Инфляцитай уруудсан амьдрал минь...

2016 оны 1 сарын 19

Инфляци буурчээ. Сайхан мэдээ гэнэ. Дандаа л инфляци өслөө, ажилгүйдэл нэмэгдлээ гэж сонссоор дасал болсон бидэнд үүнээс сайхан мэдээ гэж юу байх вэ. Үүнд мах, махан бүтээгдэхүүний хямдрал хамгаас илүү нөлөөлсөн талаар статистикийнхан онцолсон. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар /УБСЕГ/ өнгөрсөн оны эдийн засгийн үзүүлэлт жигтэйхэн сайхан гарсан талаар ийнхүү сайн мэдээ дуулгалаа. Урьд өмнө нь байгаагүйгээр инфляци унаж. Гэхдээ энэ чихэнд чимэгтэй мэдээ амьдралд маань яагаад анзаарагдсангүй вэ. Эдийн засаг гадарлах хүмүүс “Баяртай мэдээ” гэж тодотгосоор ахуйд маньд лав нөлөөлж мэдрэгдсэнгүй. Надаас бусдад нь мэдрэгдсэн байх талтай. Гэхдээ л ойр орчныхон өнөөх л олиггүй үгээ урсгасан хэвээр байхыг харахад бас л амьдралд нь мэдрэгдсэн шинжгүй. Аль эсвэл бид бүгд амьдрал хэцүүдлээ гээд муу амласаар сайжирснаа анзаарахгүй “цам харайж” яваа бол тоогүйеэ.

Инфляци 2013 онд 12.3 хувь, 2014 онд 11 хувьтай байсан юм. МАН-ынхан эрх барьж ахуйд буюу 2012 онд бүр 14 хувьтай байжээ. Гадаад худалдааны тэнцэл ч ойртож ирснийг статистикчид хэлээ. Тиймээс л үүнийг сайн мэдээлэл гээд буй хэрэг. Инфляци гээчийн нарийн онолыг мэдэхгүй л дээ. Гэхдээ “Эдийн засгийн онол” хичээлээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээнээс гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ хэтэрсэн үед үүсэх мөнгөн ханшийн үнэгүйдэл гэж ойлгосон. Буруу бурсан бол болгооно буй за. Фишер гэгчийн тэгшитгэлээр бол инфляци нэг хувиар өсөхөд дагаад зээлийн хүү нэг хувиар дээшлэх ёстой юм гэсэн. Мэдээж инфляци буурвал дагаад зээлийн хүү буурна гэсэн үг. Энэ хуулийн дагуу бол эрх баригчид ипотекийн зээлээ бууруулах бүрэн боломжтой гээд буй. Харин түүнд нь Үндсэн хуулийн Цэц садаа болсон гээд байгаа.

Гэхдээ учир мэдэх эдийн засагчид инфляци ингэж огцом уруудсан нь муугийн ёр гэж болгоомжлуулж байна. Тэдэн шиг онолыг нь мэдэхгүй ч буруу тийшээ байдал хазайгаад байна гэдгийг гадарлаад байгаа юм л даа.

Инфляци буурсан шалтгааныг тэд худалдан авах чадвар муудсантай холбон тайлбарлалаа. Яахын аргагүй тийм, дамчид тоолдог хэд маань нэмэгдээгүй байхад хэт хөөсөрсөн үнээр бараагаа маньд шахдаг байснаа болиод “авсан үнээрээ ав” гээд ч түүнийг нь “манайхан” авахгүй байгаа. Үнэндээ дахиад буулгахгүй бол бидэнд өгөх “юм” нь үлдээгүй юм чинь.

Найман хувийн хүүтэй зээл өнгөрсөн онд зогсоогүй байсан ч орон сууцны үнэ хямдарсан. Бас л сайхан хэрэг. Барилгын салбарынхан яг үнэндээ арай л дэндүү өндөр үнэ санал болгоод байсан юм. Одоо бодит үнэндээ нэг юм очоод байгаа бололтой.

Гэхдээ зээлийн хүүг бууруулчихвал эргээд үнэ өсөх вий гэх болгоомжлол бас бий. Энэ эмзэглэлд “Зах зээлд өнөөдөр 18882 айлын орон сууц ашиглалтад орсон эзнээ хүлээж байгаа бол 50-аас дээш хувийн гүйцэтгэлтэй 22303 айлын орон сууц, 50 хувийн гүйцэтгэлтэй 24661 айлын орон сууц баригдаж буй аж. Өөрөөр хэлбэл, энэ онд багтаад нэмж 40 мянга гаруй айлын орон сууц ашиглалтад орох бололцоотой гэсэн үг. Харин эрэлт бол үүнээс бага юм байна. Тиймээс үнэ өсгөх боломжгүй” гэх тайлбарыг Монголын барилга үйлдвэрлэгчдийн үндэсний холбооны тэргүүн өгчээ.

УИХ-ын дарга орон сууцны зээлийн хүүг тав хүртэл хувиар буулгах боломжтой талаар яриад буй. Гэхдээ эдийн засагчид энэ нь арай л боломжгүй, бидний нөөц бололцоо хараахан хүчирэхгүй гэцгээж байна. Тэгвэл МАН-чууд хийгээд “эх орончид” бүр 3 хувь болгох боломж байгаа хэмээн ам уралдан ярихыг сонссон л байлгүй. Тэд популизм хийх боломжийг яаж алдах вэ.

Өмнө нь МАН-ын ид үед инфляци 17 хувь хүрчихсэн даналзаж байхад хөгшин эжийдээ цагаан сарынх нь шүүсийг 500-600 мянгаар авч өгч чадаж байлаа. Гэтэл түүнээс бараг арав дахин “доошоо” орчихсон үед нь хонины тарган гулууз 150-200 мянга болтлоо 4-6 дахин махны үнэ буурчихсан байхад олигтойхон мах чанаад идчихэж чадахгүй л явна.

Гэхдээ тэр үед эх орны хишиг гээд өгсөн мөнгөөр л бид тэгэж тансаглаж байлаа шүү дээ. Тухайн үедээ баярлаж байлаа. Харин тэгэхэд МАН бидэнд мөнгө биш зээл өгсөн юмсанж. Одоо хэр нь бид тэдний тавьсан өрийг төлж суугаа. Дээр нь хөрөнгө оруулагчдыг үргээж орхисныг нь өнгөрсөн жил л мэдэрсэн дээ. Гэтэл одоо “Бидний үед сайхан байсан биз дээ” гэж ирээд л ам асуугаад ч байгаа юм шиг тавлаад ч байгаа юм шиг. Гэнэт цадах гэдсэнд халтай, гэнэт баяжвал насанд цөвтэй гэдгийг ухаарсан бол тэднийг бэлэн мөнгө нэрээр “зээл” тараахаас өмнө 2008 онд сонгохгүй унагаах байсан юм билээ...

...Ямартай ч хэрэв найман хувиас таван хувь болгож чадвал илүү олон залуу гэр бүл орон гэртэй болно. Дээр нь маниас эхлээд найман хувийн хүү төлж байсан нөхдүүд зөрүү болох гурван хувиараа өөр зүйл худалдан авах боломжтой болно. Гурван хувийн хүүгээр эхнэрээ тогос шиг гоёчихдоггүй юмаа гэхэд хоол хүнс, өдөр тутмын хэрэгцээнд хөөрхөөн нэмэртэй. Бидний худалдан авалт гурван хувиар нэмэгдээд ирэхээр дотоодын үйлдвэрлэгчдийн борлуулалт ч өсч, үйлчлүүлэгчгүй болоод байсан дэлгүүр ядаж сардаа нэг хөлд дарагдана.

Эдийн засгийнхаа эргэлтийг бага ч гэсэн эрчимжүүлж чадна.

Дээр нь инфляциа өсгөхийн тулд төрийн байгууллагууд үндэснийхээ үйлдвэрчдээс авах боломжтой бүтээгдэхүүнээ импортлохгүй байхад л инфляциа өсгөхөд нэмэр болно.

Өнгөрсөн жилд гэхэд, Аж үйлдвэрийн яамтай гэрээ байгуулсны үндсэн дээр Батлан хамгаалах яам 3.9 тэрбум төгрөгөөр үндэсний үйлдвэрлэгчдээс нормын хувцас, зөөлөн эдлэл, 3.2 тэрбум төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, 426,4 сая төгрөгийн эм, ороох боох материал худалдан авсан талаар АҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү хэллээ.

Түүний хэлснээр, Сангийн яамнаас энэ онд боловсролын салбар 9,5 тэрбум, хөдөлмөрийн салбарт 2 тэрбум, эрүүл мэндийн салбарт 8,430 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчдээс авах боломжтой гэсэн тооцоо гаргасан гэнэ.

Харин Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Цаашид дотоодын үйлдвэрлэл эх орны зах зээлийг хангаж чадах бараа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн импортын бараанд гаалийн тарифын зохицуулалт хийнэ” гэж байна.

Хэрэгжүүлж чадвал сонгуулиар шилний цаанаас мөхөөлдөс долоолгодог шиг мөнгө амлахаас илүү үр дүнтэй бодлого.

Харин бид цаашид асуудлаа шийдэх гэж мөнгө хэвлээд /Албан бус мэдээлэл/ инфляци буураад байвал мөнгө цаас болно. Эхнээсээ бүсээ чангалж, төрийн албадыг хүчээр нэгтгэж, цомхотгол явуулаад эхэлсэн Засгийн газрын бодлого цаашаа татварыг нэмэгдүүлж, цалин бууруулах, улсын төсвийн зарлагыг танах, зээлийн хэмжээг хорогдуулах, улсын үнэт цаас худалдаалах явдлыг нэмэгдүүлэх замаар үргэлжилсээр байвал дифляци гээч нь нүүрлэх нь гарцаагүй. Эдийн засагчдын хэлснээр энэ нь инфляциасаа ч долоон дор үзэгдэл юм гэсэн.

Төсөвт суулгасанчлан энэ жил төрийн мэдэлд байсан агентлагийг хувьчилж, төсөвтэй нэмэр болгохоор зэхэж буй. Гэхдээ тэдгээр салбараас төрийн оролцоог аажмаар багасгаж, бие даах чадварыг нь хөгжүүлэхгүй бол бүр ч хэцүүхэн байдалд орж мэднэ.

Харин бид одоо инфляциа дифляци болгочихгүйгээр буцаагаад өсгөх бодлого баривал яасан юм бэ? Инфляци буурсанд эргэлзэгч Л.НАРАНТӨГС.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна