ажиллах шаардлага гарсан. Өнгөрсөн цаг хугацаанд хийж амжаагүй, хийх боломжгүй байсан ажлыг гүйцээх шаардлагатай болсон. Мөн ирээдүйгээ хандсан сэтгүүл зүйн зөв суурийг тавих хэрэгцээ шаардлага гарч байна. Өнгөрсөн цаг хугацаанд улс төрийн нөхцөл байдал, тухайн үеийн үзэл суртлын хаалтаас болоод эрх ашгийг нь хамгаалж чадаагүй сэтгүүлчдээ хохироосон тохиолдол байдаг. МСНЭ энэ бүхэнд уучлал гуйсан. Мөн өнгөрсөн хугацаанд хийж, ярьж болдоггүй тэр бүхнийг нээхийн төлөө, сэтгүүл зүйн төдийгүй Монголын түүхээс дарагдаж байсан цагаан орон зайг нөхөхийн төлөө ажилласан. Энэ салбарт зайлшгүй байх ёстой сэтгүүлзүйн судлал шүүмжлэлийн салбарыг түүхчлэн тоймлож, хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Сэтгүүлчдийнхээ бүтээлийг багцалж, сэтгүүл зүйн номын сан бий болгох шаардлага гарлаа. Бид сэтгүүлчийг түүх бүтээгч гэдэг утгаар эргэж харах шаардлагатай болоод байна. Үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Өнөөдөр МСНЭ-ийн байгууллагынхаа 65 жилийн ойг тохиолдуулан бүх үеийн ахмад удирдлагуудаа хүлээн авч тэдэнтэйгээ ярилцлаа. Эндээс их олон сайхан санаа гарч байна. Энэ жилийн турш ойн цуврал арга хэмжээг зохион байгуулах юм” гэлээ.  

1951 оны 1 дүгээр сарын 16-ны энэ өдөр МАХН-ны Төв хорооны тогтоол гаргаж Гэгээрлийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн дэргэд “Сэтгүүлч нарын секц байгуулах тухай” шийдвэрлэж, энэ ажлыг зохион байгуулах товчооны даргаар Гомбын Жамцыг аравдугаар сарын 25-нд тогтоол гарган дэргэдээ Монголын сэтгүүлчдийн хороог байгуулж, даргаар нь О.Пунцагийг томилсон байна.  

Монголын сэтгүүлчдийн байгууллагын даргын ажлыг О.Пунцаг, Ж.Зундуй, Ц.Намсрай, Л.Түдэв нарын “Үнэн” сонины эрхлэгч, орлогч эрхлэгчийн албан тушаалтай хүмүүс хавсран хашиж байснаас Ц.Намсрай хамгийн олон буюу 21 жил хашжээ. 1990-ээд оны эхээр бие даасан орон тооны удирдлагатай болж, Ц.Мөнхжаргал, С.Цэрэндорж, Ц.Бат-Орших нар дарга, Ерөнхийлөгчөөр ажиллаж байв. 2002 онд МСХ, МЧАСЭ нэгдэж МСНЭ болсноос хойш С.Батмөнх, Д.Сарангэрэл нар Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, До.Цэнджав, Т.Баасансүрэн нар Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Мөн 2002 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр МСНЭ-ийн анхдугаар их хурлаар Ц.Дашдондовыг МСНЭ-ийн хүндэт Ерөнхийлөгчөөр томилж байжээ. МЧАСЭ байгуулагдаж, 2002 онд МСХ-той нэгдэх хүртэл Ерөнхийлөгчөөр нь Ц.Дашдондов ажиллаж байв.

МСНЭ-ийн өнөөгийн удирдлага МСНЭ-ийн 65 жилийн ойг цуврал арга хэмжээ болгон оны турш тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна. Тус байгууллагын зүгээс Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн төв байгууллагын түүхэн он цагийн товчооныг хэвлэн гаргах, өмнөх үеийн дарга удирдлагуудын тухай хөрөг нийтлэл, нэвтрүүлэг хийлгэх, яриа дурсамжийг нь архивлах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөжээ.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна