Боловсролын салбарт анх удаа ISO9001:2015 стандартыг нэвтрүүлж эхэллээ

2016 оны 1 сарын 18

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сувилахуйн сургууль нь 1929 онд Сувилагчийг 2 жилийн курсээр бэлдэж эхэлсэн монголын эрүүл мэндийн салбарын ууган сургууль билээ. МУ-ын Эрүүл мэндийн боловсролын ноён нурууг түшилцэж сувилагч, эх баригч, хөдөлгөөн засалч, ахуй засалч, дүрс оношлогооны техникч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт угсралтын техникч, туслах сувилагч зэрэг 10-аад чиглэлээр оюутан элсүүлж бэлтгэдэг  юм.

Тэгвэл энэ удаа тэд Олон улсын чанарын удирдлагын хамгийн сүүлийн үеийн стандартыг нэвтрүүлж, Засгийн газар, Хөдөлмөрийн яам дэмжлэгтэйгээр нийгмийн салбарт инновацийг нэвтрүүлэгч жишиг сургууль болох зорилт тавин, ажлаа өрнүүллээ.

2015 оны байдлаар ISO 9001 олон улсын стандартыг эдүгээ Монгол Улсын хэмжээнд  80 гаруй байгууллага хэрэгжүүлсэн байгаа бөгөөд Эрүүл мэндийн салбарт Клиникийн 2-р нэгдсэн эмнэлэг хэрэгжүүлсэн бол Боловсролын салбараас Сувилахуйн Сургууль  анх удаа нэвтрүүлж буй юм.

Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 олон улсын стандарт: Олон улсын стандартчиллын байгууллага (цаашид ОУСБ гэх)-аас байгууллагын нэр төрөл, хэмжээнээс үл хамаарч аливаа байгууллагад чанарын удирдлагын үр нөлөөтэй  тогтолцоог хэрэгжүүлж, ажиллуулахад туслах зорилгоор ISO 9000  бүлэг стандартыг боловсруулсан.

ISO 9000 бүлгийн хүрээний чанарын удирдлагын стандартуудын суурийг чанарын удирдлагын үндсэн 8 зарчим бүрдүүлж өгдөг. Үүнд:

  • Хэрэглэгчийг баримжаалсан үйл ажиллагаа явуулах: Байгууллага нь хэрэглэгчдээсээ хамаардаг учраас хэрэглэгчийнхээ одоогийн болон ирээдүйн хэрэгцээг ойлгож, хэрэглэгчийн шаардлагыг биелүүлэх, түүнээс давуулахыг хичээх хэрэгтэй.

  • Манлайлах: Удирдагчид бол байгууллагынхаа зорилго ба чиглэлийн нэгдмэл байдлыг болгодог бөгөөд тэд байгууллагын зорилтуудыг биелүүлэхэд ажиллагсад нь бүрэн оролцохуйц орчныг үүсгэн хадгалж байх ёстой.

  • Ажиллагсдыг татан оруулах: Бүх шатны ажиллагсад байгууллагын бүрдүүлж байдаг бөгөөд  тэднийг  бүрэн хэмжээгээр  татан оролцуулснаар  чадварыг нь байгууллагын ашиг тусын  тулд ашиглах боломжтой болдог.

  • Үйл явцын хандлага: Үйл ажиллагаанууд болон холбогдох нөөцийг үйл явц гэж авч үзэн  удирдсан үед товлосон үр дүнд  илүү үр ашигт  хүрэх нөхцөл бүрдэнэ.

  • Удирдлагад тогтолцоотойгоор хандах: Харилцан уялдаа бүхий үйл явцуудыг  нэгэн тогтолцоо байдлаар тодорхойлж, ойлгож, удирдах нь  байгууллагын зорилтод хүрэх үр ашиг, үр нөлөөнд  түлхэц үзүүлдэг.

  • Байнгын сайжруулах: Байгуулллагын бүх гүйцэтгэлийг  байнга сайжруулж байх явдал нь уг байгууллагын  байнгын зорилго байх ёстой.

  • Шийдвэр гаргахдаа бодитойгоор хандах: Үр нөлөөтэй шийдвэр нь өгөгдлийн задлан шинжилгээ, мэдээлэлд үндэслэдэг.

  • Нийлүүлэгчтай харилцан ашигтай харилцаа тогтоох: Байгууллага болон түүний нийлүүлэгчид нь бие биенээсээ  хамаардаг бөгөөд харилцан ашигтай  харилцаа тогтоох нь аль алиных нь өртөг бий  болгох чадварыг дээшлүүлдэг.

Дээрх 8 зарчмыг өдөр тутмын үйл ажиллагаа, удирдлагадаа бүрэн нэвтрүүлсэн байгууллага хэрэглэгчийн сэтгэл ханамжид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг  олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн хүргэж  чадах бөгөөд байгууллагын гүйцэтгэл , үр ашиг сайжирч тогтвортой өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

Сувилахуйн сургууль нь эрүүл мэндийн салбарт ISO9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлснээрээ Монголын Анагаах ухааны тэр дундаа сувилахуйн салбарын боловсролын хөгжилд том ахиц гарах үүд хаалга нээгдэх юм.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна