Автомашины хязгаарлалтын бүсийг нэмжээ

2016 оны 1 сарын 18

Сэтгүүлч:
Улаанбаатар

Нийслэлийн захирагчийн ажлын албанаас өнөөдөр хоёр асуудлаар мэдээлэл хийлээ. Эхнийх нь дугаарын хязгаарлалтын асуудал юм.

Сар шинэ дөхсөн энэ өдрүүдэд иргэд амралтын өдрүүдээр баярын бэлтгэлээ хангаж, тэр хэрээр зах худалдааны төвийг зорьсон автомашины цуваа нэмэгддэг. Нийслэлд 436 мянган тээврийн хэрэгсэл байдаг. Гэтэл сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд эдгээр тээврийн хэрэгслээс гадна орон нутгийн автомашины хөдөлгөөн ч нийслэл рүү чиглэдэг. Тиймээс сар шинийн өмнөх амралтын өдрүүдээр автомашиныг тэгш, сондгойгоор нь ангилан хөдөлгөөнд оролцуулахаар болсон байна. Энэ хязгаарлалт нь зөвхөн сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд үйлчилнэ гэдгийг сануулъя. Ингээд нэгдүгээр сарын 30, хоёрдугаар сарын зургааны өдөр тохиох бямба гаригт сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй. Харин нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын долооны ням гаригуудад тэгш тоогоор төгссөн дугаартай бол оролцохгүй байхаар зохицуулжээ.

Дугаарын хязгаарлалтыг Саппорогийн тойргоос Офицеруудын ордон, Чулуун овооны уулзвар хүртэл зайд хэрэгжүүлдэг. Тэгвэл энэ удаад хязгаарлалтын бүсийг нэмжээ. Учир нь сар шинэ дөхсөн энэ өдрүүдэд Нарантуул захаас гадна Хархорин захыг чиглэсэн хөдөлгөөн нэмэгддэг. Тиймээс Хархорин захын ойролцоох автозамын ачааллыг бууруулахын тулд дугаарын хязгаарлалтын бүсэд Геологийн төв лаборатори буюу Таван шараас Саппорогийн уулзвар хүртэлх хэсгийг багтаажээ. Энэ зохицуулалт өглөөний 10.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл үйлчлэх юм. 

Нийслэлээс өгсөн дараагийн мэдээлэл Автотээврийн татвар хураалтын асуудал байв. Энэ жилийн хувьд тээврийн хэрэгслийн татвар хураалтын ажлыг 1-6 дугаар сарын хооронд авахаар болжээ.

1, 6-аар төгссөн – нэгдүгээр сард

2, 7-аар төгссөн – хоёрдугаар сард

3, 8-аар төгссөн- гуравдугаар сард

4, 9-өөр төгссөн – дөрөвдүгээр сард

5, 0-ээр төгссөн – тавдугаар сард авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө төлөх юм. Энэ жилийн хувьд татварын хувь хэмжээ өөрчлөгдөөгүй гэв. Харин хяналтыг чангатгаж байгаа гэдгийг албаныхан дуулгалаа.

Тухайн сардаа татвараа төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчид гуравдугаар сараас хариуцлага тооцож эхлэх юм байна. Өөрөөр хэлбэл, заасан хугацаанд татвараа төлөөгүй иргэнд Захиргааны хариуцлагын тухай хуулиар торгууль тооцож, бичиг баримтыг нь хураах юм. Өнгөрсөн жилийн хувьд Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт 22.5 тэрбум төгрөг, авто зам ашигласны төлбөрт 9.2 тэрбум төгрөг, агаарын бохирдлын төлбөрт тэрбум гаруй төгрөгийг төвлөрүүлжээ.

Б.ЗОЛЗАЯА

ЗУРАГЛААЧ: Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна