Хатагтай ерөнхийлөгч

2016 оны 1 сарын 19

 

Тайванийн иргэд бямба гаригт болсон сонгуулиар анхны хатагтай ерөнхийлөгчөө сонголоо. Дэлхийн улс орнуудад улс төрийн эрх мэдэл хэрэгжүүлэгчдийн ердөө 20 хувийг л эмэгтэйчүүд эзэлдэг. Харин үлдсэн 80 хувийг эрчүүд эзэлж байна. Гэвч сүүлийн жилүүдэд улс төр дэх жендерийн харьцаанд өөрчлөлт орж эхэлсэн бөгөөд ялангуяа Азийн орнууд улс төрийг хатан ухаанаар залах, эерүү зөөлөн уур амьсгал бүрдүүлж чаддаг эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх сонирхолтой болж иржээ. Тэдний жишээ бол БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын-Хэ, Мьянмарын Ардчиллын төлөө үндэсний лиг намын тэргүүн Ан Сан Су Чи, одоо Тайванийн ерөнхийлөгч Цай Ин-вен болж байна.

 

АНУ, Их Британид суралцаж, өрнийн боловсрол эзэмшсэн, Бээжингээс Тайванийн талаар явуулж буй бодлогыг эсэргүүцэгч Ардчилсан дэвшилт намын гишүүн Цай Ин-вен сонгогчдын 56 хувийн санал авч ялалт байгуулснаар найман жил засгийн эрх барьсан Тайванийн Үндэсний нам буюу Гоминдан намын ноёрхолд цэг тавьжээ.

 

Сонгуульд ялалт байгуулсныхаа дараа Цай Ин-вен “Улс төрийн туйлшралд цэг тавьж, Тайваньд улс төрийн шинэ эринийг авчрахын төлөө тэмцэнэ. Тайванийн иргэд улс орноо шинэ эринд хөтлөн, бүрэн бүтэн байдлаа сахин хамгаалах тийм л засгийн газар байгуулахыг хүлээж байгаа” гэж мэдэгдсэн юм. Шинэ ерөнхийлөгч хатагтай 23 сая хүн амтай Тайванийн эдийн засгийг сэхээн сайжруулж, Өмнөд, зүүн өмнөд болон зүүн Азийн орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргахаа амласан байна. Түүний бодлого нь Тайваньд хөгжил дэвшил авчрахын тулд дэлхийн хамгийн том эдийн засагтай Хятадтай өргөн хүрээнд интеграци явуулах тухай Гоминдан намын бодлогоос эрс өөр байх бололтой.

 

Харин Тайванийг Хятадын нэг муж гэж үздэг Бээжингийн эрх баригчид сонгуулийн үр дүнг урвалт гэж тодорхойлсон бөгөөд хэрэв шаардлагатай бол хүч хэрэглэж, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаална гэж мэдэгдсэн байна. Хэрэв тэгвэл 1949 онд Хятадын арми, болон генерал Чан Кай Шин салан тусгаарлагчдын хооронд болсон шиг мөргөлдөөн гарч болзошгүйг сануулсан байна.

 

Хятад улс Тайванийг өөрийн нэг хэсэг гэж үздэгийн улмаас Тайванийг НҮБ-ын гишүүн, бие даасан улс гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм. Тайваньд эрх барьж байсан Гоминдан нам өнгөрсөн хугацаанд асар их өөрчлөгдсөн бөгөөд Хятадын Засгийн газрын даалгавраар ажилладаг, чинээлэг гишүүд Тайванийг Хятадтай нэгтгэх бодлого барих болсон нь сонгуульд ялагдах гол шалтгаан болсон байна. Нөгөө талаар Тайванийн эдийн засгийн бэрхшээлтэй асуудлууд нь сонгуулийн кампанит ажлын үеэр хамгийн их сөхөгдөж байсан юм. Эдийн засгийн өсөлт нь өмнөх жилийнхээс ердөө нэг хувиар өссөн, залуучуудын дунд ажилгүйдэл газар авсан, цалин хөлс бага, амьжиргааны түвшин доогуур зэрэг нь нийслэл Тайпейг дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хот болгож байгаа бөгөөд сонгуулийн дүн ингэж гарахад нөлөөлсөн юм.

 

Сонгуулийн кампанит ажлын үеэр өчүүхэн гэлтгүй жижиг асуудлыг ч анхаарлын хажуугаар өнгөрүүлээгүй нь профессор Цайд ялалт авчирсан гэж болно. Тайпей хотын чинээлэг айлд төрсөн Цай Корнеллийн их сургуульд мастерын зэрэг горилж, Лондоны эдийн засгийн сургуульд докторын зэрэг хамгаалахаас өмнө Тайваньд хуулийн сургууль төгсчээ.

 

Цай Ин-венгийн хөдөлмөрч гэдгийг нөхөд нь сайн мэднэ. Харин намын нөхөд нь түүний даруухан төрхийг нийгмийн сүлжээгээр олонд таниулах гэж шаргуу ажилласан. Үүний үр дүнд Цай Ин-вен одоо хятад хэлтнүүдийн дунд хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг болоод байна.

 

Тайванийн шинэ ерөнхийлөгчийн эхний алхам юу байх бол гэж олон нийт хүлээж байгаа нь гарцаагүй. “Цай Ин-вен хэлж, хийж буй зүйлдээ маш хянуур хандах ёстой. Гэхдээ одоогийн нөхцөл байдалд түүний эхний алхам нь Тайвань биш, Хятад, Тайванийн худалдааны тэнцвэрийг хадгалах, Хятадтай харилцах харилцааг нэг шатаар ахиулах байх болов уу” гэж Их Британи дахь Тайвань судлалын хөтөлбөрийн удирдагч профессор Стив Цанг ярьжээ.

 

Тайванийн экспортын 25 хувийг Хятад эзэлдэг бол 13 хувийг Хятадын өөртөө засах улс Хонконг эзэлж байна. Дээр нь Тайвань өнгөрсөн жил хүлээж авсан 10 сая гаруй жуулчны тэн хагас нь эх газрын Хятадаас очсон билээ.

 

Ардчилсан дэвшилт нам Тайванийн хууль тогтоох байгууллагад олонхи болж, Гоминдан нам анх удаа гол гол институтэд суудлаа алдсан нь Цай Ин-венд асар их боломж авчирч байгаа юм.

 

Бүрэн эрхийнхээ хугацаанд Цай Тайванийг тусгаар улс болгохын төлөөх асар хүнд дарамт, шахалттай учрах нь тодорхой. Гэвч Тайванийн тусгаар тогтнолын төлөөх илүү хөдөлгөөн Бээжингийн зүгээс цэргийн хариу арга хэмжээтэй тулгарах аюултай.

 

Цай Ин-вен сонгуульд ялалт байгуулсны дараа хэвлэлийн хурал дээр “Тайванийн ард иргэдийн эрх ашгийн төлөө, Тайвань арал дээр энхтайван, тогтвортой байдлыг цаашид ч сахина” хэмээн хэлсэн байна.

 

Хятад хэлтнүүдийн газар Тайваньчууд анх удаа ардчилсан сонголт хийж, ерөнхийлөгчөөр ардчиллын лидер эмэгтэйг сонгосон нь энэ юм. Цай Ин-венг ард түмний бүтээсэн удирдагч гэж Тайваньчууд итгэж байна.

 

Н.ЭНХ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна